Т.Ууганбаяр: Онцгойн аврах бүлгийг 300 километрийн цаанаас ирүүлэхийн тулд таван настай хүүхдээ эндчихсэн гэх худал дуудлага өгч байсан

A- A A+

А.Даваадулам

ОБЕГ-ын харьяа 119-р ангийн Шуурхай удирдлагын ерөнхий зохицуулагч, дэд хурандаа Т.Ууганбаяртай ярилцлаа. Аврагчдынхаа зовлон, жаргал, ажил албаныхаа давуу болон сул талыг хэнээс ч зүрхшээлгүй өгүүлсэн түүний ярилцлагыг хүлээн авна уу.

-Онцгой байдлын алба бол маш олон салбарын мэргэжилтэн, аврагчдаас бүрдсэн том айл. Энэ айлын тулах багана нь гэж хэлж болохуйц үүрэг гүйцэтгэдэг чиглэл бол “Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв”. Иргэд энэ төвийн тухай ойлголт, мэдлэг харьцангуй багатай байдаг.  

-Магадгүй шүү. Тэгвэл “Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв”-ийн ажил үүргийг хамгийн энгийнээр тайлбарлах юм бол ямар нэгэн гамшигт үзэгдэл, аваар осол гарахад анхдагч мэдээлэл нь бидэнд ирдэг юм. Бид тухайн аюул, ослын мэдээллийг бүрэн цуглуулж,  дүн шинжилгээ хийгээд шийдвэр гаргана. Хаанаас хэчнээн хүн, техник хэрэгсэл гаргах уу. Шаардлагатай үед нэмэлт хүчийг аль аймгаас гаргах гэх мэт зохицуулалтыг ч хийдэг. Жишээ нь томоохон хэмжээний гал гарлаа гэж бодоход ус дутагдана. Тэгвэл “Ус суваг”-ын удирдах газартай яриад галын голомт руу тэдэн тонн ус, техник хэрэгсэл явуул. Зам дагуу явахад хүндэрсэн байвал зам хариуцсан компаниуд руу үүрэг өгөөд аймаг орон нутгаар нь дамжаад гарах гэх мэт бусад албадууд, мэргэжлийн байгууллагуудад үүрэг, чиглэл өгч харилцан уялдаа холбоотой ажилладаг. Мөн цаг агаарын аюул боллоо гэхэд урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулдаг. Орон нутагт ажиллаж байгаа салбар нэгжүүдийнхээ хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангуулдаг. Онц чухал томоохон хэмжээний аюул гарлаа гэж бодоход Үндэсний аюулгүй байдал, Засгийн газар гэх мэт бусад мэргэжлийн байгууллагад танилцуулаад тэднээс ирсэн шийдвэрийг хэрэгжүүлэх үүргийг ч давхар хүлээдэг.  Мөн Одон орон, геофизик судалгааны хүрээлэн, Цаг уурын байгууллагуудын системтэй манай систем холбогдсон байдаг учраас газар хөдлөлт 5.5-аас дээш хөдлөх юм бол энд байгаа төхөөрөмж автоматаар ажилладаг. Ийм яаралтай мэдээллийг хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр дамжуулан улс орон даяар зарлан, анхааруулдаг.

-Өвлийн улиралд зарим байгууллагын ачаалал багасдаг бол заримынх нь эсрэгээрээ ихсэж байдаг цикл ажиглагддаг. Танай байгууллагын хувьд ачаалал буурдаг улирал гэж ер нь байдаггүй юу?

