Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор аймгуудын нутгийн зарим хэсгээр хур тунадас орж, бусад нутгаар тогтуун.
Өнөөдөр: Нутгийн өмнөд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Байдраг голын хөндий, Хангайн нурууны өвөр бэлээр +10…+15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар +21...+26 градус, бусад нутгаар +16...+21 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Өдөртөө +19...+21 градус дулаан байна.
Төлөв байдал: 27, 29-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 28-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 30-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Ихэнх нутгаар өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +14...+19 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +22...+27 градус, бусад нутгаар шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна.
Гал түймэр:
Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороонд байрны хогийн суваг шатаж байна гэсэн дуудлагыг 11:07 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 3х2 метрийн хэмжээтэй хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 40 иргэнийг аюулгүй газарт гаргасан. /28-том хүн, 12-хүүхэд/
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохойн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12:44 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 20 дугаар хороонд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 14:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход 4х4 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 16:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход зэрэгцээ барьсан 5 ханатай 3 гэр, эд зүйлийн хамт бүрэн шатаж, мөн зэргэлдээ 5 ханатай гэрийн баруун тал хайрагдсан, 6х5, 10х5 метрийн хэмжээтэй 2 байшингийн дээвэр, гадна фасад тус бүр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Ёлт багийн "Хором талын- Их хар" гэдэг газар /сумын төвөөс урьд зүгт 150 км-т, Хатгал тосгоноос баруун хойд зүгт 50 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.24-ний өдрийн 16:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн ангийнхан, Улаан-Уул сумын Шивлэг багийн Засаг дарга, "Улаан Тайг" Тусгай хамгаалалттай газар унтраах ажиллагааг зохион байгуулж, 09.25-ны өдрийн 13:12 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар ойн түймэрт 360 га талбай өртсөн.
Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Увс аймгийн Давст сумын Торхиолон баг, “Цэхэй” гэдэг газар /аймгийн төвөөс Зүүн хойд зүгт 91 км, сумын төвөөс Зүүн зүгт 34 км, Тэс сумаас Баруун хойд зүгт 52 км/ 2025.09.25-ны өдрийн 09:55:58 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн ООГХ-ээс 10:04 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Давст, Улаангом сумын Засаг дарга болон иргэдээс утсаар холбогдож асуумж тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага зэрэг мэдэгдсэн учирсан хохиролгүй, Тэс суманд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Хан-Уул дүүрэг 8 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний зүүн урд, хүн /эмэгтэй/ усанд живсэн гэх дуудлагыг 19:00 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн О /эмэгтэй, хаяг, нас тодорхойгүй/ хясааны доод хэсэгт, буцалтгүй нэрвэгдэгч болсон байсныг ажиллан голын уснаас гаргаж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст шилжүүлэн өгсөн.
Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн "Шижир алт" гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 276 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/ "Туул" голын усанд хайргадсан байдалтай буцалтгүй нэрвэгдэгч олдсон тухай дуудлагыг 17:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход нэр, нас тодорхойгүй /эрэгтэй/ буцалтгүй нэрвэгдэгч болсон, "Туул" голд эргээсээ 50 метрийн зайд, хайргадсан байдалтай байсныг ажиллан голоос гаргаж, аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шилжүүлэн өгсөн.
Өндрөөс унах: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд Энхтайваны гүүрэн дээрээс эмэгтэй хүн үсрэх гээд байна гэх дуудлагыг 23:22 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн А /37 настай, эмэгтэй/ нь гэрийн хаяг тодорхойгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гүүрэн дээрээс үсрэх гэж байсныг 12 минут ажиллан эсэн мэнд буулгаж, Сүхбаатар дүүрэг Цагдаагийн 1-р хэлтэст хүлээлгэн өгсөн.
Төөрсөн сураггүй болсон: Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км, Тосонцэнгэл сумаас зүүн хойд зүгт 130 км, Тариалан сумаас хойд зүгт 70 км/ Тосонцэнгэл сумын харьяат 4 хүн самар түүж байснаас 09.21-ний өдрийн 15:00-16:00 цагийн орчим иргэн Э нь отгоосоо 1 км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн бөгөөд хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болсон байсан тухай дуудлагыг 09.22-ны өдрийн 14:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригадын алба хаагчид, Тариалан сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид, Тосонцэнгэл сумын мэргэжлийн ангийнхан, нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Илүүрийн гол” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 284 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км/ самар түүхээр явсан 3 иргэн буцах замдаа автомашин нь шаварт суусан үед, иргэн Д /35 настай, эрэгтэй/ сураггүй алга болсон тухай дуудлагыг 09.24-ний өдрийн 18:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Д /35 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/09/26
Шинэ мэдээОнцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц – Disaster Resilient Infrastructure 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улс болон олон улсын судлаачид гамшгийн эрсдэлийг бууруулах, хотын дэд бүтцийг тэсвэржүүлэх чиглэлээр зочин илтгэл 1, үндсэн 17 илтгэл, ханын 9 илтгэлийг хэлэлцүүллээ.
2025/09/26
Шинэ мэдээУулзалтын үеэр Монгол Улсын Онцгой байдлын байгууллага, АНУ-ын Армийн хамтарсан агаараас болон уснаас аврах дадлага сургуулийг 2026 онд зохион байгуулах, Баян-Өлгий, Ховд аймагт гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон юм.
2025/09/26
Шинэ мэдээБайгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.