Бодол хүрсэн газар бие хүрдэг гэлцдэг. Хүүхэд байхын л хаана хүрэх, хэн болохоо бодолдоо зурчихсан тэрээр чемоданаа бариад 18 насандаа эцгийн гэрээс гарсан юм. Очих газар нь Дотоод хэргийн их сургууль.
Тэр Онцгойгийн хүн болох ёстой.
Төлөвлөсөн. Бэлдсэн. Бас чадсан.
Түүнийг ЭНХБАТЫН АМГАЛАН гэдэг. ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын, гадаад хамтын ажиллагааны хэлтсийн, гадаад хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн. Хошууч цолтой. Nematimes булангийн өнөөдрийн зочин.
-Намайг Э.Амгалан гэдэг. Дорнод аймгийн Чойбалсан хотод төрж, өссөн. Аав Дорнод аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангид ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Онцгойгийн ажил, амьдралыг багаасаа мэддэг байсан болохоор дунд сургууль төгсөх сүүлийн хоёр жил нь бэлдэж байгаад тэр үеийн Цагдаагийн академийн Онцгой байдлын албаны тэнхмийг онцгой байдлын ажил, эрх зүйч мэргэжлээр төгссөн. Төгсөөд Баянзүрх дүүргийн гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн салааны захирагчаар томилогдон анхны ажлын гараагаа эхэлж байлаа.
-Салааны захирагчаар 2.5 жил ажиллаад нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтэст мэргэжилтэн, ОБЕГ-ын гал түймэртэй тэмцэх газарт мэргэжилтнээр томилогдов. Ажиллах хугацаандаа гамшиг судлалын чиглэлээр магистр хамгаалсан. 2019 оноос Польш улсын Цэргийн урлагийн академид гурван жил суралцаж төгсөөд 2022 онд эргэж ирснээс хойш энэ албан тушаалд ажиллаж байна.
-Цэргийн урлаг гэдгийг ерөнхийдөө байлдааны ажиллагаанд бэлдэх, түүнийг явуулах онол практик гэж тодорхойлдог. Цэргийн нарийн мэргэжлийн шинжлэх ухаан ч гэдэг. Тактик, операци, стратеги гэсэн түвшинтэй. Тэгэхээр Цэргийн Урлагийн академи цэргийн мэргэжлийн олон түвшинд төлөвлөлт, гүйцэтгэлийн чиглэлээр сургадаг. Яагаад улс орон өөрийн гэсэн армитай байх, тэдгээрийг байнга сургаж, бэлэн байдлыг хангуулах шаардлагатайг олон аргаар толгойд суулгаж өгдөг. Өөрөөр хэлбэл эх оронч, эх орноороо бахархал үзлийг төлөвшүүлж, мэргэжлийн цэргийг бэлтгэдэг.
-Эхнэр гурван хүүхэдтэй. Эхнэртэйгээ оюутан байхдаа танилцаж гэр бүл болсон. Хүүхдүүд 11, 9, 3 настай. Бага хүү Польшийн Варшав хотод төрсөн. Аав, ээж маань Дорнод аймгийн харьяат. Польшид суралцах алба хаагч гэр бүлтэй бол гэр бүлийн хамт явдаг нь давуу тал болдог. Тиймээс Польшийн Цэргийн урлагийн академид суралцаж ирсэн нь манай гэр бүлийн хувьд үнэхээр бахархууштай, дурсамж дүүрэн он жилүүд байсан. Хүүхдүүд польш хэлийг маш сайн сурсан. Бүр надаас илүү сурч, одоо ч мартаагүй найзуудтайгаа интернэтээр байнга холбогдоод байгаа. Заримдаа шөнө зүүдлээд польшоор яриад байна лээ.
-Польш Улс батлан хамгаалах, аюулгүй байдлын салбартаа маш их хөрөнгө оруулдаг ба энэ салбарын хөгжил маш хурдацтай явагдаж байгаа орон. Онцгой байдлын байгууллагадаа хөрвүүлэн нутагшуулах маш олон туршлага тэндээс олж харахын зэрэгцээ Зэвсэгт хүчин, Онцгой байдал хоорондын хамтын ажиллагааны боломжийн талаар судаллаа. Түүнээс гадна олон орны офицерүүдтэй мөр зэрэгцэн суралцсан нь тэднээс мэргэжлийн болон орон орны соёлоос нэг дор суралцах завшаан болсон. Цаг барих, хариуцлагатай байх, бусдыг хүндэтгэх зэрэг өдөр тутмын энгийн олон соёлд давхар суралцаад ирсэн. 1000 сонсохоор нэг үз гэдэг шүү дээ. Тиймээс манай алба хаагчид ч боломжоороо өндөр хөгжилтэй, гаднын оронд очиж суралцаасай гэж боддог болсон. Тэнд үзэж харснаа энд ирээд арай бүтээлчээр хэрэгжүүлдэг юм байна.
-Польшийн Цэргийн урлагийн академид суралцах шаардлага нь энгийн. Цэргийн сургууль төгссөн. Тухайн чиглэлийн сургалтын албан тушаалын цолны зэргийг хангах, англи хэлний мэдлэгтэй байхад болно. Миний анзаарснаар, тус улсад гал түймэр гэхээс хэдэн зуун жилийн настай ургаа мод унах, ахуйн хийн алдагдал, үйлдвэрлэлийн ослын дуудлага зонхилдог. Гал түймрээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах тогтолцоо нь маш сайн хөгжсөн. Албан байгууллага, айл өрхүүд утаа мэдрэгч, гал унтраагууртай учир галыг дөнгөж үүсвэрлэн гарч байх үед нь унтраачихдаг. Иргэн бүр нь ийм арга дадлыг эзэмшсэн байдаг. Манайд ч аюул ослоос урьдчилан сэргийлэх чиглэлд мэргэжлийн байгууллагаас гадна иргэдийн оролцоо чухал байна.
2024/04/10Шинэ мэдээ
Энэ жилийн тэмцээнийг Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс зохион байгуулсан бөгөөд дартс, ширээний теннис, шатар, сагс, гар бөмбөг гэсэн таван төрлөөр аваргуудаа шалгаруулсан байна.
2024/04/10Шинэ мэдээ
Тус ээлжинд Онцгой байдлын байгууллагаас 11 алба хаагч үүрэг гүйцэтгээд ирсэн юм.
2024/04/10Шинэ мэдээ
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Б.Мягмардоржоор ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн Онгой комисс болон 11 алба, 24 мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулсан юм.