-Тийм ээ, Онцгой байдлын албанд ачаалал багатай улирал гэж байдаггүй нь үнэн. Өдөр бүр түймэр гарч байна. Мэргэжлийн хэллэгээр обьектийн түймэр гэдэг юм. Айл өрх, аж ахуйн нэгж, албан байгууллагын обьектод гарч байдаг түймрийг хэлж байгаа юм. Энэ түймэр нь сар улирал, өдөр судар харгалзахгүй байнгын давтамжтай гарна. Мэдээж улирлын шинж чанартай аюул осол байгаа. Зуны улиралд бол үер усны гамшиг, сураггүй алга болсон тохиолдол гээд л дуусаагүй явж байтал ой, хээрийн түймэр гарчихдаг. Ингээд араас нь цаг агаар хүйтрээд цас, бороо ордог. Мөн цасан шуурга шуураад хүмүүс алга болвол эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ. Гол мөрөн гүйцэт сайн хөлдөөгүй байхад иргэд автомашинтай эсвэл явган явж байгаад цөмөрч осолддог. Дорнод аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 10 хүүхэд өнгөрсөн 11-р сарын 29-нд хээр гарч байгаль орчинтойгоо танилцах дадлага хийж яваад голын мөсөнд гурван хүүхэд цөмөрсөн гэх дуудлага ирсэн. Манай аврах бүлэг очоод хоёр хүүхдийг нь аварсан. Нэг хүүхэд нь эндсэн тохиолдол гарлаа. Энэ эрэл хайгуул дээр 10 хоног эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан юм. Дөнгөж сая гэхэд Архангай аймгийн Хайрхан суманд 3.7 магниудын хүчтэй газар хөдлөлт болсон гэх мэдээлэл ирсэн. Мөн Дорноговь аймгийн Хөвсгөл суманд автомашинтай иргэд нуурын мөсөн дээгүүр явж байгаад цөмөрчихсөн гэх мэдээлэл бас хүлээн аваад аврах ажиллагаагаа эхлүүлчихсэн сууж байна. 

- Улсын хэмжээнд 2023 он гарснаас хойш  багцлаад аваад үзэхэд нийт 4-900 гаруй удаагийн дуудлага, мэдээлэл Онцгой байдлын албанд ирсэн байна. Үүний хэдэн хувь нь иргэдийн хариуцлагагүй, болгоомжгүй үйлдэл хандлагаас болж гарсан аюул, осол байдаг вэ?

- Ер нь бол дийлэнх хувь нь гэж хэлж болохуйц 3.300 удаагийн дуудлагыг обьектийн буюу иргэдийн гэр, байшин, орон сууц, автомашин, эд хогшилд гарсан гал түймэр эзлээд байгаа юм. Дараа нь ой, хээрийн түймэр орж байна. Ингээд усны, зам тээврийн осол, сураггүй алга болсон дуудлагууд орж ирдэг. Энэ бүгдээс аваад үзэхэд ихэнх тохиолдолд иргэдийн санамсар болгоомжгүй, хайхрамжгүй үйлдлээс болсон байдаг. Обьектийн гал түймэр яагаад гарч байна вэ. Шалтгаан нь иргэд эвдрэл гэмтэлтэй цахилгаан хэрэгсэл ашиглаж байна. Татсан тамхины ишээ хамаагүй хаях, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхисны улмаас хүүхдүүд чүдэнзээр тоглож байгаад гал гаргасан гэх мэтчилэн шалтгаантай. Ой, хээрийн түймэр ч ялгаагүй. Иргэд татсан тамхиныхаа ишээ унтраахгүй эсвэл дутуу унтраагаад хаядаг. Ил задгай гал түлээд цогоо бүрэн гүйцэт унтраагаагүйн улмаас буцаж асаад гал гарч байна. Ер нь бол галын аюул ослын маш цөөн хувь нь байгалиас шалтгаалж гардаг. Энэ нь аянга буугаад хээрийн түймэр гарахыг хэлнэ. Зам тээврийн осол бол ойлгомжтой. Дийлэнхдээ хот руу явахдаа хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх гэж байгаад ч юм уу согтуу жолоо барих, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй явж байснаас нь шалтгаалан осол гардаг. Урин дулааны улиралд хөдөө хээр аялал зугаалгаар явж байгаад усанд осолддог тохиолдол бол хоёр, гурван л шалтгаантай байдаг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчхээд голын усанд ороод осолддог. Эсвэл бага насны хүүхдээ хараа хяналтгүй гол усны эрэг дээр орхичхоод хойно нь эцэг эхчүүд өөрсдөө унтаж амраад эсвэл согтуурах ундаа хэрэглэж байдаг. Гурав дахь тохиолдол нь зам товчлох гэж голын гармаар гарч яваад машинтайгаа урсдаг. Өвөл бол мөсөн дээгүүр явж байгаад цөмрөөд осолддог. Усны осол бол иймэрхүү хэдэн гол шалтгаантай байдаг.

