Ж.Батсайхан: Онцгой байдлын алба бол багийн ажиллагаа, хамтын хүч, эр зоригийн итгэл дээр тогтдог

A- A A+

Өнгөрсөн оны ололт, амжилтаа дүгнэж, алдаа, оноогоо дэнсэлсэн шинэ онтойгоо учран золгоод удаагүй байна. Энэ үетэй зэрэгцэн Онцгой байдлын байгууллагын өнгөрсөн 2025 оны шилдэг алба хаагчдын төлөөлөл Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын шуурхай албаны автомашины жолооч, ахлах ахлагч Жаргайн Батсайханыг nematimes булан онцолж байна. Тэрээр Онцгой байдлын байгууллагын 2025 оны “Шилдэг жолооч”-оор шалгарсан юм.

-Миний бие Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрж, өссөн. Долоон хүүхэдтэй айлын тав дахь нь. Онцгой байдлын байгууллагад 2007 оноос хойш өнөөг хүртэл 19 дэх жилдээ ажиллаж байна. Ажлын гараагаа тухайн үеийн аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангид аврагч-гал сөнөөгчөөр эхлүүлж,  2011 онд Эрэн хайх, аврах салбарт аврагч-жолооч холбоочин, 2013 оноос хойш тус газрын шуурхай албаны жолоочоор томилогдон үүрэг гүйцэтгэж байна.

-Үүрэг гүйцэтгэсэн аврах ажиллагаа, ажлын онцлог, албан үүргийн хэрэгжилтийг хангаж, албаны үүрэг зорилт, бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх үйл ажиллагаанд идэвх санаачлага гарган ажилласныг минь үнэлж “Шилдэг жолооч”-оор шалгарсандаа талархал дүүрэн байна. Онцгой байдлын алба бол багийн ажиллагаа, хамтын хүч, эр зоригийн итгэл дээр тогтдог.  

-Ажиллах хугацаандаа аймгийн болоод бүсийн хэмжээний нутаг дэвсгэрт тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллахын зэрэгцээ гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, 2008, 2013 онд Тайшир сумын нутаг “Гэгээн нуур”-нд осолдсон 7 иргэн,  2011 онд Хөхморьт сумын “Гүн нуур”-д  осолдсон нэг иргэн,  2014 онд Есөнбулаг сумын  “Дөт”-ийн даваанд цасанд боогдсон 24 иргэн, 2014 онд Цогт сумын “Ээж хайрхан” уулын тогоонд осолдсон 2 иргэний амь насыг авран  хамгаалж, 2017 онд болсон Отгонтэнгэр хайрханд осолдсон уулчдын цогцсыг эрэн хайх ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн. 

 -Мөн 2023 онд өвөлжилт хүндэрсний улмаас Есөнбулаг, Жаргалан, Баян-Уул Тонхил, Бугат, Цогт сумын нутаг дэвсгэрт хаагдсан 280 км замыг нээх ажиллагаа болон Засгийн газрын 449, 479 дүгээр тогтоолоор шийдвэрлэсэн 413.8 тн тэжээлийг өвөлжилт хүндэрсэн 8 сумын малчдад хүргэх ажлыг зохион байгуулсан. Түүнчлэн 2024 оны Дэлгэр, Чандмань, Халиун, Бигэр сумдад сэг зэмийг устгах, халдваргүйтгэлийн арга хэмжээнд аюулгүй байдлыг ханган ажилласан. Харин өнгөрөгч 2025 онд албан томилолтоор 22 удаа үүрэг гүйцэтгэж, 28.000 гаруй км замыг туулж, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүллээ. Мөн Тайшир сумын Завхан гол дагуу 60 гаруй удаагийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж, 15.580 гаруй иргэнд урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээллийг хүргэн ажилласан байна. 

-Говь-Алтай аймаг нь говь, хангай, тал, уулс гээд Монголын бүх бүс нутгийг багтаасан цорын ганц аймаг гэдгээрээ онцлогтой. Аймгийн хэмжээнд цасан болон шороон шуурга, зуд, үер, газар хөдлөлт, мал, амьтны гоц халдварт өвчин, зам тээврийн осол зонхилон тохиолддог. Өнгөрсөн 2025 онд гэхэд аймгийн хэмжээнд бүртгэгдсэн 68  удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, 19 хүний амь нас, 610.5 сая эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

-Албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд давчуу орчинд ажиллах сэтгэл зүйн өрөөг тоноглож,  голомтод үүрэг гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагааг хангах дадлага, сургалт хийх орчныг бүрдүүлсэн. Дуудлагын дагуу алба хаагчдаа тухайн газар, оронд шуурхай, аюулгүй хүргэх ажлыг зохион байгуулдаг нь миний ажлын онцлог. Мөн автомашин, техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангадаг онцлогтой. Үүрэг гүйцэтгэх дуудлага, албан томилолтоос хамаараад “хөлөглөх” тээврийн хэрэгслүүдийн зориулалт өөр, өөр байдаг. Алба, ажлын онцлогоо дагаад 21 аймгийн 40 гаруй сумаар хоёр удаа тойрсон байна.

 -Манайх ам бүл  тавуулаа. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Аялах дуртай. Шинэ хүмүүстэй уулзах, найз нөхөдтэй болох, өөр газрын соёл, амьдралын хэв маягийг судалдаг гээд олон талын мэдлэг, мэдээллийг өгдөг. Мөн ууланд алхах хоббитой. Алтай таван богдод, Ховд аймгийн Мөст сумын Мөнх хайхран, Говь-Алтай аймгийн Сутай хайрханд авиралт хийж байсан. Цаг баримталдаг байх, үнэн шударга байхыг эрхэмлэдэг. Энэ ташрамд Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын удирдлага, хамт олондоо болон мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч та бүхэндээ шинэ оны мэнд хүргэж, ажлын амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Таны хариуцлагаас бусдын аюулгүй байдал шалтгаална

Тиймээс иргэн та зориулалтын дагуу автомашинаа байрлуулж, өөрийн болоод бусдын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлэхийг уриалж байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

“ОНЦГОЙ БАЙДЛЫН ЦАГ” НЭВТРҮҮЛЭГ №209

Онцгой байдлын байгууллагын 2025 оны онцлох үйл явдлын мэдээллийг тоймлон хүргэж байна.