Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өмнөговь, Өвөрхангай, Төв, Ховд аймагт хур тунадас орсон. Бусад нутгаар хур тунадас ороогүй тогтуун  байна.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн болон өмнөд хэсэг, төв, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -8...-13 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4...+9 градус, бусад нутгаар -4...+1 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -4...-6 градус, өдөртөө -2...-4 градус хүйтэн, үдээс хойш, оройдоо хүйтэрнэ.

Төлөв байдал: 17-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. 18-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Салхи 17-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -11...-16 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -6...-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +2...-3 градус, бусад нутгаар шөнөдөө -11...-16 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна.

Гал түймэр:

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 12:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн 5 ханатай гэр, 2х3 метрийн хэмжээтэй үүдний амбаар бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 15:52 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ш-ийн “Hyundai Avante” загварын суудлын автомашин, 2 метр хашаа бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дорноговь аймаг, Замын-Үүд сум байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 16:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход Э-ийн 8х10 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээвэр шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Зам, тээврийн осол - Автозамын тээврийн осол: Хэнтий аймаг, Батноров сум Бэрх тосгон /аймгийн төвөөс зүүн зүгт 58 км, Бэрх тосгоноос баруун урд зүгт 10 км/ бэрх тосгоноос Хэнтий аймгийн чиглэлд зорчиж явсан суудлын автомашин автозамын хажуу руу онхолдож хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 10.15-ны өдрийн 15:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сум дахь 42 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн З-ийн “Toyota Prius-20” загварын суудлын автомашин автозамын хажуу руу онхолдож иргэн З /66 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, Бэрх тосгоны Эрүүл мэндийн төвийн их эмчид хүлээлгэн өгсөн.

Завхан аймаг, Алдархаан сум Мандаат багийн “Шар шувуут” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 15 км, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км/ суудлын автомашин уулын уруу унаж осолдох гээд байна гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 14:50 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын 43 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын  “Toyota Land Cruiser-80” загварын суудлын автомашин уулын оройгоос гулгаж унах эрсдэлтэй байсныг ажиллаж, автомашиныг аюулгүй газар татан гаргасан.

Төөрсөн, сураггүй болсон: Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ар тархи багийн “Шар жалга” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 190 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км/ тус сумын харьяат иргэн “Ц” нь 10.06-ны өдрийн 18:00 цагийн орчим иргэн Х-гийн гэрээс гараад сураггүй болсон тухай дуудлагыг 10.10-ны өдрийн 16:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Тариалан сум дахь 46 дугаар анги, Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэр, орон нутгийнхан иргэн Ц /46 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Булган аймаг, Орхон сумын Бүхт багийн “Өлийн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 7 км, сумын төвөөс баруун хойд зүгт 18 км/ Тус сумын харьяат иргэн “Д” нь 10.12-ны өдрийн 18:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 10.15-ны өдрийн 11:42 цагт хүлээн ирүүлсэн.Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газрын  алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн иргэн Д/16 настай, эрэгтэй/-ыг 13:27 цагаас эхлэн 2 бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Завхан аймаг, Сонгино сум Баян-Айраг багийн “Ар булаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 312 км, Сонгино сумын төвөөс хойд зүгт 12 км/ Тэс сумаас Улаанбаатар хот руу зорчиж явсан суудлын автомашин голын усанд суусан тухай дуудлагыг 10.15-ны өдрийн 11:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн  “Toyota Corolla” загварын 3 зорчигч /2 том хүн, 1 хүүхэд/-той суудлын автомашин голын усанд суусан байсныг ажиллаж татан гаргасан.

Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл: 

Завхан аймаг, Их-Уул сум Цэцүүх багийн “Солонготын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 224 км, Их-Уул сумаас урд зүгт 43 км, Тосонцэнгэл сумаас зүүн урд зүгт 86 км/ 10.14-ний өдрөөс хойш орсон цасны улмаас цасан бүрхүүл тогтож зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүссэн тул зам зорчих хэсгийг чөлөөлж өгнө үү гэсэн мэдээллийг 10.15-ны өдрийн 10:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь 39 дүгээр ангийн алба хаагчид очиж “Солонготын даваа”-ны нөхцөл байдалтай танилцаж, зорчих боломжгүй байгаа газруудад 162 м3 шороо буулгуулж, 500 метр газар шороо асгаж ажиллаж автозамын зорчих хэсгийг нээсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гамшигт тэсвэртэй дэд бүтцийг хөгжүүлэхэд шинжлэх ухаан, судалгааны нотолгоо чухал үүрэгтэйг харууллаа

Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц – Disaster Resilient Infrastructure 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улс болон олон улсын судлаачид гамшгийн эрсдэлийг бууруулах, хотын дэд бүтцийг тэсвэржүүлэх чиглэлээр зочин илтгэл 1, үндсэн 17 илтгэл, ханын 9 илтгэлийг хэлэлцүүллээ.

Гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо

Уулзалтын үеэр Монгол Улсын Онцгой байдлын байгууллага, АНУ-ын Армийн хамтарсан агаараас болон уснаас аврах дадлага сургуулийг 2026 онд зохион байгуулах, Баян-Өлгий, Ховд аймагт гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон юм.

Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.