-Тэгвэл энэ нь иргэд аюул, ослоос сэрэмжлэх, урьдчилан сэргийлэх боловсрол дутуугаас нь болдог уу?

-Боловсролоос гадна миний хувьд бол хэнэггүй байдал гэж боддог. Урин дулааны улирал эхлэхээр Онцгой байдлын алба, Цагдаагийн албан хаагчидтай хамтран томоохон гол мөрний дагуу эргүүлд гардаг. Сүүлийн жилүүдэд бүр хэвшил болж байна. Тэгээд заавар, зөвлөгөө өгнө. “Та нар энд бууж болохгүй ээ, голын эргээс холд, та согтуу байна, гол руу орж болохгүй шүү” гээд л хэлдэг. Иргэд хүлээж авдаг ч хэрэгжүүлдэггүй. Заавар зөвлөмж өгчхөөд явснаас хойш дөнгөж таван минутын дараа л осол гарчихдаг. Энэ жил бол ийм тохиолдол олон гарлаа. Танай гэрт гал гарах эрсдэл өндөр байна аа. Учир нь танай монтаж муудчихсан байна шүү дээ. Үүнийгээ сольчих, уртасгагч залгуур дээрээ хэт их юм залгаж битгий ачааллуулаарай. Эвдрэл, гэмтэлтэй цахилгаан хэрэгслээ солиорой. Та цогтой үнс нурмаа шууд гадаа задгай асгаад байна. Энэ чинь буцаж асаад танай хаашаа, байшинг шатаачих магадлал өндөр байна аа гээд хэлэхээр “За” гээд хүлээж авдаг. Гэхдээ ерөөсөө хэрэгжүүлж үйлдэл хийдэггүй нь хамгийн харамсалтай байна.

-Одоо удахгүй цас ороод л шуураад эхэллээ..

- Тийм ээ. Үүнд малчид, хөдөө хээр зорчиж яваа иргэд маш их өртдөг. “Цаг агаар өнөө шөнө хүндрэх гээд байна. Зам дагуу халтиргаа гулгаатай, та битгий яв аа” гээд хэлээд байхад л зүтгээд байдаг. Онцын шаардлагагүй бол энэ замаар битгий яв аа гэхээр “За л” гэдэг. Гэхдээ тойроод тэр замаараа явчихсан л байдаг. Эсвэл би явах ёстой гээд зүтгэчихдэг. Ингэж явж байгаад л амь нас, эд хөрөнгөөрөө хохирдог. 

- Үүнээс гадна Онцгой байдлын алба хаагчдад тулгамдаж байгаа нэг асуудал бол яах аргагүй иргэдийн харилцаа хандлага байдаг. Энэ сэдвийг бол хөндөхгүй байхын аргагүй.

-Угтаа бол дуудлага өгсөн иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллага, хуулийн этгээдүүд хор уршгийг арилгахаар ажиллаж байгаа Онцгой байдлын алба хаагчидтай хамтраад, дэмжлэг үзүүлж ажиллах нь зүй ёсны хэрэг байхгүй юу. Манай иргэд тэгдэггүй л дээ. Гал түймрийн дуудлага аваад очиж байх хугацаанд манай иргэд гал унтраах анхан шатны ажиллагааг зохион байгуулж байх хэрэгтэй юм л даа. Ядаж ирэхэд нь цахилгаанаа салгуулчихсан, гал унтраах ангийг угтах хэрэгтэй. Гэр хороолол жаахан замбараагүй байдаг. Өнөөдөр нээлттэй байсан гудамж маргааш гэхэд машин орох зайгүй бөглөөд хаячихсан ч байдаг. Буцаад нээлттэй гудамж хайж явсаар байтал хугацаа алдана шүү дээ. Ингэж явсаар байгаад очиход цагаа харчихсан угтдаг. Та нар тэдэн минутад, удаж ирлээ гэдэг. Мэдээж уур уцаар, бухимдлаар угтана. Уг нь бол гудамжиндаа гараад энэ гудмаар ороорой гээд даллаад угтвал цаг алдахгүй шүү дээ. Ороход хаалга үүдээ онгойлгоод дэлгэцэн угтвал ч гэсэн цаг алдахгүй. 

