Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хотод 1 мм, Булган аймгийн 5 суманд 12 мм, Дорнод аймгийн 8 суманд 2 мм, Завхан аймгийн 8 суманд 3 мм, Өвөрхангай аймгийн 3 суманд 0.5 мм, Төв аймгийн 2 суманд 1 мм, Увс аймгийн 2 суманд 1 мм, Ховд аймгийн 2 суманд 0.1 мм, Хөвсгөл аймгийн 2 суманд 3 мм, Хэнтий аймгийн 13 суманд 0.3 мм цас орж, зарим сумдад 10-14 м/сек хүчтэй цасан шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, шөнөдөө Алтайн уулархаг нутаг, Арц-Богдын өвөр хоолойгоор, өдөртөө говь, талын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, голын хөндийгөөр -19...-24 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -14...-19 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +1...-4 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -4...-9 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасаж, цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 8-13 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -25...-27 градус, бусад хэсгээр -20...-22 градус, өдөртөө хүйтэрч -15...-17 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 26, 27-нд Хөвсгөл, Хэнтийн уулсаар, 28-нд нутгийн зарим газраар, 03-р сарын 01-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолой, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -22...-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -16...-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө 0...-5 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -6...-11 градус, бусад нутгаар шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна.

Гал түймэр:

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.24-ний өдрийн 09:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймаг, Хүдэр сум 2 дугаар багийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.24-ний өдрийн 16:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход 24х12 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 1 дүгээр давхрын 12 м.кв хэмжээтэй хана шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймаг, Тосонцэнгэл сум Цэнгэл багийн Баян-Улаан хорооллын 9 дүгээр гудамжинд /аймгийн төвөөс зүүн урд зүгт 65 км, сумын төв/ байшин шатааж хажуу айлын хашаа руу орж байна гэсэн дуудлагыг 02.24-ний өдрийн 20:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн У-ийн 8x8 метрийн хэмжээтэй байшин, “Toyota Prius-20” загварын суудлын автомашин, иргэн Ш-ийн 4x3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Архангай аймаг, Эрдэнэбулган Цагаан багийн “Цагаан даваа” хорооллын 26 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.24-ний өдрийн 22:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 51 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшингийн тааз, цонх, эд зүйлс шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол: 

- Автозамын тээврийн осол: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 20 дугаар хороо автомашинд хүн хавчуулагдсан гэсэн дуудлагыг 02.25-ны өдрийн 03:44 цагт хүлээн авсан.  Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б /42 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/  “Toyato Aqua” загварын суудлын автомашинтай автозамын хажуу тал руу онхолдож автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг ажиллаж эсэн мэнд гаргаж, Нийслэлийн түргэн тусламж төвийн эмч, хэргийн газрыг Тээврийн цагдаагийн албаны байцаагчид тус тус хүлээлгэж өгсөн.

Цас шаварт суусан: Завхан аймаг, Сонгино сум Шар нуруу багийн “Цагаан дөрөлж” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт зүгт 275 км, сумын төвөөс урд зүгт 37 км/ Суудлын 3 автомашин цасанд сууж, шатахуунгүй болсон тухай дуудлагыг 02.24-ний өдрийн 15:30 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын  “Toyota Land Criuser-80” загварын 3 зорчигчтой суудлын автомашин, иргэн Б-ийн “Mitsubishi Оuthlander” загварын 3 зорчигчтой суудлын автомашин тус тус цасанд суусан байсныг ажиллаж татан гаргасан.

Төв аймаг, Батсүмбэр сум 4 дүгээр багийн “Бургалтай” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 160 км, сумын төвөөс баруун урд зүгт 40 км/  суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.25-ны өдрийн 01:42 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Батсүмбэр сум дахь 84 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн  “Toyota Allion” загварын 3 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан байсныг  ажиллаж татан гаргасан.

Хэнтий аймаг, Жаргалтхаан сум 3 дугаар багийн “Тавангийн-Энгэр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 150 км, сумын төвөөс баруун зүгт 40 км/ суудлын автомашин цасанд сууж, хөдөлгөөн үйлдэх боломжгүй болсон тухай дуудлага 02.25-ны өдрийн 05:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн  “Daihatsu Hijet” загварын бага оврын ачааны автомашин цасанд суусан байсныг ажиллаж татан гаргасан. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр аюулгүй байдлын ухааны докторын зэрэг хамгааллаа

Энэхүү судалгааны ажил нь химийн аюулгүй байдлыг хангах нь улс орны дотоод аюулгүй байдлыг хангах нэг бүрэлдэхүүн болохыг тодорхойлж,  түүний аюулгүй байдлыг хангахад нөлөөлөх хүчин зүйл, үүрэг оролцоог нарийвчлан судалж, химийн аюулгүй байдал болон химийн аюулгүй байдлын онолын тодорхойлолтуудыг боловсруулж дэвшүүлсэн гэдгээрээ онолын ач холбогдолтой юм. 

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна

Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд болон томоохон голуудын мөсний зузаан өөрчлөлт багатай байгаа бол жижиг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн хэвээр байна.