Өөдрөг хүнд "зам" нээгдэж, зорилготой хүн ажлын амтыг илүү ихээр мэдэрдэг. Өөрт өгсөн амлалт гэхээс илүү амь авардаг албаараа бахархдаг түүний итгэл, найдвар өдрөөс өдөрт олон хүнд амьдрал бэлэглэж байна. Харин түүнд чин сэтгэл, тусч занг алба маань үлгэрлэдэг гэнэ. Түүнийг энэ удаагийн Nematimes буландаа онцолж байна. Ахлах ахлагч Энхболдын Гансүмбэрэл нь Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарт усчин аврагчаар үүрэг гүйцэтгэдэг юм.
-Хэнтий аймгийн Батноров суманд, төрж өссөн. Хоёр хүүхэдтэй айлын том нь. Аймгийн III арван жил, МСҮТ-ын сантехник гагнуурын ангид элсэн суралцаж төгссөн. Онцгой байдлын байгууллагад 2012 оноос хойш 12 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна. Ажиллах хугацаандаа 85 хүний амь нас, аж ахуй нэгж, байгууллага, ард иргэдийн 187 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан. Манай аймагт ой, хээрийн түймэр, үер, ус, авто осол, цасан болон шороон шуурганд төөрсөн, сураггүй болсон, мал, амьтны гоц халдварт өвчин гээд газар, нутгийн онцлог, хөгжлөө дагаад улсын хэмжээнд тохиолдож байгаа бүх дуудлагууд тохиолддог.
-Миний анхны дуудлага хээрийн түймэр байсан. Тухайн үед нас залуу, туршлага дутуу учраас мэдээж айдас, түгшүүртэй. Юу юугүй л улаан гал бүрхээд ирсэн. Анх удаа харж байгаа надад бол сүрдмээр... Олон жил ажилласан туршлагатай ах нараасаа хээрийн түймэр хэрхэн унтраахыг сурч, буцаж явахдаа амаргүй ч бахархалтай алба юм гэж бодож, эх орныхоо нэгээхэн хэсгийг аварч хамгаалсандаа өөрөөрөө бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрсөн. Тэр цагаас албандаа дурлаж, улам ихээр бие, сэтгэлээ зориулна гэж өөртөө амлаж байлаа.
-Зундаа усны ослын дуудлага тасардаггүй. Бага насны хүүхэд усанд осолдчихлоо, эндчихлээ гэдэг мэдээлэл хамгийн хэцүү. Хэрлэн гол, Аварга тосон, Гүрмийн нуур зэрэг аймгийнхаа томоохон гол нуурын эрэг дагуу 12 дахь жилдээ усны эргүүлийн үүргийг гүйцэтгэж байна. Үүрэг гүйцэтгэх хугацаанд эндэх шахсан олон ч хүнийг аварсан. Харамсалтайгаар амиа алдсан олон ч хүний цогцсыг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгч байлаа. Энэ зун цаг наймдугаар сарын 19-ний байдлаар манай аймагт усны ослоор хоёр хүн амь насаа алдсан. Ард, иргэд минь “Хийлдэг гудас завь биш шүү” хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулаарай” гэж уриалмаар байна.
-Усан спортоор хичээллэх дуртай. Усанд тогтмол хичээллэснээр хүний бие уян хатан, тэвсвэр тэвчээртэй, амьсгал тайван, ухаан сэтгэлгээ цэгцтэй болдог. Нөгөө талаар миний ажил шүү дээ. Ажил, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх хүрээнд ОБЕГ болон аймаг, бүсийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа сургалт, дадлагад тогтмол хамрагдана. Сурсан, мэдсэнээ шинээр томилогдсон дүү нартаа зааж сургана. Харилцан суралцана. Өвлийн улиралд Хөвсгөл нууранд 25 метрийн гүнд шумбаж байсан. Хэрлэн гол, Гүрмийн нуур зундаа үерийн түвшинг 30-50 см давж үерлэнэ. Урсгал ширүүн, гүнзгий гээд онцлог ихтэй.
-Аврагч хүн тухайн нөхцөл байдалд дасан зохицох чадвар сайтай, зарчимч, шударга, аливаа бэрхшээлийг даван туулах бие бялдар болон сэтгэл зүйн тэсвэр хатуужилттай байх хэрэгтэй. Миний үнэт зүйл бол эх орон, хайртай гэр бүл, ажлын хамт олон минь. Худлаа ярьж дүр эсгэж амьдрахгүй, эргэн тойрондоо тус дэмтэй байж, аливаад шударга байхыг л эрхэмлэдэг.
-Чөлөөт цагаараа загасчлах дуртай. Загасчлах нь хүнд маш их тайвшрал өгдөг. Анхаарал төвлөрч бясалгалын нөлөөнд орж буй мэт мэдрэмжийг төрүүлнэ. Ажлын ачаалал, амьдралын олон асуудлаас түр ч болов амсхийдэг. Манайх ам бүл зургуулаа. Хоёр охин, хоёр хүүтэй. Манай гэр бүлийн хүнийг С.Азжаргал гэдэг. Физик- мэдээлэл зүйн багш мэргэжилтэй. Хоёр том сургууль, хоёр бага цэцэрлэгт суралцаж байна.
- Жижиг гэлтгүй бүх зүйлд сэтгэлээсээ хандаж, бусдад үргэлж тус, дэмтэй байхыг үлгэрлэдэг учраас албаараа бахархдаг. Хүний амь насыг аварч, түүнд итгэл, найдварыг бэлэглэдэг гэж бодохоор л өөрийн эрхгүй л огшоод байдаг юм. Онцгой байдлын алба маань ч хөгжиж, алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллаж байгаад баяртай байдаг. Энэ дашрамд, Онцгой байдлын байгууллагад мөр зэрэгцэн ажиллаж байгаа удирдлага, ажилтан, алба хаагч, хамт олондоо болон тэднийхээ гэр бүлд эрүүл энх, энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
2024/08/21Шинэ мэдээ
Нийт дуудлагын 70 нь гал түймэр, 9 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, гурван нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.
2024/08/21Хоногийн мэдээ
Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