Ц.Саруулсайхан: Мэргэжлийн байхыг, хүнлэг байхыг эрхэмлэдэг

A- A A+

Онцгой байдлын алба гэдэг бүх зүйлээрээ онцгойрч, ялгарч, алба хаагчид нь чадвартай, боловсролтой, харилцааны өндөр чадамжтай байх ёстой гэдэг зарчмыг баримтлан ажилладаг хошууч Ц.Саруулсайхан Nematimes булангийн энэ удаагийн зочин. Түүний хувьд сургуулиа төгсөөд л орон нутагт ажлын томилолт “өвөртөлж”, өнөөг хүртэл үүрэг гүйцэтгэж байна. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах  27 дугаар ангийн захирагчийн “ертөнц”-д тавтай морил.

-Улаанбаатар хотод төрсөн. Айлын том хүү. Нэг дүүтэй. Чингэлтэй дүүргийн 17 дугаар бүрэн дунд сургуулийг дүүргээд,  ДХИС-д элсэн суралцсанаар Онцгой байдлын сургуулийг 2016 онд “Онцгой байдлын ажилтан, Эрх зүйч” мэргэжлээр төгсөж, 2020 онд Гамшиг судлалын магистрын зэрэг хамгаалсан. Хүн болгон л өөр, өөрийн шалтгаанаар Онцгой байдлын албыг сонгосон байдаг. Зарим нь харж, зарим нь сонсож, зарим нь үе залгамжилдаг. Миний хувьд  сонсож сонголтоо хийсэн. Арван жилийн сурагч байхдаа зам, барилга, гүрүүшка гээд хийж үзээгүй ажил байхгүй. Тухайн үед дүрэмт хувцастай ах нарыг хараад “дотно” мэдрэмж төрж, цэргийн хүн болох мөрөөдөл тээж байлаа. Тухайн үед надад их сургуульд сурах боломж байгаагүй ч ДХИС-д тэнцвэл төлбөргүй сурдаг гэж сонсоод шалгалт өгөхөөр шийдэж, Цагдаа, Онцгой, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Хилийн цэрэг гэсэн салбаруудаас судалж байгаад хүмүүст тусалдаг, энэрэнгүй алба учраас Онцгой байдлын албаа сонгосон доо.  

-Онцгой байдлын байгууллагад сурсан хугацаатайгаа нийлээд 13 дахь жилдээ ажиллаж байна. Сургуулиа төгсөөд Хөвсгөл аймгийн Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангид салааны захирагчаар томилогдсон. Тухайн үедээ 21 настай хамгийн залуу салааны захирагч болж байлаа. Хөдөө амьдарч үзээгүй. Ахуй, соёлыг нь гадарлах ч таних хүнгүй, танил биш орчиндоо ажиллах томилолт авсан минь орон нутагт ажиллаж, амьдрах эхлэл болсон. Улмаар 2017-2018 онд аймгийнхаа Онцгой байдлын газарт ангиллын сургалт сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2018 онд  Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр анги байгуулагдахад ангийн захирагчаар томилогдсон нь мөн л 23 настай хамгийн залуу захирагч гэх тодотголыг надад авчирсан. Ангийн захирагчийн албан тушаалыг 2018 оноос хойш зургаа дахь жилдээ хашиж байна.

