Өөрийн хичээл, зүтгэлээр бүхнийг чадахын төлөө эрмэлзэж, хичээдэг хүн бүрийн ялалтын буухиа бадамлаж, цаг хугацааны шалгуураар тодрон гэрэлтдэг жамтай. Зоригтой, шийдэмгий, дайчин, чадварлаг гээд түүнийг тодорхойлох “өнгө” олон. Инээмсэглэл тодруулан алба, амжилтынхаа тухай хүүрнэх түүнийг энэ удаагийн “Nematimes” булан онцоллоо. Тангараг өргөсөн хүн бүрийн мөрөөдөл болсон тэмцээн, уралдаануудад тогтмол амжилттай оролцож, өөрийн зорилгын төлөө өдөр бүр “тэмцэж”, ирээдүйн их амжилт өөд тэмүүлэх түүнийг Батбаярын Нямсүрэн гэдэг. Тэрбээр Хойд бүсийн төв-Орхон аймгийн Шуурхай удирдлага зарлан мэдээлэх тасагт дуудлага хүлээн авагчаар зургаа дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна.
-Би Говь-Алтай аймагт төрсөн. Айлын дунд хүүхэд. Намайг бага байхад манайх Орхон аймагт шилжин ирж, суурьшсан. Багадаа цэргийн хувцастай хүмүүсийг хараад цэргийн хүн болохыг мөрөөддөг байлаа. Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2018 онд найз маань зөвлөснөөр Онцгой байдлын албанд өргөдөл өгч, тэнцсэнээр мөрөөдлөө биелүүлсэн. Анхны дуудлагыг хүлээн авснаас хойш хэд хоног айдастай, түшгүүртэй явсанаа одоо ч мартдаггүй юм. Хөвсгөл аймгийн Мөрөн суманд айлын байшин шатаж, гурван хүүхэд нэрвэгдэж, нэг эмэгтэй, нэг настай хүүхэд түлэгдсэн байсан дуудлага л даа. Үүнээс хойш олон ч төрлийн дуудлагыг хүлээн авч, сандарсан, айсан гайхсан зэрэг өөр, өөр сэтгэл зүйтэй иргэдтэй харилцаж сурч байна. Хойд бүсийн Шуурхай удирдлага зарлан мэдээлэх тасаг нь өөрийн орон нутгаас гадна бүсийн хэмжээнд тохиолдсон бүх төрлийн гамшиг, ослын дуудлагыг хүлээн авдаг онцлогтой. Хаа явсан газраа болгоомжтой яваарай, аюулгүй байдлаа хангаарай гээд хүмүүст сэрэмжлүүлдэг. Миний ажлын онцлог болохоор тэр байх.
-Гэр бүлийнхнээсээ аливаад тууштай, хичээнгүй байхыг сурсан. Миний хувьд 2012 оноос хойш сагсан бөмбөгийн спортоор хичээллэж, 2017 онд спортын мастер цол хүртсэн. Мөн волейбол, бадминтоны спортоор хичээллэдэг. Сүүлийн хоёр жил практик буудлагын спортыг сонирхож байна. Онцгой байдлын албанд үүрэг гүйцэтгэснээс хойш Монгол Улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээнд хоёр удаа оролцож, 2024 онд анхны хүрэл медалиа хүртэж, өмнөх амжилтаа ахиуллаа. Анх удаагаа “Ахлагчийн жил”-ийн хүрээнд зохион байгуулагдсан “Шилдэг бүлэг” шалгаруулах тэмцээний “Шилдэг холбоочин”-оор шалгарсан. Мөн 2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит практик буудлагын тэмцээний ГСК хагас автомат төрөлд III байр, 2023 онд мөн тэмцээний карабины төрөлд амжилттай оролцсон. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит “Монгол цэрэг-2023” практик буудлагын тэмцээнд карабины опен ангилалд III байрыг эзэлж, 2021-2024 онуудад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын аварга шалгаруулах волейбол, сагсан бөмбөгийн тэмцээнээс Онцгой байдлын байгууллагын баг тамирчдын хамтаар хоёр алт, таван мөнгөн медалийг хүртэж, “Шилдэг холбон тоглогч”, “Ур чадварын аварга” болсон амжилтыг тус тус үзүүлсэн байна.
-Цаг барих бол миний баримталдаг хамгийн чухал зарчим. Ажил, бэлтгэл, тэмцээн гээд бүх зүйлд цаг хугацаа хамгийн үнэтэй. Аливаа уралдаан, тэмцээнд оролцохын тулд бэлтгэлийг маш сайн хийдэг. Би чадна, өөр хэн чадах юм гэсэн сэтгэлзүйтэйгээр өөрийгөө зоригжуулдаг. Ажлын бус цагаар спортоор хичээллэж, өмнөх алдаагаа засаж, илүү сайн чадвараа тодруулахын төлөө өдөр бүр л хичээж байна. Чөлөөт цаг гарвал гэр бүл, найз нөхөдтэйгөө цагийг хөгжилтэй өнгөрүүлэх дуртай. Бүх зүйлд дэмжиж, миний хамгийн том туслагч байдаг гэр бүлийнхэндээ маш их баярлалаа гэж хэлмээр байна.
-Онцгой байдлын алба бол миний бахархал. Энэ сайхан албаны нэг хэсэг болж яваа минь миний хамгийн том амжилт гэж боддог. Албаныхаа хувцсаар гангарах дуртай. Цэргийн алба хаагч үнэнч шударга зорьсон зорилгынхоо төлөө тууштай тэмцдэг байгаасай гэж хүсдэг. Өөрөө тийм байхын төлөө өдөр бүр хичээж байгаа. Мөрөөдлийг минь биелүүлэх гүүр болж, амжилтын эхлэлийг цогцлоож, өнөөдрийг хүртэл надад итгэж, намайг хурцалсан Онцгой байдлын байгууллагынхаа удирдлага, хамт олондоо маш их баярлалаа. Өөрийнхөө чадах бүхнээр энэ сайхан бахархлыг хариулах болно.
2024/06/11Шинэ мэдээ
Энэ жилийн тэмцээнийг Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс зохион байгуулсан бөгөөд дартс, ширээний теннис, шатар, сагс, гар бөмбөг гэсэн таван төрлөөр аваргуудаа шалгаруулсан байна.
2024/06/11Шинэ мэдээ
Тус ээлжинд Онцгой байдлын байгууллагаас 11 алба хаагч үүрэг гүйцэтгээд ирсэн юм.
2024/06/11Шинэ мэдээ
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Б.Мягмардоржоор ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн Онгой комисс болон 11 алба, 24 мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулсан юм.