Ч.Гантогтох: Шүхэрчин болох мөрөөдлөө биелүүлж, өнөөг хүртэл хоёргүй сэтгэлээр үүрэг гүйцэтгэж байгаа минь миний бахархал

A- A A+

Түүх гэдэг өнгөрснийг сануулж, өнөөдрийг зураглаж, ирээдүйг бүтээхийн нэр гэдэг. Түүхийг бүтээлцэх нь тухайн хүний ажил, мэргэжлийн онцлог болоод хандлага, харилцаа, ур чадвараас шалтгаална.  Бусадтай инээмсэглэн мэндлээд зөрөх тэр агшин, өөрийн сурсанаа зааж өгөх тэр боломж, аврал эрсэн хүний төлөө амь биеэ үл хайрлан тэмүүлэх сэтгэл гээд юугаар ч сольж болзошгүй эрхэм нандин чанарууд алба хаагч бүрт байдаг гэж бодохоор бахархам сайхан. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2025 оныг “Ахлах офицер”-ын жил болгон зарласантай холбогдуулан nematimes булан  энэ удаад Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын захирагч, дэд хурандаа Ч.Гантогтохыг танилцуулж байна.

 

-Миний бие Хэнтий аймгийн Хэррлэн суманд төрж өссөн. Найман хүүхэдтэй айлын долоо дахь нь. Хэрлэн сумын арван жилийн сургуулийг төгсөж, “Билиг” дээд сургуульд эрх зүйч мэргэжил эзэмшиж, улмаар ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийг “Онцгой байдал-Гамшгаас хамгаалах алба” мэргэжлээр төгссөн. Онцгой байдлын байгууллагад 1999 оноос хойш 26 дахь жилдээ ажиллаж байна. Тухайн үеийн аймгийн Байгалийн гамшгаас аврах салбарт аврагч-усчинаар ажлын гараагаа эхлүүлж, 2011-2014 онд бүлгийн дарга, 2014-2018 онд салааны захирагч, 2019 оноос өнөөг хүртэл Эрэн хайх, аврах салбарын захирагчаар  үүрэг гүйцэтгэж байна.

- Ажиллах хугацаандаа 103 удаагийн хүн мал, амьтны гоц халдварт өвчний хорио цээр, устгал ариутгалын ажилд, 450 гаруй удаагийн ой, хээрийн түймэр, үер, ус болон бусад төрлийн гамшиг, ослын дуудлагаар ажиллаж, 100 гаруй хүний амь нас, улс нийгэм, аж ахуй нэгж, байгууллага, ард иргэдийн 900 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгө, олон зуун мянган га бэлчээр, байгалийн баялаг, мал амьтныг мэргэжил нэгт нөхдийн хамтаар авран хамгаалсан.

-Ажил, амьдралын гараа болж, амжилт, бүтээл, амь аврах их үйлсэд хөтөлсөн Эрэн хайх, аврах салбарын түүхт 50 жилийн ой энэ онд тохиож байна. Эрэн хайх, аврах салбарынхан бид сүүлийн 21 жилийн хугацаанд аймгийн хэмжээнд бүртгэгдсэн 1256 удаагийн гамшиг, осол, аюулт үзэгдлийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 1568 иргэний амь нас, төрийн болон аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдийн 3.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж, үүргээ нэр төртэйгээр биелүүлж байна.

-Шүхэрчин болох мөрөөдлөө биелүүлж, өнөөг хүртэл хоёргүй сэтгэлээр үүрэг гүйцэтгэж байгаа минь миний бахархал. Улсын хэмжээнд тохиолдож байгаа бүхий л төрлийн дуудлагууд манай аймагт бүртгэгддэг. Хавар, намартаа ой, хээрийн түймэр, зундаа усны ослын дуудлага тасардаггүй. Хэрлэн, Онон, Балж гээд томоохон голууд зундаа үерийн түвшинг давж үерлэнэ. Урсгал ширүүн, гүнзгий гээд онцлог ихтэй. Тиймээс дээрх  томоохон гол нуурын эрэг дагуу 14 дэх жилдээ  усны эргүүлийн үүргийг манай салбарын алба хаагчид гүйцэтгэлээ. Мөн ойн сан бүхий түймрийн эрсдэл өндөртэй сумдад ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх байнгын болон хөдөлгөөнт эргүүлийг үүрэг гүйцэтгэж, гарсан тохиолдолд цаг алдалгүй шуурхай унтраах ажиллагааг зохион байгуулж байна.

-Бие бялдрын болоод сэтгэлзүйн бэлтгэлээ хангах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор хөнгөн атлетик, сагсан бөмбөг, бадминтоны спортоор хичээллэдэг. Улс, бүсийн аварга шалгаруулах “Аврагч” тэмцээнд 6 удаа оролцож, 1 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль, аймгийн цэргийн хүрээний байгууллагуудын дунд зохион байгуулдаг “Цэрэг эрс” марш тактикийн тэмцээнд 16 удаа оролцож, 6 алт, 2 мөнгө, 4 хүрэл медалийн эзэд болж, 2022 онд хөнгөн атлетикийн спортын мастер цол хүртсэн.

- Манайх ам бүл тавуулаа. Эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Миний ханийг Г.Золбаяр гэдэг. Том охин Г.Аззаяа МУИС-ийг төгссөн, дунд охин Г.Анударь АШУИС-д эмч мэргэжлээр, бага охин Г.Анар Хэрлэн I арван жилийн сургуулийн III ангид суралцаж байна. Хагас зуун жилийн түүхийг хамтдаа бүтээлцсэн үе, үеийн удирдлага, алба хаагчдадаа болон тэдгээрийн гэр бүлийнхэнд нь эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.Сайхан бүхэн ерөөлөөр дүүрэн байх болтугай. Баярлалаа.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.

Хөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон тохиолдсон байна

Мөс цөмөрсөн дуудлага нэг, хоёр, гурав, дөрөв, арваннэг, арванхоёрдугаар саруудад бүртгэгдэж байна.

Алба хаагчид хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чиглэлээр мэргэжлийн ур чадвараа дээшлүүллээ

Энэ хүрээнд БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамнаас тус яамны харьяа Олон улсын солилцоо, хамтын ажиллагааны төвд зохион байгуулсан “Олон улсын хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх сургалт”-д Онцгой байдлын байгууллагын 30 алба хаагч хамрагдаж, сертификатаа гардан авлаа.