-Мэдээж гал унтраах ажиллагаа эхлэхэд ч гэсэн асуудлууд гардаг л биз дээ.

- Гарна аа. За ингээд гал унтраах ажиллагааг зохион байгуулна. Миний л бодол  доо. Хүн эд хөрөнгө нь шатаад, амь нь тэмцээд ирэхээрээ аргагүй эрхэнд гаргадаг үйлдэл юм болов уу гэж боддог. Яаж байна вэ гэхээр манай үнэтэй цайтай эд хөрөнгө тэнд байгаа. Авч өг гээд улаан гал руу манай гал сөнөөгчийг түлхэж байсан тохиолдол байдаг. Бид бол гал унтраах дүрэм журамтай байгууллага. Тэр журмынхаа л дагуу ажил үүргээ гүйцэтгэдэг. Хүний аминаас илүү үнэ цэнтэй эд хөрөнгө гэж байхгүй шүү дээ. Хэрвээ тэнд “хүн” байсан бол бид нар өргөсөн тангаргийнхаа дагуу хэн нэгнээр хэлүүлэлгүй гал руу орно. Хүнээс илүү эд хөрөнгө гэж юу байх вэ. Манай иргэд шүүмжлэх байр сууринаас ханддаг. Та нар удаан ирлээ, удаан ажиллаа гээд л. Уг мөн чанартаа бол манай аврагчдыг ямар хүнд хэцүү нөхцөлд ажиллаж явааг нь мэдэхгүй шүү дээ.

Өвлийн улиралд бол машин цасанд боогдоно гэж нэг асуудал байдаг шүү дээ. Жолооч нар хувийн бэлтгэлээ хэр сайн базааж явж байна вэ?

- Өмнө нь бол хүн бүр машин унадаггүй байлаа. Ихэнхдээ байгууллагын машин учраас замд гарахад нь хүрз, татлага гэх мэт аюулгүй байдлыг нь хангасан техник хэрэгслээр хангаж өгдөг байсан юм болов уу. Одоо бол хүн бүр машинтай болчихсон. Жаахан шавар, цасанд суучихад л машинаа гаргах сэтгэл байхгүй, чадвар байхгүй. Өвлийн улиралд машинтай явж байж цасанд сууж магадгүй гэдгээ тооцоолоогүй байдаг. Машиндаа ядаж дулаан хувцас, хүрз, татлага авч явах ёстой шүү дээ. Гэтэл ганц нь ч байдаггүй. Манай иргэдийн хувийн бэлтгэл бол маш муу. Иргэд маань үүн дээрээ сайн анхаараасай  гэж хүсэж байна аа. Шавар, цасанд суучихсан дуудлага ирдэг. Аль болох ажлаа зохицуулаад л бүлэг явуулдаг. Очиход машин нь цасанд суучихсан, хөөрхий нөгөө жолооч нь эрүүл бусад дөрөв, таван хүн нь машин дотроо согтуу байж байдаг. Тэр хүмүүс өөрсдийнхөө амь насыг ганцхан жолоочдоо даатгачихсан. Нөгөө жолооч нь ганцаараа үзээд дийлэхгүй болохоороо дуудлага өгнө. Яваад очихоор л нөгөө уур, уцаар стрессээ согтуу хүмүүс бидэнд гаргадаг. Та нар удаан ирлээ, бид нар хөлдөж үхэх гээд байж байна гэдэг. Уг нь бол машин дотроо архидаад байж байхынхаа оронд хамжиж дэмжих ёстой шүү дээ.

-Гэрийнх нь цоож онгойхгүй болохоор Онцгой байдал дууддаг гэх инээдтэй юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг яриа байдаг...

