Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

1.Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Дорнод аймгийн 1 суманд 0.2 мм, Увс аймгийн 6 суманд 0.1-0.8 мм цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуур орчимд нуурын нөлөөгөөр хялмаална. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос 6-11 м/с, зарим үед 13-15 м/с хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруунаас секундэд 3-8 метр. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -11...-16 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангай, Хэнтийн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1...+6 градус дулаан, бусад нутгаар 0...-5 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с, -1...-3 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. 22-нд нутгийн зарим газраар, 23-нд говь, тал, хээрийн нутгаар, 24-нд Алтайн уулархаг нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. 22-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -31…-36 градус, өдөртөө -18…-23 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -11...-16 градус,  Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө -4…+1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -6…-11 градус хүйтэн байна. 24-нд ихэнх нутгаар хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларна.

2.Гал түймэр:

Увс аймаг, Улаангом сум 12 дугаар баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 14:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр болон баруун хойд хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.     

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 40 дүгээр хороо гал гарч байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 14:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ийн 3 өөрөө байрны гал тогооны хэсэгт аяга таваг угаагч шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс нийт 53 хүн /том хүн 31, хүүхэд 22/-ийг аюулгүй газарт  гаргасан.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо автобус шатаж байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 15:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн улсын дугааргүй, тохижуулж, зөөврийн болгосон автобусны дотор талын хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 4 дүгээр хороо суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 18:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн “Тоёота эстима” загварын суудлын автомашины хойд талын хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Увс аймаг, Давст сум Торхилог багийн "Харгайн-Эхэн" гэдэг газар суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.09-ний өдрийн 19:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Давст сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Л-ийн “Лексус RX 450” загварын суудлын автомашин бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол: 

 Автозамын тээврийн осол: Өмнөговь аймаг, Цогтцэций сум  Сийрст багийн “Хадан-Ус” гэдэг газар  /аймгийн төвөөс зүүн зүгт 130 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ Ачааны 2 автомашин мөргөлдөж, автомашины төмөр хийцэд 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 11.20-ны өдрийн 02:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход  Цогтцэций сумаас “Цагаанхад” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан “XCMG XGA4250D3WC” загварын зүтгүүр, мөн “HOWO ZZ4257W324HE1H” загварын зүтгүүртэй мөргөлдөж,  жолооч С /23 настай, эрэгтэй/ бүхээг дотроо хавчуулагдсан байсныг ажиллан эсэн мэнд гаргаж, тус сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн.

Төөрсөн, сураггүй болсон: Завхан аймаг, Отгон сум Баянбулаг баг “Ар-Элстэй” гэдэг газраас Улиастай сум руу 11.18-ны өдрийн 17:00 цагийн орчим иргэн Э нь “Тоёота приус-20” загварын суудлын автомашинтай гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.19-ний өдрийн 14:25 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Отгон сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Цагдаагийн тасгийнхан иргэн Э /25 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 15:25 цагаас зохион байгуулж, мөн өдрийн 21:30 цагт Шилүүстэй сумын Сайхан багийн “Бухын өвөлжөө” гэдэг газар төөрч, автомашин нь цасанд сууж, дугуй нь хагарсан байдалтай эсэн мэнд олж,  ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР    

    

           

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гамшигт тэсвэртэй дэд бүтцийг хөгжүүлэхэд шинжлэх ухаан, судалгааны нотолгоо чухал үүрэгтэйг харууллаа

Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц – Disaster Resilient Infrastructure 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улс болон олон улсын судлаачид гамшгийн эрсдэлийг бууруулах, хотын дэд бүтцийг тэсвэржүүлэх чиглэлээр зочин илтгэл 1, үндсэн 17 илтгэл, ханын 9 илтгэлийг хэлэлцүүллээ.

Гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо

Уулзалтын үеэр Монгол Улсын Онцгой байдлын байгууллага, АНУ-ын Армийн хамтарсан агаараас болон уснаас аврах дадлага сургуулийг 2026 онд зохион байгуулах, Баян-Өлгий, Ховд аймагт гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон юм.

Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.