М.Ариунтунгалаг: Онцгой албаны алба хаагч гэдгээрээ омогшиж, бахархдаг

A- A A+

Цаг хугацаа гэдэг бүхнийг хүүрнэж, өгүүлэх бидний “толь”. Түүнд бага насны дурсамж, ангийн хамт олон, ажлын гараа, амжилт бүтээл, гэр бүл, хүсэл мөрөөдөл гээд бүх зүйл оршиж, хүмүүн заяаны мөрийг “тамгалж” үлддэг онцлогтой. Өнгөрсөн бүхэн сургамж болж, өнөөдрийн үйлдэл маргаашийг “тодорхойлдог” учраас хүн бүрийн хүсэл мөрөөдөл, хийсэн бүхэн эзнээ тодотгодог гэж ойлгодог. Энэ л замналын мөрөөр өөрийнхөө түүхийг бичиж, хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө хичээл, зүтгэл гарган ажилладаг олон мэргэжилтнүүдийн дундаас энэ удаад nematimes булан ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах, сургалтын газрын гамшгаас хамгаалах сургалт, дадлага хариуцсан мэргэжилтэн, дэд хурандаа Мягмарын Ариунтунгалагийг онцолж байна.

-Улаанбаатар хотын унаган хүүхэд. Хүүхэд нас маань бусдын л адил өнгөрсөн. Багадаа ном их уншдаг, үлгэрийн номноос салдаггүй хүүхэд байсан. Орос, монгол үлгэрүүдийг дахин, дахин уншсаар бүгдийг нь цээжилчихнэ. Баянгол дүүргийн 10 дугаар хорооллоос Сонгинохайрхан дүүрэгт байрладаг сургууль хүртэл автобусанд ном уншиж яваад буух буудлаасаа өнгөрчихдөг байсанаа тод санаж байна. Миний хувьд Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшиж, 2006 онд Олон улсын эдийн засаг бизнесийн их сургууль, 2010 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг тус тус дүүргэсэн. Олон улсын эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй.

-Онцгой байдлын албанд 17 дахь жилдээ ажиллаж байна. Онцгой байдлын ерөнхий газарт 2008 онд тухайн үеийн Тамгын газрын Хүний нөөцийн хэлтэст Хүний нөөцийн судалгаа, дүн бүртгэл хариуцсан мэргэжилтнээр ажлын гараагаа эхлүүлсэн. Түүнээс хойш  архив, бичиг хэргийн эрхлэгч, архивын дарга, Гамшиг судлалын хүрээлэнд байгалийн гаралтай гамшгийн судалгааны эрдэм шинжилгээний ажилтан, Онцгой байдлын ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх газар, Гамшгаас хамгаалах сургалтын газарт мэргэжилтнээр тус тус томилогдон ажиллаж байна.

-Хүний нөөцийн судалгаа, дүн бүртгэл хариуцсан мэргэжилтнээр т2008 онд томилогдсон ажиллаж байх үед тухайн үеийн Онцгой байдлын ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Ц.Амгаланбаяр “Онцгой байдлын ерөнхий газарт Архивын ерөнхий газраас улсын үзлэг 2009 онд ирнэ .Чи үүнд сайн бэлдээд шалгуулаарай, амжилт хүсье” гэж өгсөн үүрэг нь миний хувьд даргаас авсан анхны томоохон “даалгавар” байлаа. Албандаа томилогдоод жил ч хүрээгүй шинэхэн томилогдсон дэслэгч надад өгөгдсөн хүнд хэрнээ хүндтэй энэ үүргийг биелүүлэхийн төлөө өөрийгөө дайчилж, хэд, хэдэн шинэ өөрчлөлтүүдийг хийсэн. Онцгой байдлын ерөнхий газрын Архив, албан хэрэг хөтлөлтийн удирдлагын баримт бичгүүдийг шинэчлэн боловсруулж, Онцгой байдлын ерөнхий газрын даргаар батлуулж, Онцгой байдлын ерөнхий газрын архивт хадгалагдаж байгаа бүх баримт бичгүүдийг ялгаж, эмхлэн цэгцэлж, хавтаснуудыг бүгдийг нь сольж, бүртгэж баталгаажуулсан. Архивын тухай хууль, Үндэсний архивын газрын даргын тушаалаар батлагдсан байгууллагын архивын ажлын заавар, албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар, баримт бичгийн стандартын эмхэтгэлийг мөрдлөг болгон Онцгой байдлын ерөнхий газрын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримт бичгийг стандартын дагуу эмхлэн цэгцлэх ажлуудыг хийж гүйцэтгэснээр 2009 оны Архивын ерөнхий газраас зохион байгуулсан архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгээр 95 хувь буюу “А” үнэлгээтэй  дүгнэгдэж, Онцгой байдлын ерөнхий газрын даргаас өгсөн анхны үүргээ амжилттай биелүүлж байлаа.

