Б.Бат-Эрдэнэ: Ингээд л тэнгэрт дэвшдэг юм байж гэсэн бодолтой олон тулсан ч албанаасаа няцаж үзээгүй

A- A A+

UBN STORY булангийнхаа энэ удаагийн дугаарт амь өрссөн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэдэг онцгой байдлын алба хаагчдийн төлөөлөл Хошууч Б.Бат-Эрдэнийг онцолж ярилцлаа.

-Сайн байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн байцгаана уу. Намайг Батхөгжихийн Бат-Эрдэнэ гэдэг. 2014 онд ХСИС-ийн Онцгой байдлын сургуулийг онцгой байдлын ажилтан, эрхзүйч мэргэжлээр төгссөн. 2014 оноос хойш Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт 11 дэх жилдээ ажиллаж байна.

-Амь өрссөн амаргүй алба гээд айж, цэрвэх хүмүүс олон байдаг. Таны хувьд яагаад энэ мэргэжлийг сонгож, эзэмшсэн юм бэ?

-Багаасаа л цэргийн хүн болох хүсэл мөрөөдөлтэй байсан. Тэр дундаа онцгой байдлын аврагч гэдэг хариуцлагатай хэрнээ хүндтэй албанд зүтгэхийг чин сэтгэлээсээ хүсдэг байсан учраас өөрийн мөрөөдлийг дагаж, энэ албанд орсон.

-Анх ажлын байранд гарсан тэр цаг мөчийг эргээд дурсъя. Онцгой байдлын алба таны бодож төсөөлснөөс өөр байв уу. Ямар нөхцөл байдал таныг угтсан бол?

-Анх сургуулиа төгсөөд Сэлэнгийн хуваарь авсан. Би зуны амралтаараа Архангай аймгийн Батцэнгэл суманд очдог. Манай байдаг газар мод багатай газар учраас анх Сэлэнгэд очихдоо гадаадад очсон юм шиг маш их баярласан. Вагонд суугаад битүү модтой газар очсон учраас одоог хүртэл санаанаас гардаггүй юм. Анх томилогдож очоод Сэлэнгэ аймгийн гал түймэр унтраах аврах 036 дугаар ангид салаан захирагчаар томилогдож 4 жил ажилласан. Мэдээж миний төсөөлөл бодит байдал хоёр өөр байсан.

-Төсөөслнөөс өөр байсан зүйл нь яг юу байв. Ойн түймэрт үүрэг гүйцэтгэх эхэндээ амаргүй л байсан болов уу?

-Сургуулиа төгсөөд бүхнийг хийж чадна гэсэн дэврүүн хүн Сэлэнгэ аймагт очсон. Үсэрч гараад хүн авраад, усанд шумбаж хүн гаргаад, шүхрээр буугаад л их гоё байх шиг төсөөлж байлаа. Гэтэл бодит байдал өөр байсан. Гэхдээ ажилдаа дуртай учраас байгаа орчин нөхцөлдөө амархан дассан гэж боддог. Тэр үед ч одоо ч энэ албанд орсноороо үргэлж бахархаж, баярлаж явдаг.

-Одоо шинээр орж ирж байгаа алба хаагчдадаа юуг онцолж захиж, анхааруулдаг вэ. Тэдний туулах замыг өөрөө туулаад гарсан хүний хувьд?

-Миний баримталдаг зарчим жаахан хатуу байж магадгүй. Ер нь бол нэг зүйлийг онцолж захидаг. Онцгой байдлын алба бол төрийн цэргийн байгууллага. Бид тушаалаар ажилладаг. Бидний алба хүний амь настай холбоотой. Өөрсдөө ч өндөр эрсдэлд үүрэг гүйцэтгэдэг. Улаан гал дүрэлцэж байхад үсрээд ордог хүнийг зоригтой хүн гэдэггүй. Хатуухан хэлэхэд тэнэг хүн л ийм үйлдэл хийдэг. Тэгвэл ямар хүнийг зоригтой хүн гэх юм бэ гэж. Байгаа нөхцөл байдлыг үнэлж, яг яах ёстой вэ гэдгээ бодож, тунгааж хамгийн зөв замыг сонгож, зөв шийдвэр гаргаж чаддаг тэр хүнийг л зоригтой хүн гэж хэлээд байгаа юм. Тиймээс би энэ үгийг шинээр орж байгаа алба хаагчдадаа хэлдэг. Түүнээс гадна оноогдсон ажилдаа маш хариуцлагатай байх нь хамгийн чухал чанар. Хариуцлага алдах эрхгүй алба шүү дээ.

