Сурсан мэдсэн бүх зүйлээ алба хаагч нартайгаа хуваалцахад бэлэн байна

A- A A+

Онцгой байдлын байгууллагыг ихэнх хүмүүс гал сөнөөгчөөр төсөөлөн хардаг. Гэвч тэр албан хаагчид маань айл гэрийн тэргүүн, эзэгтэй, аав ээжийн амин эрдэнэ, амраг садангийн хайрт залуу гээд урлаг, спорт, уулыг хамгаалж, тэнгэр дүүлж тэнгист шумбах олон авъяас, чадвартай, ажил албатайгаа хослуулан өөрийгөө дайчилдаг бахархам залуус олон бий. Тэдний нэг нь Дархан-Уул аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн салаан захирагчийн туслах буюу бага дарга, ахлах ахлагч Баясгалангийн Амартүвшин. Багаасаа урлаг, спортоор сурч, хүмүүжсэн түүнийг бид ахлагч бүрэлдэхүүний нэгэн тод дүр гэж хэлнэ. Удирдлагаас өгсөн ажил, үүргийг илүү боловсор, илүү суралц хэмээн өгсөн “итгэл” хэмээн хүлээн авдаг түүний хувьд мөр зэрэгцэн алхаж буй “ахлагч бүрэлдэхүүн”-ийг Онцгой байгууллагын цөм буюу нум-сумтай зүйрлэбэл “сум” нь хэмээн онцолсон юм.

Дархан-Уул аймгийн Шарын гол суманд 1988 онд төрж, өссөн. Ам бүл 4. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр маань санхүүгийн байгууллагад зээлийн ажилтнаар ажилладаг. Хүү минь дунд ангид сурдаг. Охин цэцэрлэгт. Их цомхон гэр бүл гэх үү дээ. Би айлын ганц хүү. Аав маань бурхан болсон ч ааваасаа хойш “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг үгийг эрхэмлэж амьдралдаа мөрдлөг болгож байна. Аав маань Өндгөө овогтой Баясгалан гэж Дархан-Уул аймгийн Цагдаагийн байгууллагад 25 жил ажиллаад гавьяаны амралтандаа суусан байдаг юм. Ажиллаж байх хугацаандаа ганц хүүдээ мэргэжлээ өвлүүлэх сонирхолтой байсан. Би аавын ажлыг багаасаа л мэддэг, түүгээр ч барам дургүйгээ илэрхийлдэг байв. Энэ нь гэр бүлдээ гаргах цаг зав хомс, дандаа л ажлаа тэргүүнд тавьдагтай нь холбоотой байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам миний бодол өөрчлөгдөж, “завгүй” ааваараа бахархдаг, хүндэлдэг, хайрладаг болж хувирсан. Ингээд л бахархал болсон аавынхаа залгамж халааг авч, албаа сонгоод иргэдийн аюулгүй амьдралын төлөө өөрөө завгүй аав болж хувирсан даа. 

Өөрийгөө би эрс, тэс хоёр өөр салбарт хос мэргэжил эзэмшсэн гэж боддог. Миний мэргэжил Төрийн захиргааны эрх зүйч. Харин нөгөө мэргэжил маань хөгжимчин. Тухайн үед Улаанбаатар хотоос Хөгжим бүжгийн коллежийн элсэлт Дархан-Уул аймагт авлаа. Аймгаасаа тэнцсэн гурван хүүхдийн нэг нь би. Ингээд 10 жилийн сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч байхаасаа Хөгжим бүжгийн коллежид Цэргийн үлээвэр хөгжимчин /Валторна/-өөр 1998-2002 онд суралцан төгссөн. Дараа нь 2003-2005 онд Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийг дүүргэсэн юм. Сургуулиа төгсөөд Дуурь бүжгийн академик театр буюу одоогийн эрдмийн театрт ажиллаж байсан. Духовны оркестрийн Валторнист байлаа. Сурсан бүхэн эрдэм гэдэг шүү дээ. Хөгжим бүжгийн коллеж намайг урлагийг ойлгодог хүн болгон төлөвшүүлсэн. “Ялалтын марш” тоглоход ялсан мэдрэмж гэх мэт ямар үед тоглохоос хамаарч өөр, өөр мэдрэмжийг авч байдаг. Надад хамгийн их тайвшралыг авчирдаг хэрэгсэл бол хөгжим. Манай алба хос тангарагтай төрийн цэргийн байгууллага бөгөөд туг залах аливаа нэгдсэн ажиллагаанд үлээвэр хөгжмийн салаатай болох юмсан гэдэг бодол тээж явдаг юм. Хөгжмийн салааны үлээвэр хөгжим байхад би сурсан мэдсэн бүх зүйлээ алба хаагч нартайгаа хуваалцахад бэлэн байна.

