Хөвсгөл нуурыг цэвэрлэх ажиллагааны үе шат, дараагийн зорилтууд

A- A A+

Адъяахүү.Б

Эх орны хойморьт орших “хөх сувд” Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслүүдийг татан гаргах ажиллагааг 2020 оноос хойш дөрвөн жилийн турш явуулсны эцэст өнгөрсөн баасан гарагт бүрэн дууслаа. 

Үүнтэй холбогдуулан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд болсон ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх оролцож, тус ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэсэн нийт бие бүрэлдэхүүнд гүн талархал илэрхийлэв.

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригад, 113, 115, 119, 123 дугаар ангиуд, Зэвсэгт хүчний 186, 234 дүгээр ангиуд, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, “Геомастер” компанийн 120 гаруй хүнээс бүрдсэн баг гар сэтгэл нийлэн ажилласны дүнд олон эрсдэлийг даван туулж, үүргээ амжилттай биелүүллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ Монгол орны цэнгэг усны нөөц, экосистемийг тусгай хамгаалалтад авах зорилтыг “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгуулж, төрийн тэргүүнээр сонгогдсон даруйдаа Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслүүдийн байршлыг тогтоох, тэдгээрийг татан гаргах ажиллагааг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн  юм.

Татан гаргах ажиллагааны үе шатууд

Монгол Улсын цэнгэг усны нөөцийн 70 гаруй хувийг бүрдүүлдэг Хөвсгөл далайгаа цэвэрлэх асуудал олон жилийн турш яригдсаны эцэст 2020 оноос биеллээ олсон юм. Одоогоос гурван жилийн өмнө эхэлсэн ажиллагааны эхний шатанд Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Бор-500” загварын “Сүхбаатар” хөлөг онгоцыг ШУТИС-ийн эрдэмтэн, судлаач, цэргийн зөвлөх инженерүүдийн тооцоо, судалгаанд үндэслэн боловсруулсан технологийн картын дагуу татан гаргажээ.

Уг хөлөг онгоц 309 тонн жинтэй бөгөөд усан дор шаварт шигдсэн байх үед 4 дахин нэмэгдэж 1200 тонн болж байв. Ийм нүсэр обьектыг татан гаргахын тулд 60 гаруй эксковатор, бульдозерыг ашиглах тооцоо гарсан боловч ийм олон тооны техникийг эрэг орчмын давчуу орон зайд байрлуулах ямар ч боломжгүй. Иймээс цэргийн инженерүүд, ШУТИС-ийн багш нар хамтран өөр дээрээ хүч нэмэгдүүлдэг чирэгчийг зохион бүтээж ашигласан байна. Гурван чирэгч нь тус бүр 200 гаруй тонныг татах бөгөөд хөлөг онгоцыг өчүүхэн төдий хөдөлгөхөд л жин нь хөнгөрсөөр улмаар татан гаргах боломжтой болдог.

Тухайн үед “Сүхбаатар” хөлөг онгоцыг 14 хоногт татан гаргахаар тооцоолж байсан боловч байгаль цаг агаарын болон техник тоног төхөөрөмжтэй холбоотой хүндрэл учирч байв.  Харин өдөр бүр нарийн тооцооллыг хийсний үр дүнд 1985 оноос хойш 36 жилийн турш далайн ёроолд байсан хамгийн том тээврийн хэрэгсэл болох “Сүхбаатар” хөлөг онгоцыг 36 хоногийн дараа татан гаргажээ. Энэ хөлөг онгоцны живсэн газар, түүний жин, хэмжээ, байрлал нь тодорхой байсан учраас тооцоо судалгаа хийхэд арай хялбар дөхөм байв.    

Ийнхүү эхний шатны ажиллагаа амжилттай болсны дараа 2022 оны хоёрдугаар сард  Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган”-ыг зохион байгуулж, нэгдсэн зөвлөмж гаргасны дагуу хоёрдугаар шатны татан гаргах ажиллагаа эхэлсэн юм.

Ингээд Хөвсгөл нуурт нийт 28 нэгж техник хэрэгсэл живсэн гэх тооцоо судалгааны дагуу “Геомастер” компанийн судлаачид тэдгээрийн байршлыг тогтоох ажлыг 2022 оны 7 дугаар сарын 22-ноос 11 дүгээр сарын 15-ны өдрүүдэд 10502,6 га талбайд хийж, таван обьектын цэгийг илрүүлсэн байна.

 

Илрүүлсэн цэгийн дагуу судалгаа, тооцооллын ажлыг газар дээр нь хийж, татан гаргах ажиллагааны аргачлалыг боловсруулан, Монгол орны онцлогт тохируулсан фермийг бүтээсэн байна. “Ферм” хэмээх хөвүүр гүүрийн тавцан дээр суурилуулсан өргөгч краныг монгол эрдэмтэд зохион бүтээжээ.