-Наадах чинь бол байна аа. Үүнээс дор зүйл ч байна. Манай Онцгой байдлын аврагчид маш хүнд хэцүү нөхцөлд ажилладаг. Заримдаа би хүртэл өмнөөс нь харамсдаг шүү дээ. Нүхэн жорлонд хүн уначхаад байна аа, гаргаж өг гэсэн дуудлага хүлээн аваад очно. Очиход бол нэг согтуу нөхөр жорлон дотор байж байна. Хажууд нь байгаа хүмүүс бол орох нь битгий хэл, хараад л зогсоод байна. Ороод нас барчихсан тохиолдол ч байдаг. Үнэндээ Онцгой байдлын алба хаагчид очиж байх цаг хугацаанд хараад зогсоод байгаа хүмүүс өөрсдөө ороод аварчих боломж байгаа шүү дээ. Тэгтэл өмхий самхайгаас цэрвээд зүгээр л хараад зогсоод байдаг. 

-Эмнэлэг, цагдаа, Онцгой байдлын алба руу нэг хэсэг хуурамч дуудлага их ирдэг байсан. Одоо ийм хариуцлагагүй үйлдэл багассан уу?

- Үүнээс илүү иргэд Онцгой байдлын албыг ирүүлэхийн тулд худал мэдээлэл өгдөг. Хүүхдээ хүртэл үхүүлж байна. Жишээ нь гурван жилийн өмнө баруун аймагт болсон тохиолдлыг аваад үзье л дээ. Түр зуурын ширүүн бороо орж уулын энгэрээр урсаад нэг айл усанд өртсөн юм билээ. Ус урсаад гэрээс нь доошоо бэлд очоод тогтсон. Тэр дуудлага орж ирэхэд би яг ээлжтэй байж таарсан. Эхний дуудлага өгөхдөө манай мал усанд орчихсон байна аа гэсэн. Байдлыг тодруулаад ямар нөхцөлд байгааг нь асуулаа. Тэгсэн манай гэр орон үерт урсаад, мал маань усанд боогдчихоод байна гэлээ. Нөхцөл байдлыг нь судлаад хэдэн метрийн усанд байгааг асуухад багахан юм хэлээд байгаа байхгүй юу. Та нар боломжтой бол морьтой туулж ороод малаа туугаад гаргачих л даа. 300 км-ийн цаанаас бүлэг очих гээд байна аа гэсэн чинь удалгүй манай таван настай хүүхэд үерийн усанд эндчихлээ гээд дахин дуудлага өгсөн. Тэгэхээр нь шууд бүлгээ гаргасан. Бүлэг өдөржин яваад очиход алга болоод эндсэн хүүхэд нь зүв зүгээр байж байсан. Биднийг ирүүлэхийн тулд хүүхдээ үхүүлж байна. Бүлгийг очингуут та нар манай малыг гаргаад өгчхөөч гэж байгаа юм. Үнэндээ мал боогдсон ус нь өвдгөөр л татахуйц буюу 50 см гүнтэй байгаа байхгүй юу. 

Эрлийн ажиллагаан дээр ч гэсэн иймэрхүү хариуцлагагүй үйлдлүүд их гардаг уу?

- Нэг хүнийг гурав хоног хайж байсан тохиолдол байдаг. Тэр хүн яасан бэ гэхээр айлд очоод архидаад байж байсан. Хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болчихлоо гээд дуудлага ирнэ. Эрэн сурвалжлах ажиллагаа эхэлнэ. Нэг бүлэг, баг гарч ажиллана шүү дээ. Дээр нь сум орон нутгаас бүлэг гарна. Эрэл гэдэг ганцхан хүний ажил биш. Тэгэхэд зүгээр л гэр бүлтэйгээ маргаад гарчихсан байгаа юм. Хамгийн гол нь түүнийгээ нуугаад ажиллагааг бүр илүү сунжруулчихсан. Бүтэн гурав хоногийн хугацаанд маш олон албаны ажил үүрэг алдагдана биз. Эрлийн ажиллагаанд хүн хүчнээс гадна ямар их зардал мөнгө ордог билээ. Энэ бүхнийг зүгээр л гурав хоног үр ашиггүй урсгачихсан гээд бодохоор...

