Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур өдөртөө Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эхээр +15...+20 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчимоор +20...+25 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун болон өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар +31...+36 градус, бусад нутгаар +26...+31 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +15...+17 градус, өдөртөө +28...+30 градус дулаан байна.

Гал түймэр:

- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 16 дугаар хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 07.02-ны өдрийн 14:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 14:57 цагт очиход 2х3 метрийн хэмжээтэй гадна хогийн цэгт хог шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

- Өмнөговь аймаг, Цогтцэций сум. Цагаан-Овоо багийн “Зүүн цанги” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 128 км, сумын төвөөс баруун зүгт 28 км/-т 07.02-ны өдрийн 08:45 цагийн орчим автомашины урд 2 дугуй шатсан тухай мэдээллийг 07.02-ны өдрийн 18:05 цагт хүлээн авсан. “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн Гал унтраах нэгжийн ажилтанууд, 1 автомашинтай очиж  “North Hauler NTE240-DC” загварын тусгай зориулалтын автомашины урд 2 дугуй шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус компанийн галын техникч аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

- Баян-Өлгий аймаг, Өлгий сум. Их булан багийн Цахилгаан шугам сүлжээний газрын хажуугийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.02-ны өдрийн 08:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 08:28 цагт очиход иргэн Ж-ийн 13х12 метрийн хэмжээтэй байшингийн тааз хэсэгт гал гарч байсныг 6 минут ажиллаж унтраасан.

- Дорнод аймаг, Дашбалбар сум. Улз баг /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 207 км, сумын төв/-т хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн мэдээллийг 07.02-ны өдрийн 12:48 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтанууд, орон нутгийн иргэдтэй хамтран 12:50 цагт очиход иргэн Д-ийн 15х15 метрийн хэмжээтэй хүнсний дэлгүүр шатаж байсныг 3 цаг 11 минут ажиллаж унтраасан тухай мэдээллийг сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. 

- Хэнтий аймаг, Хэрлэн сум. Баянмөнх 3 дугаар багийн зоогийн газрын хашаанд байшин, хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 07.02-ны өдрийн 15:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 0.7 км замыг туулан 15:20 цагт очиход иргэн Г-ын зоогийн газрын хашаанд 4х3 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, 2х4 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 6 минут ажиллаж унтраасан.

- Хэнтий аймаг, Хэрлэн сум. Сариг 5 дугаар багийн Тариаланчдын 17Б гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.03-ны өдрийн 00:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид  3.5 км замыг туулан 00:12 цагт очиход иргэн Б-ын 4 ханатай гэр бүрэн шатаж байсныг 11 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Б/31 настай, эрэгтэй/ биеийн байдал хүнд, 3 дугаар зэргийн түлэгдэлтэй аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж, мөн бага насны хүүхэд Г/2 настай, эмэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг аймгийн Шүүх шинжилгээний албанд шилжүүлэн өгсөн.

- Увс аймаг, Улаангом сум. 9 дүгээр багийн 4 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.03-ны өдрийн 00:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 00:53 цагт очиход иргэн Т-ын 5 ханатай гэр, эд хогшлын хамт бүрэн шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан.

Ойн түймэр: 

- Завхан аймаг, Баянтэс сум. Зайгал багийн “Хосын голын Ар хуш” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 420 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км, Тэс сумын төвөөс зүүн хойд зүгт 140 км/-т ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 07.02-ны өдрийн 12:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид, Хилийн цэргийн 0277 дугаар ангийн алба хаагчидтай хамтран 145 км замыг туулан 18:38 цагт очиж унтраах ажиллагааг зохион байгуулан 2 цаг 52 минут ажиллан 21:30 цагт ойн гал түймрийг бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 0.08 га орчим талбай өртөж шатсан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол. Усны осол:

- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 3 дугаар хорооны Дэлгэрэх хотхоны урд талд “Дунд гол”-ын гүүрэн доор голын усанд нас барсан хүн байна гэсэн дуудлагыг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс 07.02-ны өдрийн 10:30 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид  4.5 км замыг туулан 10:42 цагт очиход нэр, нас, хүйс тодорхойгүй цогцос голын дунд хэсэгт байсныг 5 минут ажиллан гаргаж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн.

- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 20 дугаар хорооны Сонсголонгийн гүүрний баруун талд "Туул" голын эрэг дагуу амарч явсан эмэгтэй бие засна гэж яваад сураггүй болсон гэсэн дуудлагыг 07.02-ны өдрийн 14:30 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид Баянзүрхийн товчооны гүүрнээс гарч 40 км замыг туулан 15:16 цагт очиж иргэн С/65 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 2 метрийн гүнтэй урсгал усанд шумбалт хийж, голын усаар завьтай зохион байгуулж анх алга болсон газраас 1 км зайд голын усанд живж нас барсан байдалтай голын салаанд гарч ирсэн байсныг 16:38 цагт цогцсыг олж гарган, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн.

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Сэлэнгэ, Эг, Зэлтгэр голын усны түвшин өмнөх өдрөөс 60-90 см нэмэгджээ

Маргааш буюу 7 дугаар сарын 25-нд Сэлэнгэ мөрөн Хялгант баг Зүүнбүрэн сум орчимд усны түвшин 40-55 см, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд 10 см тус тус нэмэгдэх хандлагатай байна.

Өнөөдөр Төв аймгийн зүүн хэсэг, Дорноговь аймгийн хойд, Хэнтий аймгийн нутгаар их хэмжээний бороо орно

Өнөөдөр буюу 7-р сарын 24-ний өдөр Төв аймгийн зүүн хэсэг, Дорноговь аймгийн хойд, Хэнтий аймгийн нутгаар их хэмжээний бороо орно.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Дундговь аймаг, Сайнцагаан сум.Боржигон, Нарлаг багт 07.23-ны өдрийн 20:20-21:00 цагийн хооронд дуу цахилгаантай, аадар бороо орсны улмаас албан байгууллага, орон сууц, автомашин усанд автсан тухай дуудлагыг 20:32 цагт хүлээн авсан.