Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн жолоодлогын улсын аварга шалгаруулах тэмцээний хаалтын арга хэмжээнд оролцож, мэргэжлийн төрлийн шигшээ тоглолтыг үзэж, шилдэг оролцогчдод шагнал гардууллаа.

Тэрбээр хэлсэн үгэндээ "Дэлхий дахинд нисгэгчгүй нисэх хэрэгслийн технологи асар хурдацтай хөгжиж, түүний хэрэглээ эдийн засаг, батлан хамгаалах, гамшигтай тэмцэх зэрэг бүхий л салбарын үйл ажиллагаанд нэн эрчимтэй нэвтэрч, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүн хүчийг үлэмж хэмнэж байна. Тухайлбал, 2023 онд барилгын салбарт 44, хөдөө аж ахуйн салбарт 38, батлан хамгаалах салбарт 28 хувиар дроны зах зээл нэмэгдсэн. Байгаль цаг уурын харилцан адилгүй бүсчлэл бүхий өргөн уудам нутаг дэвсгэртэй, дэд бүтэц сул хөгжсөн, хүн ам цөөтэй Монгол Улсын хувьд дэвшилтэт техник, өндөр технологийг бүх салбарт өргөнөөр ашиглаж, мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарт олон улсад өрсөлдөх чадавхтай байх нь үндэсний аюулгүй байдлыг хангах бодлогын нэн чухал зорилт байх ёстой. Иймд дроны техник, технологийг нэвтрүүлэх, үндэсний аюулгүй байдал, улс ардын аж ахуйд өргөнөөр ашиглах, чадварлаг оператор-нисгэгчдийг бэлтгэх, улмаар дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд төр засгийн бодлого, олон нийтийн идэвхтэй оролцоо, төр-хувийн хэвшлийн түншлэл чиглэх учиртай. “Дронкон” улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн нь Монгол Улсад нисгэгчгүй нисэх хэрэгслийн спортыг хөгжүүлэхийн зэрэгцээ дроны хэрэглээ, үйлдвэрлэл, хөгжүүлэлтийг шинэ шатанд гаргаж, үндэсний техник, технологи, мэргэжлийн хүний нөөцийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Энэ чиглэлд хувийн хэвшлийн байгууллага, иргэдийн санаачилга, оролцоо үлэмж их байгааг сайшаан тэмдэглэхийн хажуугаар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд идэвхтэй оролцсонд сэтгэл хангалуун байна. Цаашид төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд Монгол Улсад нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг ашиглах, программ хангамжийг хөгжүүлэх тал дээр түүчээлэн манлайлж, хүүхэд залуусын дунд дрон, нисэх загвар зохион бүтээх, энэ төрлийн спортыг хөгжүүлэхэд холбогдох яам, агентлагийн удирдлагууд онцгойлон анхаарч ажиллах ёстой. Улмаар нисгэгчгүй нисэх хэрэгслийн ашиглалтын эрх зүйн орчныг олон улсын туршлага, сургамжид нийцүүлэн маш нарийн боловсруулан мөрдүүлэх, дроноос хамгаалах системийг бий болгон хөгжүүлэх шаардлагатай" хэмээн онцоллоо.

Мөн энэхүү тэмцээн жилээс жилд хүрээгээ тэлж, олон улсын тэмцээн болж өргөжнө гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлж, тэмцээнийг амжилттай зохион байгуулсан Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал, дэмжин оролцсон төрийн болон төрийн бус байгууллагуудад чин сэтгэлийн талархал илэрхийллээ.


2025/01/27
Шинэ мэдээУулзалтын эхэнд хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Засгийн газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах дунд хугацааны стратегийн 2030 он хүртэл 3 үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Тус стратеги нь Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичигт суурилсан бөгөөд Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030, Уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээр, мөн Хотжилтын шинэ хөтөлбөр зэрэг хөгжлийн баримт бичигтэй нягт уялдаж байгааг онцолсон юм.
2025/01/27
Шинэ мэдээМөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “Эрт сэрэмжлүүлгийг хүн бүрт” санаачилгыг Монгол Улсын Засгийн газар дэмжин, төрийн бодлогодоо уялдуулан хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулахад анхаарч ажиллаж байгааг хошууч генерал Г.Ариунбуян танилцууллаа.
2025/01/27
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