-Таны хэлсэнчлэн Онцгой байдлын алба хаагчид маш хүнд нүд халтирам нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэдэг. Ер нь аврагчдын сэтгэлзүй бол маш өндөр түвшинд бэлтгэгдсэн байдаг уу?

- Аврагчид бол үргэлж л хүнд хэцүү, үхэл хагацал дунд очиж ажилладаг. Мэдээж шууд л өргөс авчихсан юм шиг сэтгэлзүй нь зүгээр болно гэдэг хэцүү. Ялгаагүй л хүн юм чинь. Гэсэн хэдий ч манай аврагчид маш хурдан хугацаанд хэвийн горимдоо шилждэг. Ингэж өргөсөн тангарагтаа үнэнч байж чаддаг алба хаагчдаараа бахархахгүй байхын арга алга даа. 

Нэгэнт аврагчдын сэтгэлзүйн тухай ярьсан юм чинь нэг жишээ дурдъя. Дархан хотод 2010 онд зам тээврийн ослын дуудлага аваад очлоо. Том тэрэгний араас жижиг машин осолдоод сууж явсан хүмүүсийн толгой тархи нь бол танигдахын аргагүй болчихсон байсан. Манай нэг аврагч дүүгээ өргөөд явж байснаа мэдээгүй юм. Дүү нь тэр машин дотор өнгөрчихсөн байсан. Осолдсон машиныг задлаад дотроос нь цогцоснуудыг өргөөд гаргасны дараа таниулах ажиллагаа явдаг. Энгэрт нь байсан бичиг баримтыг гаргаж хараад л төрсөн дүүгээ байсныг мэдсэн. Үүнийг үгээр хэлэхэд бол үнэхээр хэцүү нөхцөл байдал шүү дээ. Тухайн үеийн хүн бүрийн сэтгэлзүйд ямар хүнд цохилт болсныг үгээр хэлж бол чадахгүй нь. Ийм хүнд нөхцөлд ажилладаг учраас сэтгэлзүй бол маш чухал байдаг. Одоо бол сэтгэл зүйч, мэргэжлийн эмчтэй болчихсон байгаа.

- Аврагчдын хувьд хүн хүчний дутагдал байна уу?

-Ер нь бол харьцангуй гайгүй. Гэхдээ залуучуудад манай байгууллагын үүд хаала үргэлж нээлттэй байдаг. Гэтэл залуучууд ер нь шантраад яваад өгөх тал ажиглагддаг шүү. Төв аймгийн Лүн суманд манай нэг бүлэг байх ёстой. Тэр бүлэг одоо хүн хүчний асуудалтай болчихоод байна. Үнэндээ очоод ажиллах залуучууд алга. Орон нутгаасаа хэдэн залуучууд сонгон шалгаруулаад авсан чинь тэд нар нь өөр ажил хийгээд явчихсан. Ажлын зар тавихаар ирэх хүн байхгүй. Мэдээж энэ асуудал бол олон шалтгаантай байдаг байх л даа. Гэхдээ сүүлийн үед манай залуучууд ачаалал даах чадвар, сэтгэлийн хат их сул байна.  

Би бол холбооны инженер мэргэжилтэй хүн. Онцгой байдлын албанд ороод 20 жил болсон байна. Манай Онцгой байдлын албанд нэг мэргэжлээрээ л ажилланаа гэдэг бол их ховор тохиолдол шүү. Ажиллаж байх энэ хугацаандаа өөр салбарын мэргэжлийн ур чадварыг эзэмшинэ, сурна, дадлагажна. Би холбооны инженер гээд аврах чиглэлээс зайлсхийж болохгүй. Энэ чиглэлийн тодорхой хэмжээний мэдлэг, чадварыг эзэмшсэн байх ёстой. Мэргэжил өөр ч гэсэн ажиллаж байх хугацаандаа олон төрлийн ажлыг давхар хийж сурдаг. Энэ утгаараа Онцгой байдлын албаныхан хөрвөх чадвар өндөртэй байдаг. Энэ бол нэг боломж шүү дээ. 

