Олон улсын эрдэмтэн, судлаачид хэлэлцүүлэг өрнүүллээ

A- A A+

Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, ДХИС-тай хамтран “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” - Disaster resilient infrastructure” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг оролцож, хэлсэн үгэндээ “НҮБ-аас Уур амьсгалын өөрчлөлтийн талаар 2019 онд зохион байгуулагдсан дээд хэмжээний уулзалтын үеэр Энэтхэгийн ерөнхий сайд санаачлан Гамшигт тэсвэртэй дэд бүтцийн эвсэл(CDRI)-ийг байгуулсан. Эвслийн гишүүнээр 47 орон нэгдсэн байдаг ба анхлан элссэн 6 орны нэг нь Монгол Улс юм. Гамшигт тэсвэртэй дэд бүтэц эвслийн зорилго нь “Ирээдүйн гамшиг болон уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй дэд бүтцийг байгуулахад системтэйгээр дэмжлэг үзүүлэх юм. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээр, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг, Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан байх” гэж тодорхойлсон байдаг. Тиймээ гамшигт тэсвэртэй дэд бүтцийг барьж байгуулах, хадгалах, эрсдэлийг дорвитой бууруулах чиглэлээр гүйцэтгэсэн судалгаа, шинжилгээний ажлын үр дүнгээ хэлэлцэж, харилцан туршлагаа солилцон, цаашид тулгамдаж буй асуудлыг шийдэх чиглэлд шинжлэх ухааны үндэслэлтэй, оновчтой, үнэтэй санал зөвлөмж өгч, хэлэлцүүлэг өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Олон улсын хуралд АНУ, БНХАУ, БНЭУ, БНСУ, ОХУ, БНКС, БНПС, Итали, Япон зэрэг гадаадын улс орнууд, Монгол Улсын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөл, судлаачид оролцсон юм. Мөн УИХ-ын гишүүн, хот төлөвлөгч PhD, архитектор Г. Лувсанжамц зочин илтгэгчээр оролцож, “Гамшиг, онцгой байдал бол зайлсхийх боломжгүй зүйл” сэдвээр илтгэл танилцууллаа.

Хурлын эхний шатанд 49 илтгэл, өгүүлэл ирүүлснээс гамшиг судлал, аюулгүй байдал, хот байгуулалт, инженерийн дэд бүтцийн чиглэлийн эрдэмтдийн баг шүүн хэлэлцэж, 17 үндсэн илтгэл, 1 зочин илтгэл, 9 ханын илтгэлийг шалгаруулсан бөгөөд шилдэг илтгэлүүдийг энэхүү хурлаар хэлэлцүүлсэн юм.

Хурлыг зохион байгуулснаар байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотой гамшгийн дэд бүтцэд үзүүлэх нөлөөлөл, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг дээшлүүлэх арга замын талаар харилцан мэдлэг, туршлагаа хуваалцаж, талуудын хамтын ажиллагаа сайжрах боломж бүрдлээ.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Балба, Төвөдөд амиа алдсан хүмүүсийн тоо 1000-гаас давжээ

Нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийг сургуулиудын барилгад байрлуулсан байна. Хятад-Балбын хилийн бүсэд ажиллаж буй аврагчдын хувьд усан цахилгаан станцын 12 байгууламж дээр ажиллаж байгаад сураггүй болсон 900 ажилчныг хайж олох нь нэн тэргүүний зорилт юм. Тэднээс 500 орчим нь туннель дотор гацсан гэж таамаглаж байна. 

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье

Та, бидний хариуцлагатай үйлдэл үүсэж болзошгүй эрсдэл, аюулаас үр хүүхдээ хамгаална.