Мөн нуурын гүнд байгаа обьектыг судлах, илрүүлэх, татан гаргах ажиллагаанд анх удаа орчин үеийн дэвшилтэт техник хэрэгсэл болох АНУ-д үйлдвэрлэсэн олон үйлдэлт Про-5 загварын усны дроныг амжилттай туршин ашиглажээ. Тодруулбал, усны гүнд илэрсэн тэмдэгт нь тээврийн хэрэгсэл үү, эсвэл хад асга уу гэдгийг эхлээд усны дроноор бичлэг хийж, зураг авч тогтооно. Үүний дараа гүн, хэмжээ, байршлыг тооцоолон, татан гаргах ажиллагааны төлөвлөгөөг боловсруулна. Усны дрон нь олон үйлдэлтэй тул усны гүнд буй тухайн обьектыг сүвлэх, оосорлох ажиллагааг гүйцэтгэнэ.

Эхний сүвлэгээ амжилттай болсон тохиолдолд дараа дараачийн сүвлэгээг хийж, “ферм”-ийг ашиглан татан гаргах ажиллагааг хийнэ. Уг ажиллагаа нь хязгаарлагдмал орчин буюу усны гүнд явагддаг тул шумбагчдаас маш өндөр ур чадвар, нарийн мэдрэмж, ихээхэн цаг хугацаа шаарддаг ажил юм.

Ингээд обьектыг татаж, 20 м-ийн гүнд авчирсны дараа усчин аврагчид үндсэн бэхлэлт, холболтыг шалгаж түүний дараа фермийнхээ тусламжтайгаар татан гаргах ажиллагааг зохион байгуулна. Энэхүү фермийг зохион бүтээснээр зардлыг 80 дахин багасгаж, цаг хугацааг үлэмж хэмнэж чадсан байна. Үүний зэрэгцээ зэвсэгт хүчний 234-р ангийн усчин дайчид анх удаагаа далай дээр хөвүүр гүүрийг ашиглалаа.

Улмаар обьектыг нуурын эрэгт ойртуулан тусгай зориулалтын КТЛ автомашинаар татан эрэгт гаргаж, шатахуун, шатах, тослох материалыг өөр саванд юүлэн аюулгүй болгоно.

Шумбагчид усны гүнд олон дахин шумбаж ган татлага троссыг холбох, тайрах, тасрах үед дахин холбох, хөлөг онгоцыг битүүмжлэх ажлыг гүйцэтгэж байсан бол зэвсэгт хүчний усчин дайчид нуурын мандал дээр татлагын байгууламж угсарч, хөвөгч гүүрээр далай дээр оновчтой байрлалыг эзлэх, хүчтэй давалгаатай үед тогтоон барих зэрэг үүрэг даалгаврыг гүйцэтгэж байлаа.

Энэхүү ажиллагааг гүйцэтгэхэд алба хаагчдын аюулгүй байдлыг эн тэргүүнд тавьж, аврах ажиллагааны зарчим болон хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг чанд баримталж ажилласнаар ямар нэгэн эндэгдэл, осол гаргалгүй ажилласныг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Аврагч усчин буюу шумбагчид усан доороос мэдээ дамжуулах холбооны техник хэрэгсэл болон усны тусгай хувцас хэрэглэлээр бүрэн хангагдсан байлаа.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид, шумбагчид урьд өмнө хийж байгаагүй даалгаврыг гүйцэтгэж, усны гүнд ажиллах ур чадвараа нэмэгдүүлэн дадлага туршлага хуримтлуулж, мэргэжлийн ур чадвар болон техник хэрэгслээ сайжруулж чадсаныг  ажиллагааны ерөнхий удирдагч, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн онцлон тэмдэглэлээ.

Нөгөөтээгүүр, төрийн  цэргийн болон төрийн байгууллагууд, шинжлэх ухааны байгууллагууд, хувийн хэвшлийнхэн нягт уялдаа холбоотой ажиллах аваас аливаа тулгамдсан асуудлыг хамтын хүчээр богино хугацаанд шийдвэрлэх боломжтой гэдгийг харуулсан чухал үйл явдал байв.

Ийнхүү 4 жил дамнан зуны богинохон хугацаанд, зарим тохиолдолд байгаль цаг уурын хүндрэлтэй нөхцөлд, нөөц боломждоо тулгуурлан нуурт живсэн нийт 11 тээврийн хэрэгсэл, тэдгээрт агуулагдаж байсан шатахуун, тос, тосолгооны материал болон бусад аюултай хог хаягдлыг татан гаргаснаар Хөвсгөл нуураа цэвэрлэж чадлаа.

Хэрвээ аюултай хог хаягдал асгарсан бол нуурын мандлын 2.53 хувь буюу 70 гаруй хав.дөр. км талбай бохирдож, улмаар Эгийн гол, Сэлэнгэ мөрөнг булингартуулан, цаашдаа дэлхийн цэнгэг усны 20 хувийг агуулдаг Байгаль нуурт ч нөлөөлөхөөр байв. Мөн загас, жараахай болон усны бичил организмын 50 хувь үхэж, Хөвсгөл нуурын экосистемд үлэмж хохирол учрах байв.