-Ангийн захирагчийн хувьд гүйцэтгэх үүрэг ихтэй. Хариуцлага өндөртэй. Ангийн болоод алба хаагчдынхаа бэлтгэл, бэлэн байдал, аюулгүй байдлыг хангуулах, сургаж, дадлагажуулах, хяналт тавих, дуудлагаар ажиллах үед шийдвэр гаргах, хүч хэрэгслийг тооцоолох, арга тактикаар хангах гээд л. Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангид ажиллаж байхдаа завиар гал түймэр унтраах, дадлага сургуулийг анх удаа зохион байгуулсан. Хөвсгөл нуурын эргээс 100-200 метр зайд амралтын баазууд үйл ажиллагаа явуулдаг учир завиар аврах ажиллагаа явуулахад цаг хугацаа хэмнэх ач холбогдолтой гэдгийг дадлагаар баталгаажуулан, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж эхэлсэн. Аялал жуулчлал хөгжсөн учраас сүүлийн жилүүдэд Хөвсгөл аймгийг зорих жуулчдын тоо эрс нэмэгдсэн. Үүнийгээ дагаад эрсдэл өндөртэй. Ой, хээрийн түймэр, усны осол, төөрсөн, сураггүй болсон, мөс цөмөрсөн гээд бүхий л дуудлагаар ангийн бие бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэдэг. Мөн  уур амьсгалын өөрчлөлт, барилгын хийц бүтээцийн материалын физик, химийн шинж чанараас хамаараад объектын гал түймрийн дуудлага ихтэй.

-Гаргасан тушаал, шийдвэр болгон тухайн алба хаагчийн амь нас, нийгмийн баталгаатай шууд хамааралтай байдаг. Тухайн алба хаагчийн ард түүний гэр бүл, хайртай хүмүүс нь бий. Тийм учраас мэргэжлийн байхыг, хүнлэг байхыг эрхэмлэдэг.  “Хүний ёсоор хайрлаж, цэргийн ёсоор захир” гэдэг үгийг үргэлж санаж явдаг. Дагаж мөрдөж байгаа хууль, дүрэм, журмууд цаг хугацаа, нөхцөл байдлаас шалтгаалаад тухай бүрт шинэчлэгдэж байна. Тиймээс цаг үетэйгээ зэрэгцэн өөрийгөө хөгжүүлэх, суралцагч байх нь чухал гэж боддог.  

-Орон нутагт ажиллах давуу тал ихтэй. Тайван, амгалан, стрессгүй амьдрах нөхцөл бүрддэг. Манайх ам бүл тавуулаа. Эхнэр, гурван хүүгийн хамт амьдардаг. Миний ханийг Б.Хулан гэдэг. АШУИС-ийг төгссөн. Одоогоор хувиараа бизнес эрхэлж байгаа. Хатгал тосгоны онцлогоос хамаараад нуурын нэг эргээс нөгөө эрэг хүртэл тороос татаад цаашаа наашаа Zip line, усны дугуй, шилэн завь гээд экстрим орчныг бүрдүүлсэн. Анх таних хүнгүй, газар орноо мэдэхгүй томилогдож ирж байсан би нутгийн хүргэн болж, бусдын жишгээр сайхан л амьдарч байна. Эзэн хичээвэл, аз үргэлж дэргэд байдаг.

-Арван жилд байхаасаа пауэрлифтинг, дартсын спортоор хичээллэж байна. Пауэрлифтинг спортын мастер. Аймаг, бүсийн хэмжээнд зохион байгуулагддаг тэмцээн, уралдаанд тогтмол оролцдог, 20 гаруй медальтай. Усан спортыг сүүлийн үед сонирхож байгаа. Шинэ зүйл сурах, өөрийгөө сорих дуртай. Хийж болох зүйл юу байна, сурч, мэдэх юм хаана байна гээд эрэл хайгуул хийдэг. Эх орныхоо өнцөг булан бүрт ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, амь аврах их үйлсэд мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдадаа ажлын амжилтыг хүсэн ерөөе.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

17-нд Алтайн уулархаг нутгаар, 18-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Спортын олон төрөлт тэмцээнд 400 гаруй алба хаагч оролцож байна

Алба хаагчид сагсан бөмбөг, усан сэлэлт, туухай өргөлт, олс таталт, буухиа гүйлт, буудлага гэсэн зургаан төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа бөгөөд аваргууд өнөөдөр тодрох юм.

Сайд нарын бага хурал салбар хуралдаанаар үргэлжилж байна

Сайд нарын бага хурал салбар хуралдаанаар үргэлжилж байна