Ажиллах хугацаандаа 125 хүний амь насыг аварсан эрэлч нохой ЧЕНЖИ

A- A A+

Онцгой байдлын байгууллагад алба хаах хугацаандаа 125 хүний амь насыг аварсан эрэлч нохой ЧЕНЖИ-г #Nematimes энэ дугаартаа онцлов.

Ченжи, герман хоньч үүлдрийн, хар халтар зүстэй, эм нохой. Нохой хөтлөгч, ахлах ахлагч Б.Дэлгэрсайханы хамт 2018 онд эрэлч нохойн албаны сургалтыг дүүргээд нийслэлийн Аврах ангид томилогдон ажиллажээ. Онцгой энэ албанд таван жил зүтгэхдээ нийтдээ 125 хүний алтан амийг аварч, 97 буцалтгүй нэрвэгдэгч /цогцос/ илрүүлсэн аврагч.

Тэрээр нэг настай, хүнийг хөөн барьдаг цагдаагийн албаны нохой байхдаа ахлах ахлагч Б.Дэлгэрсайхантай “танилцаж” Онцгой байдлын албаны эрэлч нохой болж “мэргэжлээ” сольжээ. Анхандаа Ченжи дүрэмт хувцастай хүн рүү огт дайрахгүй хэрнээ энгийн иргэн, хонь мал руу дайрдаг араатанлаг зантай байж. Түүнийг нийгэмшүүлэх хүндрэлтэй байсан талаар хамтран зүтгэгч нь дурссан. Онцгойгийн эрэлч нохой эрэн хайх, аврах, эзэндээ мэдээлэл өгөх ёстой бол цагдаад арай өөр үүрэг гүйцэтгэж байснаас тэр биз.

Ченжи, 2019-2023 таван жилийн турш Туул голын дагуу үндсэн бүлгийн хамт завьт эргүүлийн үүргийг тасралгүй гүйцэтгэсэн. Ийнхүү үүрэг гүйцэтгэх явцдаа живж байсан 47 хүнийг, хамтрагчийн хамт аварч уснаас эсэн мэнд гаргажээ. Мөн 87 удаагийн усны ослын дуудлагаар ажиллахдаа 86 буцалтгүй нэрвэгдэгчийг олж илрүүлсэн. Түүний хамгийн баатарлаг ажиллагаа 2021 онд болов. Учир нь Ченжи урсгал усны дадлага сургуулилт хийх явцдаа Гачуурт орчмын Туул голд живж байсан долоодугаар ангийн сурагч хөвгүүний амь насыг бие даан аварсан билээ.

Нохой хүнтэй адил таван мэдрэхүйн эрхтэнтэй. Гэхдээ үнэрлэх, сонсох чадвар нь л гэхэд хүнээс хэд дахин өндөр. Албаны нохдыг 5-6 жил ажиллуулаад тэтгэвэрт гаргадаг. Үүнээс урт хугацаанд ажиллахаар стресстэх, үнэрлэх чадвар нь мууддаг юм байна. Тиймээс Ченжи сарын өмнө буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тэтгэвэрт гарч, одоогоор хөдөө амарч байгаа. Амрах ч эрх түүнд бий. Тэр албаа хаах явцдаа усны ослоос гадна нийслэлийн ногоон бүст төөрсөн гэх 65 дуудлагаар 72 хүнийг эсэн мэнд олж, сураггүй алга болсон найман буцалтгүй нэрвэгдэгсийг илрүүлсэн. Баянгол дүүрэгт 2022 онд барилгын суурь хэсэгт ажиллаж байхдаа шороонд дарагдсан дөрвөн хүний хоёрыг шороон хөрснөөс олжээ.

Өөрөөр хэлбэл Ченжи энэхүү албанд үүрэг гүйцэтгэхдээ нийт 490 удаагийн дуудлагаар ажилласан. Уснаас гадна аюулт үзэгдэл, ослын 154 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж 78 хүнийг гаргажээ. Мөн уснаас 47 нийт 125 хүний амь насыг авран хамгаалсан гавьяатан.

Ченжи, Б.Дэлгэрсайханы сургасан анхны нохой. Өнгөрсөн хугацаанд тэд хамтран зүтгэгч, анд нөхөд болцгоосон. Ченжи номхон дөлгөөн зантай. Ус, ой мод, нурангийн ослын үед ажиллахдаа илүү чадварлаг. Уяулах дургүй. Сул, өөрийнхөөрөө байхдаа сэргэлэн цовоо байдаг. Хөтлөгч эзэндээ түшигтэй, үнэнч сайн нөхөр нь байж чадсан. Тэтгэвэртээ гарсан ч тэд одоо хамт үлдсэн. Ихэнх нохой эзэнтэйгээ санал нийлэхгүй үедээ ульж, эвшээдэг бол Ченжи дургүйг нь хүргэвэл шууд хаяад явчихдаг. Тайвширсан үедээ юу ч болоогүй юм шиг эргээд уулздаг хоёр. Удаан хугацаанд хол байгаад уулзах үедээ учиргүй сүйд болж ирснээ ганц цоройчихоод явчихдаг “их зант”.

Найз хоёрын хамгийн анхны аврах ажиллагаа Ховдод болжээ. Амиа егүүтгэх гэж өндөр хадны оройд гараад байсан эмэгтэйг тэрээр илрүүлснээр аварч чадсан байдаг. Нохойны тухай, хүний үнэнч нөхөр болох тухай, эзнээ аварсан талаар баримт нотолгооноос эхлээд үлгэр домог, кино ном зохиол олон. Тэдгээрийн гол дүрүүдийн нэг нь яахын аргагүй Ченжи мөн.

ЧEНЖИ ЧАМД БАЯРЛАЛАА

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Баяр наадмын өдрүүдэд жилд дунджаар 17 хүн усны ослоор амь насаа алдаж байна

Өнөөдөр буюу 07.15-ны өдрийн байдлаар усны осолд өртсөн хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Баяр наадмын өдрүүдэд 5620 алба хаагч үүрэг гүйцэтгэв

Түүнчлэн алба хаагчид гол, нуур, цөөрмийн дагуу амарч буй 63,159 иргэнд үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааны материал, брошур тарааж, зөвлөмж, мэдээ мэдээллээр ханган ажиллав.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Мэдээллийн дагуу малчин Б-ынд 18:34 цагт очиж, тухайн хүүхдийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.