- Онцгой байдлын алба ажиллах нөхцөл, орчны хувьд ямар түвшинд байна вэ?

- Одоо бол маш сайн гэж хэлж болно. Үүнийг бол би нүүр бардам хэлнэ. Яагаад гэвэл би анх 2005 онд энэ байгууллагад ажилд орж байсан. Тухайн үед бол Онцгой байдлын алба нэгдсэн тогтолцоонд шилжээд удаагүй байлаа. Алба хаагчдын хувцас хэрэгсэл ямар хэцүү байсан гэж санана. Машин техник, компьютерийн хангамж бол бүр хэцүү. Ганцхан компьютерийг 30 хүн дундаа хэрэглэдэг байсан. Өнөөдөр бол ажлын байрны нөхцөл чанарын өндөр түвшинд хүрчихсэн байна. Алба хаагч нар нэгээс хоёр компьютертэй, утастай, принтертэй болчихсон. Энэ бүхнийг тодорхой үе шаттайгаар хангаад л явж байгаа шүү дээ. Бүх зүйлийг гэнэт нэг өдөр шийднэ гэж юу байх вэ дээ.

-Онцгой байдлын албанд ажилладаг хүн бүр ажлаасаа гардаг ч юм уу гэж боддог нь нууц биш болжээ. Таны хувьд бодож байсан тохиодол бий юу?

- Ар гэр, эрүүл мэндээ бодох үед ийм бодол хүнд төрдөг байх. Миний хувьд ч гэсэн ийм шалтгаантай байсан. Гэхдээ энэ бол ямар ч хүний санаанд орж ирдэг түр зуурын л бодол шүү дээ. Хамгийн чухал нь энэ бүхний ард гарах. Ямар ч ажилд зовлон, жаргал байдаг. Их ажлын ард гарахад сэтгэл уужраад их сайхан байдаг даа. Манай гал сөнөөгч нар ярьдаг л юм. Том гал дээр ажиллачхаад буугаад явж байхад сайхан байдаг аа гээд. Аврагч нар ч гэсэн хайж явсан хүнээ эсэн мэнд олчхоод явахад сэтгэл уужраад... Энэ үед бүхий л Онцгой байдлын албаны алба хаагчид албаараа бахархдаг даа. Ер нь аврах ажиллагаанд Онцгой байдлын албаны хүн бүр ажиллаж байдаг. Одоо ингээд бүлэг анги, байрлал, сум орон нутгаасаа гараад явчихаар холбоогүй болчихдог. Энэ нь их хэцүү л дээ. Жишээ нь хаана явж байгаа нь мэдэгдэхгүй 24 цаг ч холбоогүй байх тохиолдол байна. Бид нарт санаа зовохоос өөр хийж чадах юм байхгүй. Нөгөө сум, орон нутаг руу холбоонд орсон уу гээд л байн, байн залгана. Магадгүй өөрсдөө эрсдэлд орсныг ч үгүйсгэхгүй шүү дээ. Юу болж байгааг нь мэдэхгүй болохоор аминдаа байж болох бүхий л гаргалгаа, тооцооллыг  хийдэг.

- Онцгой байдлын алба хаагчдын хувьд ар гэрээ яалт ч үгүй орхигдуулах тохиолдол гардаг. Та 20 жил энэ албанд алба хаахдаа өрхийн тэргүүний үүргээ хэр цалгардуулсан бэ?