Энэ их эрсдэл, аюулыг хамтын хүчээр зогсоож чадсаныг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ онцоллоо.

Дараа дараагийн зорилт

Хөвсгөл нуурыг живсэн тээврийн хэрэгслүүдээс цэвэрлэсний дараа түүнийг хамгаалах ажлууд үргэлжлэн явагдана. Тухайлбал, Хөвсгөл нуурын судалгааны төвийг байгуулснаар тус нуурын экологийн тогтоц, ойн санг хамгаалах асуудлыг цогц байдлаар судална.

Ерөнхийлөгчийн санаачилга, өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Ганга нуурыг бохирдолт, ширгэлтээс хамгаалах, урсац сайжруулах төсөл” үр дүнгээ өгсөн нь цаашид Хэрлэн мөрөн, Өгий нуур, Туул гол, Буйр нуур гээд олон гол нуурыг шат дараатай сэргээх цогц ажлын эхлэл болж байна. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2017 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Ганга нуурыг бохирдол ширгэлтээс хамгаалах, урсцыг сайжруулах” төслийг эхлүүлсэн юм. Энэ төслийн хүрээнд молцог элсний ургамалжилт болон Ганга нуурын хагшаасын судалгаа хийжээ. Мөн нуурын хамгаалалтын 16 км хашаа татсан байна.

Нуурыг малын хөлөөс чөлөөлөх зорилгоор нуур орчмын 45 өрхийн дунд 10 худгийг гаргаж, хүлээлгэж өгсөн ба нуурын салхин дээд талд 10га-д 8000 гаруй мод тарьж хамгаалалтын ойн зурвас байгуулах ажлыг эхлүүлжээ.

2017 оноос хойш Ганга нуурыг хамгаалах ажил эрчимтэй явагдсанаар түүний экосистем сэргэж, усны түвшин нь 2005 оны хэмжээнд хүрч нэмэгдсэн байна. Ингэснээр 2022 оны намар Ганга нууранд 7000 гаруй хун шувуу чуулсан тухай сайхан мэдээ бий. 

Харин одоо Ганга нуурыг хамгаалах хоёрдугаар шатны төсөл эхэлж байна. Энэ хүрээнд эх булгуудыг сэргээх, нуурын эрэг орчмыг чулуужуулах, нуурын хамгаалалтын ойн зурвасыг өргөжүүлэх, шувуу харах цамхаг байгуулах зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ. Төсөл үр дүнгээ өгч байгаа нь цаашид Өгий нуур, Хэрлэн гол, Бумбатын рашаан зэрэг газруудыг шат дараатай сэргээх цогц ажлын эхлэл болж байна.

Өгий нуур

Монгол орны төвийн бүсийн амин судас болсон цэнгэг уст энэ нуур 7 км урт, 5 км өргөн бөгөөд олон хүчин зүйлийн нөлөөллийн улмаас 2014 оноос эрс бохирдон, экосистем нь алдагдаж эхэлжээ. Иймээс Өгий нуурыг хамгаалах цогц ажлыг хэрэгжүүлэхээр хамтарсан ажлын хэсгийг байгуулсан байна. Тус ажлын хэсэг нуурын ёроолд хаягдсан их хэмжээний загасны торнуудыг татаж гаргах; эх цутгал болох хөгшин Орхон голыг хамгаалж урсцыг сайжруулах; нуурт цутгаж буй хөгшин Орхон болон эх авч буй Хоолойн голын усархаг хэсгийг хашаалж хамгаалах; нуурын эргийн дахин төлөвлөлт хийж, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй бохирдол үүсгэхгүй байх зэрэг ажлыг хийнэ.

Хэрлэн голыг сэргээх нь:

2024 оны улсын төсөвт тусгасан 3 тэрбум төгрөгөөр эх цутгал голын урсацыг сайжруулж, Шорвог, Хоёр Мэлхийт хэмээх татмын нууруудыг сэргээхээр төлөвлөж байна. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн нутагт, Толгойтын баруун салаанд орших Бумбатын рашааны хашааг шинэчилж, рашааны эргэн тойронд тохижилтын ажлыг хийхээр төлөвлөж байна. 

Эх сурвалж:montsame.mn

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн спортын тэмцээнд ажмилттай оролцлоо

Энэ жилийн тэмцээнийг Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс зохион байгуулсан бөгөөд дартс, ширээний теннис, шатар, сагс, гар бөмбөг гэсэн таван төрлөөр аваргуудаа шалгаруулсан байна.

БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Тус ээлжинд Онцгой байдлын байгууллагаас 11 алба хаагч үүрэг гүйцэтгээд ирсэн юм.

Гамшгийн үед шийдвэр гаргах чадавхыг дээшлүүлэв

ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Б.Мягмардоржоор ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн Онгой комисс болон 11 алба, 24 мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулсан юм.