-Сэтгэлд хамгийн тод үлдсэн аврах ажиллагааг онцлоод хэлээч гэвэл аль цаг үеийг онцлох вэ?

-Сургуулиа төгсөөд удаагүй байхдаа 2015 онд нэг ой хээрийн түймэрт явж байсан юм. Өргөн нь 70, урт нь 50 км-ийн хэмжээтэй 3 сумын нутаг дамнасан том түймэр байсан. Би хоёр дахь дуудлагаар нь нэмэлтээр гараад нийт 28 хоног үүрэг гүйцэтгэсэн. Тэр үед би яг 4 удаа ингээд л тэнгэрт дэвшдэг юм байж гэж бодож байсан. Тухайн үед түймрээ унтраачхаад буцаж байхдаа өөрөөрөө бахархаж, аав, ээж, найз нөхдөдөө хэлж, гайхуулмаар санагдаад байж ядаж байсан минь одоо ч санаанаас гардаггүй юм.

-Өнгөрсөн хугацаанд албанаасаа шантарч байсан удаа бий юу?

-Шантарч байсан удаа нэг ч байхгүй. Ковидын үед гэртээ 26 хоног хариагүй ажилласан. Нэг өдөр эхнэр маань залгаад "Би төрөх гэж байх шиг байна. Ус гарчихлаа" гэж хэлсэн. Би гэртээ очиж эхнэрээ аваад эмнэлэгт очиж, төрүүлчхээд тэр өдөр нь шууд эмнэлгээс гаргаад гэртээ очсон. Буцаад ажил руугаа явах ёстой байсан учраас эхнэртээ "Энэ удаагийн гам өнгөрсөн шүү. Миний хань гүрийн шүү" гэж хэлсэн. Тухайн үед зорчих хөдөлгөөн хаачихсан учраас ээж, аавууд ирэх боломжгүй ганцааранг нь үлдээгээд л гарсан. Тухайн үед дөнгөж төрсөн эхнэрээ 0-5 насны 3 хүүхэдтэйгээ үлдээчхээд ажил руугаа явж байхдаа "Би чинь юу хийж байна аа" гэж нэг удаа бодсон. Өөрөөр надад тийм бодол төрж байсан удаа байхгүй. Миний хань миний албыг ойлгодог учраас маш их баярладаг.

-Цэргийн гавьяаны одонгоо улсынхаа Ерөнхийлөгчөөс авчхаад гараад ирсэн байна. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Мэдээж маш их баяртай байна. Энэ албандаа хоёргүй сэтгэлээр зүтгэснийг минь удирдлагууд маань үнэлж, төр минь шагнасан юм болов уу гэж бодож байна. Ний нуугүй ярихад гамшиг осолтой ажилснаас илүү их сандарлаа. Бас нэг зүйлийг онцолж хэлэхэд энэ шагнал ганцхан миний шагнал биш. Миний хамт олны шагнал. Онцгой байдлын алба гэдэг ганц хүний амбиц, ганц хүний хүч хөдөлмөрөөр явдаг ажил биш. Хамтын ажиллагаа. Хамтаараа зүтгэж байж ард нь гардаг ажил. Тийм учраас хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна. Мөн ар гэрийг минь бат даадаг ханьдаа баярлалаа гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: ubn.mn 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гамшигт тэсвэртэй дэд бүтцийг хөгжүүлэхэд шинжлэх ухаан, судалгааны нотолгоо чухал үүрэгтэйг харууллаа

Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц – Disaster Resilient Infrastructure 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улс болон олон улсын судлаачид гамшгийн эрсдэлийг бууруулах, хотын дэд бүтцийг тэсвэржүүлэх чиглэлээр зочин илтгэл 1, үндсэн 17 илтгэл, ханын 9 илтгэлийг хэлэлцүүллээ.

Гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо

Уулзалтын үеэр Монгол Улсын Онцгой байдлын байгууллага, АНУ-ын Армийн хамтарсан агаараас болон уснаас аврах дадлага сургуулийг 2026 онд зохион байгуулах, Баян-Өлгий, Ховд аймагт гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон юм.

Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.