Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Булган аймгийн 3 суманд 6 мм, Говь-Алтайн 1 суманд 11 мм, Дорнодийн 5 суманд 0.4-6 мм, Өвөрхангайн 13 суманд 0.1-4 мм, Өмнөговийн 7 суманд 2-14 мм, Сүхбаатарийн 3 суманд 0.2-6 мм, Увсын 3 суманд 1.3 мм, Ховдын 1 суманд 1 мм, Хэнтийн 16 суманд 0.3-13 мм хүртэл бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно. Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +13…+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +24...+29 градус, бусад нутгаар +18...+23 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. +20...+22 градус дулаан байна.

Төлөв байдал: 29-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд төв болон говийн айгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 9-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно. Салхи 31, 9-р сарын 01-нд Алтайн уулархаг нутаг болон Арц Богдын өвөр хоолойгоор 15-17 м/с, бусад хугацаанд 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +13...+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +24...+29 градус, бусад нутгаар шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна. 31-нд нутгийн баруун хэсгээр, 9-р сарын 1-нд ихэнх нутгаар дулаарна.

Гал түймэр:

Булган аймаг, Булган сум Ухаарал баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.27-ны өдрийн 20:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 20 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн  10х14 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 2х3 метрийн хэмжээтэй угаалгын өрөө шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дорноговь аймаг, Эрдэнэ сум Еншөөв багийн “Нартын хошуу” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 78 км/ Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд тавилгын материал тээвэрлэж явсан ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.27-ны өдрийн 23:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ын “Норд бэнз” загварын автомашины тээвэрлэж явсан ачааны хэсэг шатаж байсныг  ажиллаж унтраасан. 

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол: 

Сүхбаатар аймаг, Сүхбаатар сум Шинэбулаг баг /аймгийн төвөөс зүүн хойд  зүгт 9 км/  суудлын автомашин онхолдож, жолооч нь автомашинаасаа гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 08.27-ны өдрийн 11:00 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход  “Тоёота ландкруйзер 80” загварын суудлын автомашин онхолдож, жолооч М/42 настай, эрэгтэй/ автомашиныхаа жолооны хүрд болон суудлын завсар хавчуулагдсан байсныг 7 минут ажиллан гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт эсэн мэнд хүлээлгэн өгсөн.

Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл: 

Ховд аймаг, Жаргалант сум Бичигт баг 08.26-ны өдрийн 16:55 цагт орсон түр зуурын усархаг борооны улмаас  хотхоны гарааш болон орон сууцны зоорийн давхар, гэр усанд автсан тухай дуудлагыг 08.27-ны өдрийн 09:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, 7 өрхийн 7 гэр, 9 хашаа, 2 байшин, 1 орон сууцны зоорийн давхар, 4 гарааш, 1 аж ахуйн нэгжийн барилгын зоорийн давхар усанд автсан байсныг 7 цаг ажиллаж, нийт 120 тн усыг соруулж аюулгүй болгосон. Мөн тус сумын Онцгой комиссын шийдвэрээр  айл өрх, аж ахуйн нэгж, нийтийн эзэмшлийн гудамж талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт, үерийн хамгаалалтын даланг сэргээх ажлуудыг зохион байгуулж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гамшигт тэсвэртэй дэд бүтцийг хөгжүүлэхэд шинжлэх ухаан, судалгааны нотолгоо чухал үүрэгтэйг харууллаа

Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц – Disaster Resilient Infrastructure 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улс болон олон улсын судлаачид гамшгийн эрсдэлийг бууруулах, хотын дэд бүтцийг тэсвэржүүлэх чиглэлээр зочин илтгэл 1, үндсэн 17 илтгэл, ханын 9 илтгэлийг хэлэлцүүллээ.

Гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо

Уулзалтын үеэр Монгол Улсын Онцгой байдлын байгууллага, АНУ-ын Армийн хамтарсан агаараас болон уснаас аврах дадлага сургуулийг 2026 онд зохион байгуулах, Баян-Өлгий, Ховд аймагт гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон юм.

Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.