Д.Цэцэгсүрэн: Бодолд чинь багтаж л байвал, боломж байгааг сана

A- A A+

“Хүн насан туршдаа суралцдаг” гэсэн үг энэ удаагийн Nematimes буланд онцлон танилцуулж буй зочны маань тодотгол гэлтэй. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн нярав, амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, ахлах ахлагч Д.Цэцэгсүрэн. Сагсан бөмбөгийн спортын мастер, гандболын спортын Олон улсын хэмжээний дасгалжуулагч гээд спортын төрөлд амжилт үзүүлээд зогсохгүй тасралтгүй суралцаж, өөрийгөө сорьж яваа элдэвтэй, адтай нэгэн бүсгүйг эрхэм уншигч та бүхэнтэй танилцуулж байна.

Даваасүрэн овогтой Цэцэгсүрэн миний бие 1989 онд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн. 1996-2004 он хүртэл Баянхонгор аймгийн Номуун далай цогцолбор сургуульд суралцаж байгаад 2004-2006 онд Нийслэлийн 76 дугаар дунд сургуульд шилжин суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 2006-2010 онд Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг “Багш дасгалжуулагч” мэргэжлээр бакалавр, 2014-2017 онд Монгол Улсын Боловсролын Их сургуулийг “Хүчний байгууллагын алба хаагчдын стрессийн судалгаа сэдэв”-ээр Боловсрол судлалын магистр, 2018-2019 онд “Шинэ хөгжил удирдлагын академи”-ийг Нягтлан бодогч-нярав мэргэжлээр тус тус амжилттай суралцан төгссөн.

2006-2010 онд Үндэсний Биеийн Тамирын дээд сургуульд суралцаж байх хугацаандаа сагсан бөмбөг болон гандболын спортоор оюутны лигт тоглодог байсан юм. Ингээд сагсан бөмбөгийн спортын мастер цол хүртсэн ба гандболын спортын Олон улсын хэмжээний дасгалжуулагч болсон маань давуу тал болж, тухайн үед Гал түймэр унтраах, аврах 45-р ангийн захирагчаар ажиллаж байсан хурандаа Д.Бэхбаяр тус албанд гэр бүлийн хамт ажиллах санал тавьж байлаа. Ингээд 2011 онд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь ГТУА-45-р ангид дуудлага хүлээн авагчаар ажлын гараагаа эхэлж байсан. 2018 онд Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн нярав, амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчнаар томилогдсон цагаас 13 дахь жилдээ ажиллаж байна.

Манайх гэдэг айл ам бүл тавуулаа. Хань гурван хүүгийн хамт амьдардаг. Миний хань Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн ГТУА-45 дугаар ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Ж.Даваасүрэн. Энэ цагийн эгэл баатар хэмээх хүндлэгддэг эрхэм хүндтэй энэ сайхан албандаа гэр бүлээрээ мөр зэрэгцэн зүтгэж байгаадаа бахархдаг.

Ахлагч гэхээр мэдлэг боловсрол дутмаг гэж харах өрөөсгөл ойлголт ард хоцорч байгаа гэж боддог. Манай албанд дээд боловсролтой, эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж чаддаг албан хаагчид олон байдаг. Дэлхий нийтийн чиг хандлага, хөгжил дэвшилтэй уялдуулан ахлагч бүрэлдэхүүнийг мэргэжлийн, ажилдаа эзэн болж чаддаг байхыг бид бүхнээс хүссэн хүсээгүй шаардаж байна. Иймд бид алхам тутамдаа хөгжих шаардлага байна гэж хардаг. Тэр хэрээр би офицер биш, ахлагч гэж өөрийгөө гололгүй үргэлж шинийг эрэлхийлж суралцаж байгаасай гэж хүсэж байна. Ард иргэдийнхээ аврагч нь байж, ажлынхаа арын албыг бат авч явдгаараа бахархах хэрэгтэй шүү дээ /инээв/.

Энэ сард Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч бүрэлдэхүүний “Ахлагчийн чуулга уулзалт” зохион байгуулагдсан. Энэ хүрээнд 10 сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийгдсэний нэг болох “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын жендерийн эрх тэгш байдал”-ын талаар судалгааг Дотоод Хэргийн Их Сургуулийн багт хуваарилагдан амжилттай хийж гүйцэтгэсэн. Тус сэдвийн хүрээнд бусад байгууллагын сайн туршлага болоод албандаа нэвтрүүлэн хэрэгжүүлж буй шинэ санаа, алба хаагчдад тулгамдаж буй асуудал, гарц, шийдэл зэргийг харьцуулан судалснаар ялгаварлан гадуурхалтаас ангид байж жендерийн мэдрэмжтэй, алба хаагчдад ээлтэй ажлын байрыг бий болгож байгууллагуудын онцлог чиг үүргээс хамааран эмэгтэй алба хаагчдын орон тоо, манлайллыг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой, түлхэц болохуйц судалгааны ажил болсон гэж харж байна. Миний бие энэхүү судалгааны ажлын багт ажилласны үр дүнд Дотоод Хэргийн Их Сургуулиас докторын хөтөлбөрт элсэн суралцах санал хүлээн авсан. Энэ бол ахлах ахлагч Д.Цэцэгсүрэн биш Онцгой байдлын байгууллагын ахлагч бүрэлдэхүүний мэдлэг, ур чадвар ямар түвшинд байгааг харуулж чадсаны илэрхийлэл болов уу. Ахлагч бүрэлдэхүүн дундаас эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр ажиллаж, тэр дундаа эрдмийн зэрэг горилох санал хүлээн авна гэдэг хэн бүхэнд, алба хаагч бүрд заяагаад байхгүй ховор хувь завшаан шүү дээ.

“Бодолд чинь багтаж л байвал, боломж байгааг сана” гэдэг үг миний хэлэх дуртай, мотиваци авдаг үг. Надаас түрүүлж алхсан хүн бүрээс суралцах дуртай. Тиймээс бүх зүйлд талархаж байна. Хүмүүн бүхэнд сайн сайхан зүйлийг хүсэн ерөөе. “Бодолд чинь багтаж л байвал, боломж байгааг сана”.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Цаг агаарын гэнэтийн аюултай үзэгдэлд бэлэн байх, хүлэмжийн хийг бууруулах томоохон сорилт тулгарч байна

Сүүлийн 80 жилд манай улсад  агаарын температур 2.4 хэм өссөн, жилийн дундаж хур тунадас 7.3 хувь, нэг хүнд ногдох хүлэмжийн хийх ялгарал дэлхийн дунджаас 2.7 дахин нэмэгдсэн. Мөн сүүлийн 20 жилд гамшигт үзэгдлийн давтамж хоёр дахин нэмэгдээд байна.

“Ар талын хангалтын үндэс” нэг сэдэвт бүтээлээр тусгай байрын шагнал хүртлээ

тусгай байрт ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн Гамшгаас хамгаалах албаны тэнхимийн профессор, доктор, дэд хурандаа Ц.Ганчимэг, Эдийн засаг, нөөц, ар талын тэнхимийн профессор, доктор, дэслэгч Б.Одгэрэл нарын “Ар талын хангалтын үндэс” сэдэвт бүтээл шалгарлаа.

Зөвлөн туслах мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна

Мөн 2024 онд хийж хэрэгжүүлсэн ажилтай танилцаж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал сэтгэгдлийг нь сонсож байна.