-Гамшгаас хамгаалах сургалт, дадлага хариуцсан мэргэжилтнээр томилогдсоноос хойш иргэд, олон нийтийн гамшгаас хамгаалах талаар мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор төв, орон нутгийн хэмжээнд гамшгаас урьдчилан сэргийлэх тасаг, хэлтсүүдийн алба хаагчдыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, гамшгаас хамгаалах ангиллын сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулах үүргийг гүйцэтгэж байна.

-Энэ хүрээнд гэр хорооллын айл өрхүүдийн гал түймрийн аюулгүй байдал, өвөлжилт, хаваржилт хүндрэх болон зудын аюулаас урьдчилан сэргийлэх, шар усны үер болон үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөрлөг, гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөрлөг, олон улсын Иргэний хамгаалалтын өдөрлөг зэрэг нийт 7 нэгдсэн арга хэмжээ, өдөрлөг зохион байгуулах удирдамжийг шинээр боловсруулж, Монгол Улсын Шадар сайдаар 2020 онд батлуулахад гар бие оролцсон. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ын хэрэгжилтийг хангуулах хүрээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах, аюулгүй талбайд цугларах дадлага сургуулийг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэ жил гэхэд давхардсан тоогоор 1.581.546 хүнийг хамруулсан нь нийт хүн амын 44.6 хувьд сургалт, дадлагыг зохион байгуулсан байна.

-Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах ангиллын сургалтыг 2025 онд нийт 7616 удаа зохион байгуулж, 398.648 хүнийг хамруулсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад сургалтын тоо 23 хувь, хүний тоо 53.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад 2025 онд 128.795 сурагчийг гамшгаас хамгаалах сургалтад хамруулсан нь өмнөх онтой харьцуулахад  8.54 хувиар өссөн. Статистик судалгаанаас харахад гамшгаас хамгаалах ангиллын сургалтыг ерөнхий боловсролын сурагчдыг өргөнөөр хамруулан зохион байгуулснаар 2025 онд гамшиг осолд өртсөн хүүхдийн тоо 25 хувиар буурсан үзүүлэлттэй дүн гарсан. Сургалт, нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд иргэд, олон нийтийг хамруулан өргөн цар хүрээтэй зохион байгуулах нь гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх иргэд, олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлж, улмаар өөрийн амьдрал, ахуйд хэрэглэж сурах дадлыг бий болгож, учирч болзошгүй эрсдэлийг бууруулахад бодит хувь нэмэр оруулдаг ач холбогдолтой. 

-Өдөр тутамдаа хэн нэгнээс суралцаж, бусдын дэмжлэгээр үүргээ амжилттай биелүүлж байна. Онцгой байдлын байгууллагад хамтран ажиллаж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, эх орон, ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байгаа Онцгой байдлын байгууллагын алба хаагчид бол миний бахархал. Төрийн далбааны өдөр, Онцгой байдлын байгууллагын түүхт ойн жагсаал болон бусад хүндэтгэлийн ёслолын жагсаалд эмэгтэй алба хаагчдын хайрцагт алхаж, цэргийн хүн тэр дундаа Онцгой албаны алба хаагч гэдгээрээ омогшиж, бахархдаг.

-Хүн бүр адил байх боломжгүй. Өөрийн гэсэн өвөрмөц хувь тавилантай, үүрэгтэй, зорилго, мөрөөдөлтэй. Тийм болохоор хэн нэгнийг дуурайх биш өөрийн зан чанар, ур чадвартаа анхаарч, хийхийг хүссэн, хийж чадах бүх зүйлээ бүтээх хэрэгтэй гэж боддог. Ажил, мэргэжлийг ойлгож, үргэлж дэмждэг гэр бүлдээ, хамтдаа нэгэн түүхийг бичилцэж байгаа удирдлага, хамт олондоо талархаж явдгаа энэ ташрамд хэлмээр байна. Энэ албаны түүх болсон үе, үеийн ахмадууд, залгамж халаа нь болж түүчээлж яваа нийт алба хаагчдадаа ажлын амжилт, хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе. Удахгүй болох шинэ оны баярын мэнд хүргэе. Баярлалаа.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

М.Ариунтунгалаг: Онцгой албаны алба хаагч гэдгээрээ омогшиж, бахархдаг

nematimes булан ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах, сургалтын газрын гамшгаас хамгаалах сургалт, дадлага хариуцсан мэргэжилтэн, дэд хурандаа Мягмарын Ариунтунгалагийг онцолж байна.

Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

БНЭУ-ын Гамшиг тэсвэртэй дэд бүтцийн эвсэл олон улсын байгууллагатай хамтран Онцгой байдлын ерөнхий газраас “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” сургалтыг энэ сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