- Би мэдээж ганцаараа биш шүү дээ. Манай албаны хүн бүрт тохиолддог асуудал юм л даа. Бид чинь тангараг өргөсөн алба хаагчид гэдгээ мартаж болохгүй. Одоо би энэ сарын 31-нд 24 цаг үүрэг гүйцэтгэх хуваарьтай байгаа. Зөвхөн энэ жил л ингэж байгаа юм биш л дээ. Урьд нь зөндөө л олон удаа гарч байсан. Цагаан сар болно. Миний ээж хөдөө ганцаараа амьдардаг хөгшин байдаг юм. Шинийн гуравнаас хойш өндөржүүлсэн бэлэн байдал цуцлагдсаны дараа ээждээ очиж золгодог. Би ээж дээрээ жилд хоёр удаа л очдог. Цагаан сараар, ээлжийнхээ амралтаар очиж нэг сайн үнсүүлдэг дээ. Надтай адилхан алба хаагчид зөндөө байна. Үүнтэй адилхан ар гэрийн асуудал бол их л байдаг. Хүүхдийн төрсөн өдөр, гэр бүлийн дурсгалт өдрийг бол орхиод  гарна. Гэхдээ энэ байдлыг бол Онцгой байдлын албанаас олж хараад гэр бүлийн өдөрлөг маягийн арга хэмжээг зохион байгуулдаг болсон. Алба хаагчдынхаа гэр бүл, эхнэр хүүхдийг ажлын байран дээрээ авчраад юу хийдгийг нь танилцуулдаг. Танай нөхөр чинь тэдэн удаагийн гал түймэр дээрээс төдөн хүний амь насыг аварсан шүү гэж танилцуулга хийх жишээтэй. Гавьяаг нь нээлттэй мэдээлэлдэг. Түүнээс биш аврагчид маань гэртээ очоод би тэдэн хүн аварсан шүү гээд яриад байхгүй биз дээ. Шөнө орой ийм ажил хийгээд, ингээд гүйцэтгээд явж байгаа гэдгийг нь тайлбарлаж өгдөг. 

-Таны хувьд тэтгэвэртээ гараад юу хийе гэж бодож байна вэ?

- Цэргийн алба хаагчдын хувьд тэтгэвэрт гарна гэдэг бол ажлаасаа чөлөөлөгдөөд л дараагийн үе шатандаа орж байна аа гэсэн үг. Түүнээс биш бидний өргөсөн тангарагт хугацаа гэж байдаггүй юм. Эцсийн амьсгалаа хураах хүртлээ л өргөсөн тангарагтаа үнэнч байдаг. Мэдээж хийхийг хүсэж яваа зүйл бол байгаа. Гэр бүлийнхэнтэйгээ аялал зугаалгаар явна. Алдсан цаг хугацаагаа нөхнө. Дутуугаа гүйцээнэ гэж хэлж болно. Ээж дээрээ очоод ханатлаа унтана даа. \Инээв\

Эх сурвалж:https://www.interview.mn/conversation/937-tuuganbayar-oncgoyn-avrah-blgiyg-300-kilometriyn-caanaas-irlehiyn-tuld-tavan-nastay-hhdee-endchihsen-geh-hudal-duudlaga-gch-baysan.html
Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

ОХУ-ын Гал эсэргүүцэх албаны академид суралцаж байгаа сонсогч, суралцагчидтай уулзалт хийлээ

Мөн тэрбээр академийн төгсөгчид Онцгой байдлын салбарын чухал боловсон хүчин болж байгааг онцолсон юм.

Академийн төгсөгчид Онцгой байдлын байгууллагын бүх шатны албан тушаалд манлайлан ажиллаж байгааг онцоллоо

Мөн тус академид Онцгой байдлын албанаас 1965 оноос өнөөдрийг хүртэлх 58 жилийн хугацаанд 180 гаруй суралцагч, сонсогч суралцаж, галын аюулгүй байдлын тусгай мэргэжилтэн, инженер, шинжээч зэрэг мэргэжлээр бакалавр 110, магистр 70, доктор зэрэгтэй 2 алба хаагч тус тус амжилттай суралцан төгсөж, Онцгой байдлын байгууллагын бүх шатны албан тушаалд бусдыгаа манлайлан ажиллаж байгааг уулзалтын үеэр онцоллоо.

Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан алба хаагчид сургалтад хамрагдаж, гэрчилгээгээ гардан авлаа

Сургалтыг “Хүний аюулгүй байдлын академи” ТББ-тай хамтран зохион байгуулсан бөгөөд алба хаагчдад өдөр тутмын үйл ажиллагааны аюулгүй байдлыг чанаржуулах, мэргэжлийн ур чадвар, чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд мэдлэг, ойлголтыг өгсөн юм.