Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий аймгийн 2 суманд 0.5 мм, Завхан аймгийн 1 суманд 2.0 мм, Орхон аймгийн 1 суманд 2 мм, Өмнөговь аймгийн 15 суманд 0.3-36 мм, Увс аймгийн 6 суманд 0.2-2 мм, Хөвсгөл аймгийн 5 суманд 4 мм бороо орсон. Бусад нутгаар цага агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, говийн бүс нутгаар борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс, Завхан голын хөндий, Заг-Байдраг голын эхээр -4...+1 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +1…+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10…+15 градус, бусад нутгаар +6…+11 градус дулаан, өдөртөө нутгийн баруун хагаст бага зэрэг сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Завхан голын хөндий, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр голын хөндийгөөр +7…+12 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнодын тал нутаг, Халх голын хөндийгөөр +19...+24 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ, шөнөдөө +9...+11 градус, өдөртөө +15...+17 градус дулаан байна.
Төлөв: 23-нд нутгийн зүүн хагаст, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 25-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи 23-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 23-нд нутгийн зүүн хагаст сэрүүсэх боловч бусад хугацаанд өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +20...+25 градус, бусад нутгаар шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +13...+18 градус дулаан байна.
Гал түймэр:
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хөшөөт багийн “Задгай”-д амбаарт бууц шатаж байна гэсэн дуудлагыг 09.21-ны өдрийн 08:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 71 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 4x8 метрийн хэмжээтэй амбаарт овоолсон бууц шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 20 дугаар хороонд орон сууцны байрны гадна талд хог шатаж байна гэсэн дуудлагыг 09.21-ний өдрийн 11:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход 1х3 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Алтан-Овоо багт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.21-ний өдрийн 13:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн “Рrius-41” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант багийн "Хүрээ уулын-Ар" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 68 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ өвс ачиж явсан ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.21-ний өдрийн 19:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчид, Баянхутаг сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан сумын мэргэжлийн ангийн ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж иргэн А-гийн “Кантер” загварын ачааны автомашин шатаж байсныг унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Гурвансайхан багийн ''Морогийн-Ар'' гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 252 км-т, сумын төвөөс 45 км-т/ ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 09.18-ны өдрийн 08:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Цагааннуур, Ренчинлхүмбэ сумын Мэргэжлийн ангийнхан ажиллаж мөн өдрийн 17:14 цагт цурманд оруулсан. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 170 га ойн талбай шатсан.
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан багийн “Тулт гуу” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 30 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 47 км-т/ ойн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 14:00 цагт хүлээн авсан. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, “Тужийн нарс” байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд ойн гал түймрийг унтраахаар ажиллаж 16:51 цагт цурманд оруулсан бөгөөд 18:46 цагт бүрэн унтраасан. Уг гал түймэрт 3 орчим га ойн талбай өртөж шатсан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Зам, тээврийн осол: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн “Шар толгод” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 305 км, сумын төвөөс зүүн зүгт 20 км-т/ 2 ачааны автомашин мөргөлдөж төмөр хийцэд 2 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 09.21-ний өдрийн 18:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 67 дугаар анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид, Эрүүл мэндийн төвийн ажилтнуудыг очиход Гурвантэс сумаас Өмнөговь аймгийн чиглэлд зорчиж явсан “NXG4250” загварын зүтгүүр, Шивээхүрэн боомтын чиглэлд зорчиж явсан “CA4250” зүтгүүртэй мөргөлдөж 2 автомашины жолооч иргэн Г /54 настай, эрэгтэй/, Ч /57 настай, эрэгтэй/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдан гэмтсэн байсныг 19:13 цагт эсэн мэнд гаргаж сумын Эрүүл мэндийн төвд шилжүүлэн өгсөн.
Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн “Дөрвийн газар” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 14 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 18 км-т/ суудлын автомашин авто замын хажуу руу унасан тухай дуудлагыг 09.21-ний өдрийн 21:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход Эрдэнэбүрэн сумаас Жаргалант сумын чиглэлд зорчиж явсан иргэн Э-гийн “LEXUS-470” загварын суудлын автомашин 3 зорчигчтой явж байх үедээ урдаа явж байсан “Трактор”-ыг араас нь мөргөж авто замын хажуу руу унаж иргэн Э /54 настай, эмэгтэй/ хавчуулагдсан байсныг ажиллаж эсэн мэнд гаргаж Эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Төөрсөн, сураггүй болсон:
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 30 км/ ойд мод бэлтгэж байсан иргэд бага насны хүүхдээ автомашин дотроо унтуулж орхиод, мод бэлтгэж байгаад буцаад ирэхэд нь хүүхэд нь сураггүй болсон тухай дуудлагыг 09.17-ны өдрийн 16:57 цагт хүлээн авсан. Булган, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, Зэвсэгт хүчин, Цагдаагийн байгууллага, Хилийн цэргийн байгууллага, Прокурорын байгууллага, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, аймгийн Цэргийн штаб, мөн аймгийн Мөрөн, Тариалан сумын мэргэжлийн анги, сайн дурын иргэд нийт 249 хүн, 46 техник хэрэгсэл, 10 эрэлч нохой, 5 мотоцикль, 8 морьтойгоор П /2 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/09/22
Шинэ мэдээОнцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц – Disaster Resilient Infrastructure 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улс болон олон улсын судлаачид гамшгийн эрсдэлийг бууруулах, хотын дэд бүтцийг тэсвэржүүлэх чиглэлээр зочин илтгэл 1, үндсэн 17 илтгэл, ханын 9 илтгэлийг хэлэлцүүллээ.
2025/09/22
Шинэ мэдээУулзалтын үеэр Монгол Улсын Онцгой байдлын байгууллага, АНУ-ын Армийн хамтарсан агаараас болон уснаас аврах дадлага сургуулийг 2026 онд зохион байгуулах, Баян-Өлгий, Ховд аймагт гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон юм.
2025/09/22
Шинэ мэдээБайгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.