Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хотод 1.1 мм, Архангай 0.9 мм, Булган аймагт 1.6 мм, Дархан-Уул аймагт 0.5 мм, Орхон аймагт 1.2 мм, Хөвсгөл аймагт 0.5-2 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон голын хөндийгөөр +16…+21 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Хэрлэн голын хөндийгөөр +26…+31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар +30…+35 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна. 

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +23…+25 градус дулаан байна.

Төлөв байдал: 4-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд баруун, говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 7-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +16...+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +11…+16 градус, өдөртөө +23...+28 градус дулаан байна. 6-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 7-нд нутгийн зүүн хагаст хална.

Гал түймэр:

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.02-ны өдрийн 09:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн 8 алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн 4х9 метрийн хэмжээтэй байшин дотор цахилгааны утас шатаж байсныг ажиллаж унтраасан.       

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.02-ны өдрийн 10:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буур хээр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.02-ны өдрийн 13.05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар  ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 6х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.     

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07.02-ны өдрийн 15:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн 44 дүгээр ангийн алба хаагчддыг очиход иргэн Т-гийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар, эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.02-ны өдрийн 15:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн "Тоёота рав 4" загварын суудлын автомашин, иргэн М-ийн 2х2 метрийн хэмжээтэй амбаар тус тус шатаж, 2х2 метрийн амбаарын дээврийн хэсэг хайрагдаж байсныг ажиллаж унтраасан. 

Багануур дүүргийн 1 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.02-ны өдийн 20:14 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 07.02-ны өдрийн 22:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн У-гийн тогооны өрөөний хэсэгт эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс тус байрны 23 иргэн /18 том хүн, 5 хүүхэд/-ийг аюулгүй газарт гаргасан.

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 07.03-ны өдрийн 02:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус зочид буудлын гаднах 2х5 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр:

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2 дугаар багийн “Хар морьт” гэдэг газар /Дархан-Уул аймгийн төвөөс зүүн урд зүгт 82 км, Баянгол сумын төвөөс зүүн хойд зүгт 85 км, Шарын гол сумын төвөөс урд зүгт 30 км/ ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 07.01-ний өдрийн 16:19 цагт хүлээн авсан. Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн алба хаагчид, Шарын гол сумын Засаг дарга, “Шарын гол” ХК, “Бичил уурхай”, Баянгол сумын ажилтнууд, нийт 54 хүн, 10 автомашинтай 19:40 цагт очиж ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймрийн зүүн урд хэсэгт унанги, шаталга ихтэй байна. Урьдчилсан байдлаар ой, хээрийн гал түймэрт 31 га талбай өртөж шатсан.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Тарвагатай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 210 км, сумын төвөөс баруун хойд зүгт 40 км/ ой, хээрийн гал түймэр гарсан гэсэн дуудлагыг 07.01-ний өдрийн 16:06 цагт хүлээн авсан. Онцгой байдлын ерөнхий газар, Сэлэнгэ, Өвөрхангай, Дундговь, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Цагдаагийн байгууллагын алба хаагч, орон нутгийн иргэд, нийт 54 хүн, 7 автомашин, 3 мотоциклтой ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Босоо мод ихтэй, шаталга их явагдаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Могой голын-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 320 км, Ерөө сумаас зүүн урд зүгт 265 км, Мандал сумаас зүүн хойд зүгт 135 км/ www.firms.modaps.eosdis.nasa.gov сайтад түймрийн цэг илэрсэн дуудлагыг 07.01-ний өдрийн 16:10 цагт хүлээн авсан. Үндэсний аврах бригад, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь 19 дүгээр ангийн алба хаагчдыг Сэлэнгэ аймгийн Мандал сумаас 2 удаагийн нислэгээр тээвэрлэн түймрийн голомтод буулгаж, ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна. Түймрийн голомтод хөвд, унанги мод ихтэй. Урьдчилсан байдлаар түймэрт 15 га талбай өртсөн.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Жаргалант” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 160 км, сумын төвөөс зүүн урд зүгт 60 км/ www.firms.modaps.eosdis.nasa.gov сайтад түймрийн цэг илэрсэн дуудлагыг 07.01-ний өдрийн 16:50 цагт хүлээн авсан. Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Орхон, Говьсүмбэр, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын  алба хаагчид, орон нутгийн иргэд, нийт 107 хүн, 16 автомашинтайгаар ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна. Шатаж буй хэсэг нь хуурай ургаа мод, унанги, хөвд ихтэй. 

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Асгатын Амны Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 330 км, Ерөө сумын төвөөс зүүн урд зүгт 275 км, Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км/ ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 07.01-ний өдрийн 16:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь 19 дүгээр анги, нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид, “Бэрлэг-Майнинг” ХХК-ийн ажилтнууд, орон нутгийн иргэд ой, хээрийн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 07.02-ны өдрийн 14:14 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. 

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны "Аравын даваа" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 184 км, Бугант тосгоноос баруун урд зүгт 20 км/ ойн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 07.02-ны өдрийн 17:38 цагт хүлээн авсан. Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.  Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 40 орчим га талбай өртсөн.

Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Өвөрхангай аймгийн Богд сумын Өлзийт хошуу багийн “Хайрлахын-Ам”, “Чулуутын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 168 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 32 км-т/ 07.02-ны өдрийн 22:17:48 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай мэдээллийг мөн өдрийн 22:25 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Богд сумын дарга, Засаг даргын орлогч, Өлзийт хошуу багийн Засаг дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохиролгүй гэж мэдэгдсэн.

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Дэлгэр-Эмт багийн “Цагаан толгой” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 13 км-т/ 07.03-ны өдрийн 07:03:50 цагт 5.0 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай мэдээллийг мөн өдрийн 07:12 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Газар хөдлөлтийн чичирхийлэлт Дундговь аймгийн төв Сайнцагаан сум болон Дэлгэрцогт, Адаацаг, Дэрэн, сумдад мэдрэгдсэн. Урьдчилсан байдлаар учирсан хохиролгүй гэж орон нутгаас мэдэгдсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ажиллагааны шуурхай штабт ажиллаж, үүрэг чиглэл өглөө

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабт ажиллаж, 21 аймгийн Шуурхай штабтай цахимаар холбогдон мэдээлэл сонсож, үүрэг чиглэл өглөө.

Улсын хэмжээнд 29 гол, мөрөн, нуурын эрэг дагуу завьт эргүүл ажиллаж байна

Мөн 14 аймгийн 29 гол, мөрөн, нуурын эрэг дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 400 орчим алба хаагч завьт эргүүл, морин эргүүл, явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа юм.

ХӨНДӨХ СЭДЭВ: Наадмын урт амралттай зэрэгцсэн аюул “УСНЫ ОСОЛ“

Олон хоногийн амралт эхлэх дөхсөнтэй холбоотойгоор холбогдох албаныхан өдөр бүр шахуу шахуу сэрэмжлүүлэг гаргаж, ард иргэдээ усанд осолдохоос мянгантаа сэрэмжлүүлж байгаа ч тогтож харж, толгойдоо эргэцүүлж байгаа хүн ховор. Үнэн хэрэгтээ усны осол нь хувь хүний хариуцлагатай шууд холбоотой. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голд ороогүй бол, гол усны ойролцоо бяцхан үрсээ хараа хяналтгүй орхиогүй бол өнөөдөр хэдэн амь бидний дэргэд байх байсныг тааварлашгүй.