Өглөө бүр бидэнд шинэ бүхнийг бэлэглэж байдаг. Үүнтэй нэгэн адилаар гамшиг, осолд өртсөн хэн нэгэнд дахин амьдрал “хайрладаг” алба хаагчдын нэг бол аврагч-гал сөнөөгчид. Баярлалаа гэх ганцхан үг тэдэнд ид шидийн мэт санагддаг нь нууц биш. Энэ удаагийн “Nematimes”-ийн зочноо танилцуулахын өмнөх оршилоо ийнхүү бичиж байгаа нь мөн л учиртай. Эгэл жирийн аавын хүү, эх орны хүү болж, бусдын төлөө тангараг өргөсөн аврагч-гал сөнөөгчдийн төлөөлөл түүнийг Нарантуяагийн Хүрэлтулга гэдэг. Тэрбээр Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангид долоо дахь жилдээ ажиллаж байна.
-Би Хөвсгөл аймгийн Мөрөн суманд айлын ууган хүү болж мэндэлсэн. Хоёр охин дүүтэй. Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуульд 2002-2012 онд бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Арван жилийн сургуулиа төгсөөд Зэвсэгт хүчний 013 дугаар ангид 2016-2017 онд хугацаат цэргийн алба хааж, 2017-2018 онд тухайн үеийн ХСИС-ийн /одоогийн ДХИС/ Ахлагчийн сургуулийн аврагч-гал сөнөөгч мэргэжлээр суралцан төгссөн. Арван жилийн сурагч байхаасаа спортод сонирхолтой, олон төрлийн дугуйлан секцэд хамрагддаг, зүгээр суух дургүй хөдөлгөөнтэй хүүхэд байлаа. Тийм ч учраас цэргийн байгууллагад ажиллах мөрөөдөлтэй. Тэр дундаа Онцгой байдлын алба жинхэнэ эр хүний эр зориг, мөн чанарыг харуулж чаддаг учраас энэхүү мэргэжлийг сонгож, өнөөдрийг хүртэл үүрэг гүйцэтгэж байна.
-Анхны бүхнээ бид мартдаггүй шүү дээ. Ажилдаа томилогдож ирсэн эхний өдөр галын дуудлагаар очиход хоёр бага насны хүүхэд эндчихсэн байсан. Тухайн хүүхдүүдийн дүр зураг санаанаас гарахгүй, сэтгэлзүйн хувьд хүнд өдрүүд өнгөрсөн дөө. Түүнээс хойш олон ч дуудлагаар ажиллаж, алдаа оноогоо дэнсэлж, алба хаагчдаасаа суралцаж байна. Энэ хугацаанд гал, үер, ус, цасан болон шороон шуурганд төөрсөн, сураггүй болсон, хүн, мал амьтны гоц халдварт өвчин, ариутгал халдваргүйжүүлэлт гээд 140 гаруй дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн гэсэн ерөнхий тооцооллыг гаргасан. Эдгээр дуудлагаар ажиллахдаа иргэн, аж, ахуйн, нэгж, байгууллагын 120 гаруй сая төгрөгийн эд хөрөнгийг хамгаалахад хувь нэмрээ оруулсан байна.

-Орхон аймаг нь ой, мод байхгүй ч Хойд бүсийн төв учраас бусад аймгуудад хавар, намрын улиралд түймрийн дуудлагаар нэмэлтээр үүрэг гүйцэтгэнэ. Ихэвчлэн цасан болон шороон шуурганд төөрсөн, автомашин осолдсон, мал амьтны гоц халдварт өвчний голомт, хорио цээрийг дэглэм тогтоох цэгүүд болоод үер, усны осол, обьектын гал түймрийн дуудлагаар ажилладаг. Өвөө, эмээ дээрээ өссөн болохоор тэднийхээ тууштай, хөдөлмөрч занг үлгэрлэж амьдрахыг хичээдэг. Бас хамтран үүрэг гүйцэтгэж байгаа офицер, ахлагч нараасаа суралцана. Үгээр биш үйлдлээрээ бусдыгаа манлайлдаг алба хаагчдаараа бахархдаг.
-Сагсан бөмбөг, гар бөмбөг, бокс, хөл бөмбөг гээд аль болох олон төрлийн спортоор өөрийгөө сорьж, бие бялдраа хөгжүүлэхийг хичээдэг. Сүүлийн жилүүдэд пауэрлифтингийн спортоор хичээллэж, аймаг, улсын чанартай тэмцээнд 2021 оноос хойш тасралтгүй оролцож байна. Тухайлбал, 2022 оны улсын аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн -66кг-ийн ангилалд нийлбэр дүнгээр 580 кг өргөж спортын дэд мастерын болзол хангасан. Цаашид тив, дэлхийн аварга болохын төлөө өдөр бүр хичээж байна.

