Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Төв, Ховд аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +3...+8 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар +9...+14 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +21...+26 градус, бусад нутгаар +14...+19 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор +2...+4 градус, бусад хэсгээр +6…+8 градус, өдөртөө +15...+17 градус дулаан байна.
Төлөв байдал: 28, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 30-нд төв, зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын ихэнх нутгаар, 10 дугаар сарын 01-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28, 29-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 28-наас ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -11...-16 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0…+5 градус, өдөртөө +6…+11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан байна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.26-ны өдрийн 05:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход зуслангийн задгайд эзэнгүй байшин шатаж байсныг унтрааж, дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.
Завхан аймгийн Тэс сумын Баян-Уул багийн “Сант” гэдэг газар өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 09.26-ны өдрийн 21:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж, иргэн П-ийн өвөлжөөний 6 хашаа саравч, 7 тонн өвс бүрэн шатсан байсан ба 1 метр өргөн, 80 метр урт, 40-50 см гүн зогоон татаж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.27-ны өдрийн 00:27 цагт хүлээн авсан. ус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ийн 4х5 метрийн хэмжээтэй 2 давхар дүнзэн байшингийн залгаа 1 давхрын зоогийн газрын гал тогооны хэсэг дотор талаасаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол. Голын усанд осолдсон:
Хэнтий аймгийн Батширээт сум Онон багийн “Өгөөмөр” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 218 км, сумын төвөөс хойд зүгт 30 км/ 09.17-ны өдрийн 17:00 цагийн орчимд Батширээт сумаас “Өгөөмөр” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан "Юнимог-400" загварын бага оврын ачааны автомашины жолооч Б/66 настай, эрэгтэй/, зорчигч И /58 настай, эрэгтэй/ нар "Онон" голын дээд гүүрээр гарч явж байхад гүүр нь нурж, голын ус руу унаж, автомашинтайгаа живсэн. Зорчигч И/58 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа тул хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг 09.18-ны өдрийн 09:50 цагт хүлээн авсан. Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Хэнтий аймгийн Баян-Адарга сум Адарга багийн "Уртын-Улиас" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 160 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км/ Иргэн М нь 09.08-ны өдөр суудлын автомашинтайгаа гэрээсээ гараад сураггүй алга болсон, "Онон" голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 09.19-ний өдрийн 21:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Төөрсөн, сураггүй болсон:
Сэлэнгэ аймаг, Ерөө сум Буурагчин багийн “Гүн толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 98 км, сумын төвөөс зүүн урд зүгт 22 км/ Малчин Ж нь 09.20-ны өдрийн 15:00 цагийн орчимд гэрээсээ Ерөө сумын төв рүү явна гэж морьтой гараад сураггүй алга болсон бөгөөд унаж явсан морь нь 09.21-ний өдрийн 12:00 цагийн орчим усанд норсон байдалтай гэрийнхээ гадна гүйж ирсэн. Тус аймгийн Цагдаагийн газраас тухайн иргэнийг 09.21-ний өдрөөс эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулах тухай хүсэлтийг 09.25-ны өдрийн 19:14 цагт аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/09/27Хоногийн мэдээ
17-нд Алтайн уулархаг нутгаар, 18-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
2024/09/27Шинэ мэдээ
Алба хаагчид сагсан бөмбөг, усан сэлэлт, туухай өргөлт, олс таталт, буухиа гүйлт, буудлага гэсэн зургаан төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа бөгөөд аваргууд өнөөдөр тодрох юм.
2024/09/27Шинэ мэдээ
Сайд нарын бага хурал салбар хуралдаанаар үргэлжилж байна