Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий аймгийн 2 суманд 0.8 мм, Увс аймгийн 1 суманд 24 мм хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар +8…+13 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр +13…+18 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +23...+28 градус, бусад нутгаар +17...+22 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0...-2 градус хүйтэн, бусад хэсгээр +3...+5 градус, өдөртөө +19...+21 градус дулаан байна.

Төлөв байдал: 2-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 3-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 10-р сарын 02-нд нутгийн баруун хэсгээр, 03-наас ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +13...+18 градус, бусад нутгаар шөнөдөө -4...+1 градус, өдөртөө +7...+12 градус дулаан байна.

Гал түймэр:

Дорноговь аймаг, Замын-Үүд сум 1 дүгээр баг гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.30-ны өдрийн 10:26 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ч-ын 4 ханатай гэр бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 8 дугаар хороо хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 09.30-ны өдрийн 16:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход 6х8 метрийн хэмжээтэй гадна хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймаг, Буянт сум 3 дугаар баг /аймгийн төвөөс баруун зүгт 35 км, сумын төвөөс зүүн урд зүгт 45 км/с өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 09.30-ны өдрийн 18:22 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн 50x50 метрийн хэмжээтэй малын хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 26 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.01-ний өдрийн 04:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын 6х12 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр: 

Сүхбаатар аймаг, Сүхбаатар сум 3 дугаар багийн “Цагаан-Өндөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 110 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 09.30-ны өдрийн 10:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын  алба хааагчидд, сумын Мэргэжлийн ангийнхан, Зэс, молибдений уурхайн “Моли металл” ХХК-ийн ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж,  09.30-ны өдрийн 16:50 цагт цурамд оруулан, мөн өдрийн 18:25 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 500 га талбай өртсөн.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км, Тосонцэнгэл сумаас зүүн хойд зүгт 130 км, Тариалан сумаас хойд зүгт 70 км/ Тосонцэнгэл сумын харьяат 4 хүн самар түүж байснаас 09.21-ний өдрийн 15:00-16:00 цагийн орчим иргэн Э нь отгоосоо 1 км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн бөгөөд хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болсон байсан тухай дуудлагыг 09.22-ны өдрийн 14:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Хилийн цэргийн 0257-р ангийн алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, Тосонцэнгэл, Тариалан сумын Мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн иргэн  Э /46 настай эмэгтэй/-г эрэн хайх, ажиллагааг зохион байгуулж байна.

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Илүүрийн гол” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 284 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км/ самар түүхээр явсан 3 иргэн буцах замдаа автомашин нь шаварт суусан үед, иргэн Д /35 настай, эрэгтэй/ сураггүй алга болсон тухай дуудлагыг 09.24-ний өдрийн 18:45  цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, “Хан Хэнтий Улсын тусгай хамгаалалтай газар”-ын ажилтнууд, ар гэрийнхэн, орон нутгийн иргэд иргэн Д /35 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх, ажиллагааг зохион байгуулж, нас барсан байдалтай байсныг 09 дүгээр сарын 30-ны өдрийн 10:30 цагт олж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн байцаагчид шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гамшигт тэсвэртэй дэд бүтцийг хөгжүүлэхэд шинжлэх ухаан, судалгааны нотолгоо чухал үүрэгтэйг харууллаа

Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц – Disaster Resilient Infrastructure 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улс болон олон улсын судлаачид гамшгийн эрсдэлийг бууруулах, хотын дэд бүтцийг тэсвэржүүлэх чиглэлээр зочин илтгэл 1, үндсэн 17 илтгэл, ханын 9 илтгэлийг хэлэлцүүллээ.

Гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо

Уулзалтын үеэр Монгол Улсын Онцгой байдлын байгууллага, АНУ-ын Армийн хамтарсан агаараас болон уснаас аврах дадлага сургуулийг 2026 онд зохион байгуулах, Баян-Өлгий, Ховд аймагт гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон юм.

Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.