-Манайх ам бүл гурвуулаа. Эхнэрийг маань Б.Энхмөрөн гэдэг. Ахлагчийн сургуульд суралцаж байхдаа танилцаж, 2022 онд гэр бүл болсон. Бид хөөрхөн охинтой. Чөлөөт цагаа гэр бүлдээ зарцуулахыг хичээдэг. Амралтын өдрүүдээр хамтдаа ууланд алхах, усан бассейнд явах зэргээр цагийг үр дүнтэй, зугаатай өнгөрүүлдэг.

-Хүний амьдралд хамгийн чухал хоёр зүйл байдаг гэж боддог. Нэг нь хань ижил, нөгөөх нь мэргэжил сонголт. Өөрийн хүсэл мөрөөдлөөр сонголтоо хийсэн учраас хэзээ ч шантардаггүй. Албаараа өдөр бүр бахархаж, омогшдог. Энэ л сэтгэлзүйгээрээ өөрийгөө хурцалж, өдөр бүрийн сайхан бүхнийг мэдрэхийн төлөө хичээж байна даа. Гэгээн бүхэн түгэн дэлгэрч, гэрэлт орчлон аз жаргалаар дүүрэн байг. Баярлалаа.
2024/09/04
Шинэ мэдээСумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлснээр төрийн ачаалал буурч, эдийн засгийн үр ашигтай ажиллаж эхэлсэн гэдгийг энэ үеэр танилцууллаа.
2024/09/04
Шинэ мэдээ“Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) зохион байгуулах цэнхэр бүсэд гал түймэр гарсан үед хариу арга хэмжээ зохион байгуулах дадлага, сургуулийг зохион байгууллаа.
2024/09/04
Гадаад мэдээБУДАПЕШТ, 2026 оны наймдугаар сарын 6 /Reuters/. Австри улсад лхагва гарагт агаарын хэм түүхэн дээд хэмжээнд хүрч халжээ. Түүнчлэн аагим халуун, ган гачгийн улмаас төв болон өмнөд Европт ихээхэн хүндрэл үүсэж, Унгар улсад эрчим хүчний хэрэглээг хязгаарлажээ. Дэлхийд хамгийн эрчимтэй дулаарч буй Европ тивд энэ зун түүхэнд үзэгдээгүйгээр халж, Франц, Испани улсууд түймрийн гамшигт өртөөд байна. Аагим халуун агаарын урсгал зүүн зүгт шилжиж, Италийн зарим нутагт Цельсийн +40 хэм хүрсэн тул томоохон хотуудад улаан түвшний сэрэмжлүүлэг зарлажээ. Албани улсын онцгой байдлын албаныхан Маллакастер мужийн өмнөд хэсэгт дэгдсэн ойн түймрийг унтраахаар ажиллаж байна. Хэт халуунаас болж Ватиканы Пап лам Лео долоо хоног тутмын айлтгалаа Ариун Петрийн талбайд бус харин дотор танхимд хийхээс аргагүйд хүрчээ. Ромд ирсэн жуулчид энэ шийдвэрийг "бүгчим халуунаас түр боловч зугтах боломж" хэмээн талархан хүлээн авчээ. Словактай залгаа хилийн орчимд орших Австрийн Бад Дойч-Альтенбург хотод агаарын хэм +41.2 °C хүрснийг тус улсын үндэсний цаг уурын алба бүртгэжээ. Түүнчлнэ мягмар гарагт Вена хотын орчимд +41.0 °C хүрч халсан байна.