Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хотод 0,1 мм, Говьсүмбэр аймгийн 1 суманд 0,1 мм, Дархан-Уул аймгийн 4 суманд 11,6 мм, Сэлэнгэ аймгийн 3 суманд 1,9 мм, Төв аймгийн 1 суманд 1 мм, Хэнтий аймгийн 1 суманд 0,2 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс зүүн хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн баруун хэсгээр борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +17…+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +30...+35 градус, бусад нутгаар +23...+28 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +26...+28 градус дулаан байна.
Төлөв байдал: 20-нд баруун аймгуудын нутгийн хойд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 20-ноос ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +13...+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +24...+29 градус, бусад нутгаар шөнөдөө +7…+12 градус, өдөртөө +17...+22 градус дулаан байна. 22, 23-нд нутгийн баруун хагаст дулаарна.
Гал түймэр:
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд 2 давхар объектод гал гараад байна гэсэн дуудлагыг 08.19-ний өдрийн 00:40 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр анги, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, PC тоглоомын төвийн 2 дугаар давхарт гал гарсны улмаас тус төвийн 15х20 метрийн хэмжээтэй объектын дээврийн хэсэг болон 2 дугаар давхар шатаж байсныг унтраасан.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай 1 дүгээр багт худалдааны төвийн дотор гал гарч байна гэсэн дуудлагыг 08.18-ны өдрийн 05:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Хүдэр сум дахь Эрэн хайх аврах салбар, Сүхбаатар сум дахь 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход 12х32 метрийн хэмжээтэй худалдааны төв шатаж байсныг ажиллан унтрааж, тус сумын Засаг даргад хүлээлгэн өгсөн.
Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 08.18-ны өдрийн 12:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багт байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.18-ны өдрийн 18:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн 6х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.18-ны өдрийн 20:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн түрээсэлж байсан 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дотор хэсэг, 1х3 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Баавгайт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 218 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 08.16-ны өдрийн 14:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан унтраах ажиллагааг зохион байгуулж, 08.17-ны өдрийн 11:00 цагт цурамд оруулан 08.18-ны өдрийн 13:45 цагт бүрэн унтрааж, тус сумын Байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар түймэрт 15 га талбай өртөж шатсан.
Увс аймгийн Зүүнхангай сумын Жаргалант багийн “Бага Товгорын-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 280 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км, Баруунтуруун сумын төвөөс зүүн зүгт 80 км/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 08.17-ны өдрийн 19:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь 60 дугаар ангийн алба хаагчид, Зүүнхангай сумын Мэргэжлийн ангийнхан унтраах ажиллагааг зохион байгуулан 08.18-ны өдрийн 01:40 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймэрт 13 га талбай өртөж шатсан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд хүүхэд “Туул” голд живсэн гэсэн дуудлагыг 08.12-ны өдрийн 16:28 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн Б /11 настай, эрэгтэй/-г уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, нийт 187 удаагийн шумбалт хийж цогцсыг Сонсголонгийн гүүрнээс баруун зүгт 13 км зайд “Улаан худаг” гэдэг газраас 08.18-ны өдрийн 17:07 цагт олж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/08/19
Шинэ мэдээОнцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц – Disaster Resilient Infrastructure 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улс болон олон улсын судлаачид гамшгийн эрсдэлийг бууруулах, хотын дэд бүтцийг тэсвэржүүлэх чиглэлээр зочин илтгэл 1, үндсэн 17 илтгэл, ханын 9 илтгэлийг хэлэлцүүллээ.
2025/08/19
Шинэ мэдээУулзалтын үеэр Монгол Улсын Онцгой байдлын байгууллага, АНУ-ын Армийн хамтарсан агаараас болон уснаас аврах дадлага сургуулийг 2026 онд зохион байгуулах, Баян-Өлгий, Ховд аймагт гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон юм.
2025/08/19
Шинэ мэдээБайгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.