2009-2013 онд амьдралдаа эрс өөрчлөлтийг хийж Батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн командын тэнхимийг Төрийн захиргааны удирдлагаар төгссөн. Цэрэг, хүчний хүн болох гараа эхэлсэн дээ. Анх 2010 онд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангид аврагч, гал сөнөөгчөөр ажилд орж байлаа. Өөрөөр хэлбэл суралцаж байх хугацаандаа ажлын гараагаа эхлүүлсэн. Гэхдээ би аль нэгийг нь орхигдуулахгүйгээр сургуулиа төгсөж, ажлаа ч хийж байсан. Тэр цагаас хойш 14 жил өнгөрчээ. 2014 онд Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Дархан сум дахь Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангид Аврагч-гал сөнөөгч, 2017 онд ОХУ-ын Улаан-Үүд хотод мэргэшсэн аврагчийн курст суралцаж ирээд 2018 онд Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангид салааны захирагчийн албан үүргийг, түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад 2021 оноос Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Дархан сум дахь Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангид салааны захирагчийн туслахын үүргийг гүйцэтгэж байна. Ажлынхаа хажуугаар мэдлэг, мэргэжилээ дээшлүүлэх зорилгоор Дотоод хэргийн их сургууль Онцгой байдлын сургуульд 2022 оноос “Гамшиг судлал”-аар суралцаж байна.

Саяхан “Ахлагч бүрэлдэхүүний гэр, бүл нийгмийн хамгааллын тулгамдсан асуудал ба шийдэл” сэдэвт илтгэл бичиж байхдаа ахлагч бүрэлдэхүүнээс судалгаа авахад хоёр асуудал сэтгэл эмзэглүүлсэн. Нэгдүгээрт манай газрын хэмжээнд алба хаагчдын 48.6% нь түрээсийн орон сууцанд, түрээсийн хашаа байшин 9.5% нь, аав ээжийнхээ байр, банкны зээл гэх мэт шалтгаан 41.9%-тай байсан. Хоёрдугаарт алба хаагчид зарим тохиолдолд олон хоног үүрэг гүйцэтгэх нь элбэг. Гэр бүл ард үлдэж тэдэнд тавих анхаарал сулрах хүндрэлийн талаар олон зүйл хэлж, ярилцаж байхад нэг алба хаагч маань 2017 оны Сэлэнгэ аймгийн “Шоргоолзын гол” гэх газар ой хээрийн түймэрт явсан хойно хүүхэд нь харгалзах хүнгүйн улмаас усанд осолдсон гэх сэтгэл эмзэглүүлсэн хариултыг авсан. Энэ жишээнээс харахад тангараг өргөсөн цэргийн албан хаагчдын гэр бүл, нийгмийн хамгааллын асуудалд “онцгой шийдэл” чухал байгаа нь харагдаж байсан. Ахлагч бүрэлдэхүүнийг энэ байгууллагын цөм гэдэг. Онцгой байдлын байгууллагыг “НУМ СУМ”-тай зүйрлэвэл ахлагч бүрэлдэхүүн “СУМ” нь гэж боддог. Ажил хөдөлмөрийн хувьд аюулт үзэгдэл, ослын дуудлагаар голомтын бүс рүү ард иргэд, амьд байгаль, эд хөрөнгийг авран хамгаалах, аюулыг сөнөөх гэж ордог ахлагч бүрэлдэхүүндээ хайртай.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Есөн аймгийн 72 сумын 2000 малчин эмэгтэйд хүмүүнлэгийн тусламжийг хүргэлээ

НҮБ-ын Онцгой байдлын нэгдсэн сангийн дэмжлэгтэйгээр олгосон хүмүүнлэгийн тусламж өнгөрсөн нэгдүгээр сараас эхэлсэн бөгөөд УИХ-ын 2024 оны ээлжит сонгуультай холбоотойгоор түр хойшилж, улмаар энэ сарын 01-07-ны өдрүүдэд ажлын хэсгүүд орон нутагт ажиллалаа.

“Шөнийн парад”-ын бэлтгэл амжилттай явагдлаа

Түүх сөхөх аваас, Цэргийн ёслолын жагсаал нь тухайн улс орны эрх чөлөө, тусгаар тогтнол, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын нэр төр, жавхаа хийморийн бэлгэдэл бөгөөд тэдгээр байгууллагуудын хамтын ажиллагааг илтгэн харуулдаг юм.

Уур амьсгалын өөрчлөлт дэлхий дахинд хэрхэн нөлөөлж байна вэ?

Уур амьсгалын шударга ёсны төлөөх феминист үйл ажиллагааны "Үеийн тэгш эрхийн үйл ажиллагааны эвсэл"-ээс байгаль орчны санхүүжилтийн ердөө 3% нь охид, эмэгтэйчүүдийн байгаль орчны идэвхийг дэмждэг байна.