“Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон баталлаа

A- A A+

     УИХ-ын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.01.11) хуралдаанаар “Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, баталлаа.

  Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин тус тус танилцуулсан юм.

        Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд 2019 онд байгуулсан “Санхүүгийн хэлэлцээр”-ийн хүрээнд “Онцгой байдлын байгууллагад Агаараас эрэн хайх, аврах анги байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд 42 гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлсэн бөгөөд 2023 оны 12 дугаар сарын байдлаар 2343 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 1699 хүний амь нас, аюулгүй байдлыг хангаж, 357.8 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна. Засгийн газраас энэ төслийн хэрэгцээ шаардлага, ач холбогдлыг харгалзан дараагийн шатны төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, гэрээ байгуулах санал, гэрээний төслийг урьдчилан УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, зөвшилцсөн.

      Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр “Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх Санхүүгийн хэлэлцээрт Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан, Бүгд Найрамдах Франц Улсын Жижиг, дунд үйлдвэр, худалдаа, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн сайд Оливия Грегуар нар 2023 оны 10 дугаар сарын 13-нд Парис хотноо гарын үсэг зурсан. Энэ хэлэлцээрийн дагуу жилийн 0.282 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай, 13.3 сая евротой тэнцэх хэмжээний нэн хөнгөлөлттэй зээл авна хэмээн Шадар сайд танилцууллаа.

    Төслийн хоёрдугаар шатыг хэрэгжүүлснээр хэт хүйтний болон давчуу орчин нөхцөлд ажиллах чадвартай хөөсөөр гал түймэр унтраах болон 32, 42 метр хүртэлх өндөрт ажиллах 18 нэгж гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх юм. Эдгээр автомашинуудыг хүлээн авснаар Онцгой байдлын байгууллагад ашиглаж байгаа гал түймэр унтраах автомашин, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал нэмэгдэж, ялангуяа газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулах, шатахуун түгээх станц, томоохон хэмжээний худалдааны төвд гарсан гал түймрийг түргэн шуурхай унтраах чадавх сайжирна.

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гал түймрийг бүрэн унтраалаа

Алба хаагчдыг очиход 4 давхар 70Х80метр хэмжээтэй барилгад гал түймэр гарч, барилгын 4 талын фасад шатлагад өртсөн, тархалт ихтэй байсан бөгөөд гал түймрийн тархалтыг 12:25 цагт зогсоож, 14:22 цагт бүрэн унтраалаа.

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан эхэллээ

Гамшгаас урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэгтэйгээр байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2025 оны ээлжит хуралдаан “Их жанжин Д.Сүхбаатарын танхим”-д эхэллээ.

Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг зохион байгуулж байна

Тус үзлэг нь Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ батлагдснаас хойш хийж байгаа анхных бөгөөд төрийн байгууллагын үйл ажиллагааны хэрэгжилтийн түвшинг үнэлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний зорилт чиглэлийг тодорхойлох зорилготой юм.