Говийн гурван аймгаар яваад ирлээ. Малчид хэзээнээс тайван уужуу хүмүүс сэн. Гэвч цаг агаарын хүнд бэрх үзэгдэл тэднийг тайван биш хашир занд сургасан юм байна гэдгийг өвс тэжээлээ хэдийнэ бэлдэж, хашаа хороогоо засаж, сэлбэн, бөмбийтөл дулаалснаас харж явав. Ялангуяа өнгөрсөн өвлийн зуднаар нүдэн дээрээ хотоо харлуулчихаад дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгчтэй нүүр тулсан малчид энэ жил ёстой “Тэгнэ ч гэж байхгүй шүү” гэх шиг өвлийн бэлтгэлээ жимбийтэл хийжээ.
Өнгөрсөн долоо хоногт 21 аймагт Улсын Онцгой Комиссын долоон шуурхай бүлэг “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрт хамрагдаж, хөрөнгө оруулалтын зээл авсан малчид, хоршоологчидтой уулзаж, өвөлжилтийн бэлтгэл болон хоршооноос авсан зээлийн зарцуулалт хэрэгжилтэд хяналт тавин ажиллаад ирсэн. Манай баг говийн аймгууд руу томилолт өвөртөлж, ажлаа Дундговь аймгийн Эрдэнэцогт сумаас эхлүүлэн, Говьсүмбэр, Дорноговь аймгийн нутгаар үргэлжлүүлсэн юм.
-МАЛЧИД ШИНЭ ХОРШООНЫ ЗЭЭЛД ХАМРАГДАН ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН АВАХААС ГАДНА ХАДЛАНГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ АВЧ, ӨВС ТЭЖЭЭЛЭЭ БЭЛТГЭН, ҮХРИЙН ФЕРМР, МАХНЫ ХӨРГҮҮР БАРЬЖЭЭ-
“Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх тухай 2024 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 166-р тогтоолын дагуу “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Таван жилийн хугацаанд хэрэгжих энэхүү хөтөлбөрийн хүрээнд 5 их наяд төгрөгийн зээлийн санхүүжилтийг Монголбанк болон арилжааны долоон банк хоршоогоор дамжуулан малчдад зургаан хувийн хүүтэй олгох юм. Ингээд бид малчид хоршооны зээлээ хэрхэн зарцуулсантай нь танилцахад ихэнх нь үржлийн мал авч, хашаа хороогоо дулаалж, хадлангийн тоног төхөөрөмж авч, өвс тэжээлээ бэлдэж, үхрийн фермтэй болж, махаа хадгалж, нөөцлөх хөргүүр барьж, сүү сүүн бүтээгдэхүүн хийж, борлуулах байр барих байдлаар зарцуулжээ. Малчдын хувьд хүү багатай тус зээлд ам сайтай байх бөгөөд дахин малжих боломж олгож байгааг онцолж байв.
Бидний эхний уулзсан хоршоологч бол Дундговь аймгийн Хулд сумын хоршооны дарга Баатардорж. Түүний хувьд хоршооныхоо зээлээр тэмээ авсан байна. Энэ талаар “Манай хоршоо 10 гишүүнтэй. Зургаа нь энэхүү зээлд хамрагдаж, мал авсан. Миний хувьд олдохын хүрэн бор гээд сайн омгийн тэмээ авсан. Тэмээний ашиг шим бол ган зудад тэсвэртэй, жилийн дөрвөн улиралд сааль, ноос, мах, сүүгээ өгдөг. Мөн манай хоршооныхон 10 тонн махны хөргүүртэй. Хоршооны зээл малчдад тун хэрэгтэй. Малчдыг эргээд малжихад нь санхүүгийн том дэмжлэг болж байгаа” гэж байв.
Мөн Говьсүмбэр аймгийн "Тэвшийн хажуу ус" хоршоогоор ороход хоршооны гишүүд хамтран шар сүүний чихэр, ааруул хийдэг гэнэ. Тэдний хувьд 2004 онд мал аж ахуйн Дэвжих малчны бүлэг нэртэйгээр байгуулагдан улмаар 2005 онд хоршоо болон өргөжиж, одоогоор 58 гишүүнтэйгээр эрчимжсэн мал аж ахуй, сүү, цагаан идээ борлуулалт, газар тариалан, мал, тэжээл үйлдвэрлэл, оёдол, хадлан зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байна. Мөн хийсэн бүтээгдэхүүнээрээ өргөтгөсөн үзэсгэлэн худалдаануудад оролцдогоо ч онцлон хэлж байлаа. Говийн гурван аймгийн хоршооны малчин айл өрхүүд энэ мэтээр зээлийн зарцуулалтаа танилцуулж байсан юм.
