Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баян-Өлгийн 3 суманд 0,1 мм, Баянхонгорын 6 суманд 3 мм, Дорнодын 1 суманд 8.5 мм, Завханы 4 суманд 1 мм, Орхоны 1 суманд 5 мм, Өвөрхангайн 1 суманд 0.3 мм, Өмнөговийн 7 суманд 26 мм, Сүхбаатарын 2 суманд 2.2 мм, Увсын 2 суманд 0.7 мм, Хэнтийн 2 суманд 1.6 мм бороо орсон.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд болон зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +17...+22 градус, Алтайн өвөр говиор +30...+35 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +26...+31 градус, бусад нутгаар +21…+26 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +13…+15 градус, өдөртөө +20…+22 градус дулаан байна.
Төлөв байдал: 05-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 07-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 08-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +18...+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +19...+24 градус, өдөртөө +32...+37 градус, бусад нутгаар шөнөдөө +12…+17 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 24 дүгээр хороо айлаас гал гараад байна гэсэн дуудлагыг 08.03-ны өдрийн 09:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын орон сууцны 25 м.кв хэмжээтэй гал тогооны эд хогшил, зочны өрөөний эд хогшил бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 25 хүн /том хүн-15, хүүхэд-10/-ийг гаргасан.
Дархан-Уул аймаг, Шарынгол сум байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.03-ны өдрийн 11:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь 55 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн З-ийн 10х8 метрийн хэмжээтэй байшингийн дотор хэсэг, дээврийн хэсэг бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ховд аймаг, Ховд сум Баруун салаа багийн “Хар нуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 60 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км/ хадлангийн талбайд өвс ачсан ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.03-ны өдрийн 23:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн У-ын “Hyundai Mighty” загварын 200 боодол өвс ачсан ачааны автомашин бүрэн шатаж, 10х10 метрийн хэмжээтэй талбайд гал тархсан байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 12 дугаар хорооны “Сонгино” амралт газрын зүүн хойд талд Нэг хүн голын ус руу унаж, модноос зүүгдээд гацсан байна гэсэн дуудлагыг 08.03-ны өдрийн 15:34 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б/27 настай, эрэгтэй/ гэр бүлийн хамт амарч байх үедээ голын усаар гарах гэж яваад халтирч ус руу унаж модноос зүүгдсэн байдалтай байсныг эсэн мэнд гаргаж, ар гэрийнхэнд нь болон тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.
Өмнөговь аймаг, Ханхонгор сум Мандах багийн “Мухар Шивэртийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 35 км, сумын төвөөс баруун зүгт 55 км/ 08.03-ны өдрийн 14:30 цагийн орчим уруйн үер буусны улмаас 2 зорчигчтой суудлын автомашин үерийн усанд суусан тухай дуудлагыг мөн өдрийн 14:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн С-ийн “Hyundai Sonata” загварын суудлын автомашин үерийн усанд суусан байсныг ажиллаж татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/08/04
Шинэ мэдээОнцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц – Disaster Resilient Infrastructure 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улс болон олон улсын судлаачид гамшгийн эрсдэлийг бууруулах, хотын дэд бүтцийг тэсвэржүүлэх чиглэлээр зочин илтгэл 1, үндсэн 17 илтгэл, ханын 9 илтгэлийг хэлэлцүүллээ.
2025/08/04
Шинэ мэдээУулзалтын үеэр Монгол Улсын Онцгой байдлын байгууллага, АНУ-ын Армийн хамтарсан агаараас болон уснаас аврах дадлага сургуулийг 2026 онд зохион байгуулах, Баян-Өлгий, Ховд аймагт гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон юм.
2025/08/04
Шинэ мэдээБайгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн, гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах стратеги, арга зүй боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх ба байгалийн гамшгийн үед харилцан туслалцаа үзүүлж, энэ салбарын бусад харилцан сонирхол илэрхийлсэн чиглэлүүдээр хамтран ажиллана.