Монголын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян мэндчилгээ дэвшүүллээ. Монгол түмний уламжлалт зан заншил, соёлын түүх болсон цагаан сарын баяр, билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жил айлчилж байна. Онцгой байдлын байгууллагад ажиллаж байсан үе, үеийн удирдлага, ахмадууд, одоо ажиллаж байгаа нийт алба хаагчиддаа болон та бүхний гэр бүлд билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье! Онцгой байдлын байгууллагын алба хаагчид улиран одож буй “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилдээ 4425 хүний амь нас, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын 460 орчим тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн байна.
Мөн Онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь, техник, тоног төхөөрөмжийн хангалтыг 57 хувьд хүргэж, алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, эрх зүйн орчныг шинэчлэхэд дэвшил гаргасан, ололт амжилт дүүрэн жил байлаа. Монголын түүхийн цагалбарт морь жил агуу хаад мэндэлж, мэргэн удирдагчид хаан ширээнд заларч, ялалтын уухай буухиалсан олон сайхан түүхэн үйл явдлууд тэмдэглэгдэн үлдсэн нь бий. Онцгой байдлын байгууллагын хувьд ч угтан ирж буй гал морин жилдээ дэвшүүлсэн зорилго, зорилтуудаа хэрэгжүүлж, амжилт бүтээлээр арвин жил болно хэмээн бэлгэшээж байна. Та бидний санасан бүхэн сэтгэлчлэн бүтэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхны дээдээр бялхахын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА,
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Г.АРИУНБУЯН

2026/02/17
Шинэ мэдээМонгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 2026 оны 02 дугаар сарын 17-ний өдрөөс 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллалаа.
2026/02/17
Шинэ мэдээДуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 20 иргэний амь насыг авран хамгааллаа.
2026/02/17
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