-УЛСЫН АВАРГА МАЛЧИН Г.МӨНХБАЯРЫНХ ӨВС, ТЭЖЭЭЛ ТУС БҮР 100 ТОННЫГ БЭЛДЖЭЭ-
Үргэлжлүүлэн бид говийн гурван аймгаг болон тэдгээрийн сумдын өвөлжилтийн бэлэн байдлыг шалгахад аймаг, сумдын өвөлжилт 80-90 хувьтай хангагдсан байсан бол малаа зудад алдсан малчид өвөлд илүүтэй хашир хандаж буй нь анзаарагдаж байсан юм.
Тухайлбал, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нэгдүгээр багийн улсын аварга малчин Г.Мөнхбаярын хувьд Өнгөрсөн жил улс орон даяар байгалийн давтагдашгүй гамшигт үзэгдэл, зуд турьхан болсон. Энэ жилийн хувьд 100 тонн өвс, 100 тонн ногоон тэжээл, тонн 500 хивэг, улаан буудай нөөцөлж бэлтгэлээ. Малынхаа хашаа хороог засварлаж, 1500 мал багтахаар бэлдсэн байна.
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ДАРГА Э.ТҮВШИНЗАЯА: АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 146 ТОНН ӨВС НӨӨЦӨЛСӨН
Говьсүмбэр аймгийн хувьд өнгөрсөн жил 100 хувь зудын эрсдэл нөхцөл байдалтай байжээ. Үүний хор уршгаар аймгийн хэмжээнд нийт малын 26.5 хувь буюу 121 мянган толгой мал хорогдож, малынхаа 70 хувиас дээш хувийг алдсан 80 орчим өрх бий гэдгийг тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Э.Түвшинзаяа онцолж байв.
Тэрбээр “Манай аймгийн өвөлжилтийн нөхцөл байдал харьцангуй сайхан байна. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 02 албан даалгавар, Засгийн газрын 28 дугаар тогтоолын хүрээнд өвөлжилтийн нөхцөл байдлыг хангуулах аймгийн засаг даргын захирамж гарч, төлөвлөгөө гарган ажилласан. Одоогоор төлөвлөгөөний хэрэгжилт 87.5 хувьтай байна. Энэ жил өнгөрсөн жилийн хүндхэн өвлийн ар дээр малчид өвөлжилтийн бэлтгэлийг сайтар базаасан. Аймгийн хэмжээнд энэ жил нийт 230 орчим толгой мал өвөлжиж, хаваржихаар байгаа. Нийт 120 гаруй толгой малыг зах зээл, эдийн засгийн эргэлтэд оруулахаар тооцсон. Манай аймаг энэ жил 146 тонн өвс бэлтгэсэн. Сумдын хувьд Засгийн газрын тогтоолоор 50 тонн өвс, 20 тонн тэжээлийн нөөц авахаар тогтсон байгаа. Үүнийгээ бүрдүүлэхээр тендерээ зарлаад, түүнийх нь дагуу гүйцэтгэх компаниуд сонгон шалгаруулж, гэрээ байгуулаад, өвс, тэжээл татах, авах ажлууд өрнөж байна. Зарим сум өвс, тэжээлээ хэдийнэ татаад авсан байна” гэсэн юм.
Ийнхүү зудад малаа алдсан говийн аймгийн малчид өвөлд хашир хандаж байна. Улсын онцгой комиссоос зудын эрсдлийн үнэлгээгээр Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгуудад их эрсдэлтэй, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Сүхбаатар, аймгууд дунд эрсдэлтэй гарсан талаар мэдээлснийг энд мөн дурдан сануулах нь зүйтэй.
Эх сурвалж:https://ergelt.mn/news/125/single/49588
2024/12/18Шинэ мэдээ
Мөн тэрбээр академийн төгсөгчид Онцгой байдлын салбарын чухал боловсон хүчин болж байгааг онцолсон юм.
2024/12/18Шинэ мэдээ
Мөн тус академид Онцгой байдлын албанаас 1965 оноос өнөөдрийг хүртэлх 58 жилийн хугацаанд 180 гаруй суралцагч, сонсогч суралцаж, галын аюулгүй байдлын тусгай мэргэжилтэн, инженер, шинжээч зэрэг мэргэжлээр бакалавр 110, магистр 70, доктор зэрэгтэй 2 алба хаагч тус тус амжилттай суралцан төгсөж, Онцгой байдлын байгууллагын бүх шатны албан тушаалд бусдыгаа манлайлан ажиллаж байгааг уулзалтын үеэр онцоллоо.
2024/12/18Шинэ мэдээ
Сургалтыг “Хүний аюулгүй байдлын академи” ТББ-тай хамтран зохион байгуулсан бөгөөд алба хаагчдад өдөр тутмын үйл ажиллагааны аюулгүй байдлыг чанаржуулах, мэргэжлийн ур чадвар, чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд мэдлэг, ойлголтыг өгсөн юм.