Б.Отгонзаяа: Байгууллагын сүр хүч, хөгжил цэцэглэлт алба хаагчдын мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвартай шууд холбоотой гэж хардаг

A- A A+

Nematimes булангийн энэ удаагийн зочноор ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймэр унтраах бэлтгэл, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Б.Отгонзаяаг онцолсон юм.

Намайг Батнасангийн Отгонзаяа гэдэг. Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрж өссөн. Жаргалтхаан сумын ерөнхий боловсролын сургууль, Хэнтий аймгийн Хэрлэн I сургуульд суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Арван жилийн сургуулиа төгсөх жилээ аймгийн Онцгой байдлын газарт очиж, тухайн үеийн нэрээр Цагдаагийн академийн Онцгой байдлын тэнхимд суралцах шалгалт өгч тэнцсэнээр Онцгой байдлын албатайгаа хоёргүй сэтгэлээр амьдралын зам мөрөө холбосон доо. Хууль Сахиулахын их сургуулийн /одоогийн Дотоод хэргийн их сургууль/ Онцгой байдлын сургуулийг 2013 онд Онцгой байдлын ажил-эрхзүй мэргэжлээр төгсөж, магистрын зэргээ тус сургуулийн Ахисан шатны боловсролын сургуульд 2018 онд Гамшиг судлалаар хамгаалсан.

2013 онд сургуулиа төгсөөд нийслэлийн Онцгой байдлын газрын БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангид салааны захирагчаар томилогдсон. Тус анги нь байгуулагдаад удаагүй байсан учраас шинэ байр, шинэ бүрэлдэхүүн гээд бүх зүйл шинээр эхэлж байлаа. Тус ангидаа салааны захирагчаар 2013-2019 оны 11 сар хүртэл буюу нийт 6 жил гаруй салааны захирагчаар ажилласан юм. Ингээд 2019 оны арваннэгдүгээр сард НОБГ-ын СХД-ийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн захирагчаар томилогдсон. Тус ангид хоёр жил ажиллаад 2021 оны дөрөвдүгээр сараас ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газарт ой, хээрийн гал түймрийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдсон. Харин өнгөрөгч зургаадугаар сараас тус газрын Гал түймэр унтраах бэлтгэл, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтнээр томилогдон ажиллаж байна.

Онцгой байдлын байгууллагаа олон улсын өндөр хөгжилтэй улс орнуудын ижил төстэй байгууллагатай мөр зэрэгцэхүйц хөгжилд хүрэхийг харахыг л хүсдэг. Мэдээж хэрэг байгууллагын хөгжилд алба хаагч нэг бүрийн оролцоо хэрэгтэй. Улсын сүр цэрэгтэй, цэргийн сүр жагсаалдаа гэдэг шиг аливаа байгууллагын сүр хүч, хөгжил цэцэглэлт алба хаагчдын мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвартай шууд холбоотой болов уу. Манай алба сүүлийн жилүүдэд техник, хэрэгслийн чадавхыг сайжруулах хүрээнд олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлсэн, одоо ч Франц улстай хамтарсан “Гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл” хэрэгжиж байна. Энэ бүгдийн үр дүнд техник, хэрэгслийн өнөөгийн байдал олон улсын жишигт ойртсон нь сайшаалтай.

Миний хувьд Монгол улсын Засгийн газар, Франц улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газарт “Гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Төсөл амжилттай хэрэгжиж байгаа. Нийлүүлэх автомашинууд Франц улсад үйлдвэрлэгдэж байна. Ер нь төсөл хэрэгжүүлнэ гэдэг бол тухайн төслийг боловсруулах, баримт бичиг бүрдүүлэх, хоёр улсын хоорондын гэрээ хэлэлцээр байгуулах зэрэг төслийн хугацаанд хийж хэрэгжүүлэх олон шат дамжлагатай. Асар их цаг хугацаа зарцуулдаг. Энэхүү төслийн нэг хэсэг болж байгаадаа баяртай байдаг. Франц улс миний хувьд ойр дотно. Яагаад гэвэл 2018 оноос ҮБХИС-ийн Гадаад хэлний сургалтын төвд Франц хэлний сургалтад хамрагдсан цагаас эхлэн одоог хүртэл Франц хэл, Франц улстай харилцаа холбоотой ажиллаж байна. Төсөл дээр ажиллахад төслийн багийн гишүүдтэй ойлголцохоос эхлээд сурсан хэл маань хамгийн хэрэгцээтэй байсан. 2022 онд Франц улсын Үндэсний Галын Офицеруудын их сургуульд суралцах үедээ гамшгаас хамгаалах, гал түймэртэй тэмцэх ажиллагаа ямар өндөр түвшинд аюулгүй байдлыг хангасан, шинжлэх ухааны олон үр дүнд тулгуурласан, онол, практикийг хэрхэн хослуулан ажиллаж байгаа талаар мэдэж авсан. Энэ үед битүүхэндээ атаархаж тэр бүх зүйлийг эх орондоо, албандаа нэвтрүүлэх, нутагшуулах юмсан гэсэн боддог байлаа.

Одоо бид алба хаагчдынхаа мэдлэг, ур чадварт анхаарах цаг нь болсон юм уу гэж боддог. Франц улс аврагч гал сөнөөгчийг манайтай адил богино хугацааны сургалтаар бэлтгэх бөгөөд цаашид алба хаагч өөрийн хүсэлтээр болон байгууллагын захиалгаар мэргэжих сургалтад суулгаж нарийн мэргэжлийн аврагч гал сөнөөгчийг бэлтгэдэг байх жишээтэй. Химичин, агаарын ажиллагааны аврагч, усчин гэх мэт нарийн мэргэжлээр мэргэшсэнээр тухайн төрлийн ажиллагаанд оролцох боломжтой болох бөгөөд энэ хэрээр өөрийн карьер, нийгмийн баталгаа, цалин, хангамж нэмэгддэг тул алба хаагчид мэдлэг, ур чадвараа сайжруулах төрөл мэргэжлээр мэргэших чиглэлээр өөрсдийгөө дайчлан, санал санаачилга гарган ажилладаг давуу тал ихтэй.

Сэтгэл хүрсэн газар хөл хүрдэг гэдэг учир бид холыг харж, ирээдүйн сайхныг зөгнөн, итгэл найдвар, эрч хүчээр дүүрэн эх орон, ард түмнийхээ төлөө гэсэн энэ сайхан албаараа бахархан, үргэлж урагш тэмүүлэн ажиллахыг нийт мэргэжил нэгт нөхдөдөө уриалмаар байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

"Ахлагчийн албаны өдөр"-ийг угтан зохион байгуулсан спортын арга хэмжээнд оролцлоо

Арга хэмжээнд 500 гаруй ахлагч бүрэлдэхүүн оролцсон бөгөөд Онцгой байдлын байгууллагаас ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын 20 ахлагч төлөөлөн хамрагдсан юм.

Онцгой мэдээ №08 (210)

Онцгой мэдээ №08 (210)

Он гарсаар 4259 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 7025 хүний амь насыг авран хамгааллаа

 Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 7025 хүний амь нас, 325 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.