Хүн бүрийн мөрөөдлийн гүүр өөр, өөрийн гэсэн замналтай. Түүнийгээ өөрөө хэрхэн бүтээхээс хамаарч, амжилтын буухиаг үргэлжүүлдэг онцлогтой. Албандаа чин сэтгэлтэй, өөрийн гэсэн үзэл бодол, чадвартай залуусын төлөөлөл түүнийг энэ удаагийн Nematimes булан онцоллоо. Түүнийг Лхагвасүрэнгийн Ганбат гэдэг. Нийслэлийн Аврах ангийн I бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагчаар ажиллаж байгаа ахлах дэслэгч цолтой алба хаагч юм.
-Миний бие нь Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд айлын ууган хүү болж мэндэлсэн. Ам бүл дөрөв. 2005-2017 онд Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 87 дугаар сургууль, 2017-2021 онд ҮБХИС-ийн Цэргийн Нэгдсэн дээд сургуулийг ерөнхий цэргийн команд мэргэжлээр төгсөж, мөн оноос дөрөв дэх жилдээ нийслэлийн Аврах ангид бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагчаар ажиллаж байна.
-Багаасаа л цэргийн холбогдолтой кино үзэж, ёсолгоо хийж, цэргийн хүн болчихсон юм шиг төсөөлж ирсэн мөрөөдөл минь биелсэн. Онцгой байдлын албыг хамгийн гэгээлэг гэрэлтэй, хүний амь, эд хөрөнгийг хоёргүй сэтгэлээр аварч, хамгаалдаг болохоор сонгосон. Ажиллах хугацаандаа томилгоот ээлжинд 410 удаа гарч, 9840 цагийн үүрэг гүйцэтгэн, аюулт үзэгдэл, ослын 148 дуудлагаар ажиллаж, 540 иргэний амь насыг авран хамгаалж, 42 буцалтгүй нэрвэгдэгчийг гарган Цагдаагийн байгууллага, ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.
- Хүний амь эрсдээгүй байгаасай, амьд л байгаасай гэж дуудлагаар очих бүртээ л “залбирдаг”. Манай алба бол багаар ажиллаж байж, аврах ажиллагааг амжилттай зохион байгуулдаг онцлогтой. Хүн бүрийн үүрэг, хариуцлага, оролцоо маш чухал. Өнгөрсөн 2023 онд нийслэлийн Аврах ангийн “Шилдэг бүлэг”-ээр манай бүлэг шалгарч байсан бол 2024 онд НОБГ-ын “Шилдэг бүлгийн дарга”-аар шалгарсандаа баяртай байна. Энэ жил бүлгээрээ 41 удаагийн дуудлагаар ажиллаж, 128 иргэний амь насыг авран хамгаалсан.
- Бүлгийн даргын хувьд аврах ажиллагааны цагийн байдал, үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан дүгнэлт хийж, аюулгүй байдлаа хангасны эцэст аврах ажиллагааг зохион байгуулдаг. Дадлага сургуулийг тогтмол хийж, бие биенээсээ суралцана. Алба хаагчдынхаа сэтгэлзүйг дэмжиж, бүх зүйлд “манлайлагч” байхыг эрхэмлэдэг.
- Сагсан бөмбөг тоглож, гүйх дуртай. Багаасаа өвөөгөө дагаж уяан дээр өссөн болохоор морь уях хоббитой. Хүн болгон өөрийн гэсэн зорилготой, зорилгодоо хүрэхийн тулд тууштай хичээж, өөрийгөө дайчлах юм бол бүх зүйлийг бүтээж чадна гэж боддог. Өөрийгөө үргэлж дайчилдаг учраас зарчимч, шударга. Баг хамт олноороо нийслэлэийн хүрээний Марш-тактик тусгай бэлтгэлийн тэмцээнээс хүрэл, хоёр мөнгө медаль хүртэж, 2023 онд болсон Онцгой байдлын ерөнхий газрын “Жагсаалын үзүүлэх тоглолт”-д тэргүүлж, 2021, 2022, 2023 оны нийслэлийн “Мэргэжлийн-Аврагч” тэмцээнд хоёр удаа тэргүүлж, нэг удаа дэд байрын шагнал хүртсэн.
-Залуу хүний хувьд эх орон, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, өөрийн мэргэжлийг дээшлүүлж суралцахыг үргэлж зорилгоо болгодог. Ингэснээр хийж байгаа ажилдаа туршлагажиж, алба хаагчдаа дадлагажуулахад томоохон түлхэц болдог. Онцгой байдлын алба, тэр дундаа ахлагч бүрэлдэхүүн бол миний бахархал. Удахгүй 2024 он үүдээ хааж, 2025 он шинэ хаалгаа нээх гэж байна. Хүн бүрийн хүслийг биелүүлсэн, аз жаргалаар дүүрэн жил байх болтугай.
2024/12/18Шинэ мэдээ
Мөн тэрбээр академийн төгсөгчид Онцгой байдлын салбарын чухал боловсон хүчин болж байгааг онцолсон юм.
2024/12/18Шинэ мэдээ
Мөн тус академид Онцгой байдлын албанаас 1965 оноос өнөөдрийг хүртэлх 58 жилийн хугацаанд 180 гаруй суралцагч, сонсогч суралцаж, галын аюулгүй байдлын тусгай мэргэжилтэн, инженер, шинжээч зэрэг мэргэжлээр бакалавр 110, магистр 70, доктор зэрэгтэй 2 алба хаагч тус тус амжилттай суралцан төгсөж, Онцгой байдлын байгууллагын бүх шатны албан тушаалд бусдыгаа манлайлан ажиллаж байгааг уулзалтын үеэр онцоллоо.
2024/12/18Шинэ мэдээ
Сургалтыг “Хүний аюулгүй байдлын академи” ТББ-тай хамтран зохион байгуулсан бөгөөд алба хаагчдад өдөр тутмын үйл ажиллагааны аюулгүй байдлыг чанаржуулах, мэргэжлийн ур чадвар, чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд мэдлэг, ойлголтыг өгсөн юм.