Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Дорнод, Сүхбаатар, Увс аймгийн нутгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, нутгийн төв хэсгээр баруун өмнөөс, зүүн аймгуудын нутгаар хойноос, өдөртөө нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар +18...+23 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Алтайн өвөр говиор +28...+33 градус, бусад нутгаар +23...+28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +12...+14 градус, өдөртөө +24...+26 градус дулаан байна.

Төлөв байдал: 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, 22-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, 23-нд говь талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +17...+22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна. 23-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Гал түймэр:

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хорооны Дүнжингаравын гудамж, Уулын автозам дагуу автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.19-ний өдрийн 12:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ө-ын “Kia Bongo-3” загварын бага оврын ачааны автомашины амбаар доторх 15 литрийн баллонтой хийн хангамж, ус, ундааны мөстэй хөлдөөгч, бусад эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хэнтий аймаг, Хэрлэн сум 5 дугаар баг автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.19-ний өдрийн 14:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ийн “Ssangyong Istana” загварын бага оврын ачааны автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 21 дүгээр хороо хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 08.19-ний өдрийн 16:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол.

Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум Хонгор морьт багийн “Орхон Сэлэнгийн бэлчир” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 17 км/-т “Сэлэнгэ” мөрөнгийн эрэг дээр 5 хүн аялж байснаас 1 хүн нь усанд живсэн тухай дуудлагыг 08.18-ны өдрийн 16:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Л /24 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 08.19-ний өдрийн 07:00 цагаас эхлэн зохион байгуулж, осолдсон газраас баруун хойд зүгт 16 км зайд  11:23 цагт цогцсыг олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

Баян-Өлгий аймаг, Бугат сум 3 дугаар багийн “Цагаан” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 30 км, сумын төвөөс урд зүгт 5 км/-т Тус сумын харьяат иргэн Б нь 08.18-ны өдрийн 11:30 цагийн орчим хадланд хадахаар гэрээсээ явган гараад сураггүй болсон, “Ховд” голын эргээс гар утсыг нь олсон тухай дуудлагыг 08.19-ний өдрийн 15:15 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажилтнууд,, сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид,  ар гэрийнхэн иргэн Б /64 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 08.19-ний өдрийн 01:00 цагаас эхлэн зохион байгуулан ажиллаж,  дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулан Бугад сумын төвөөс урд зүгт 3 км зайд төөрсөн байсныг 19:30 цагт эсэн мэнд олж, сумын Цагдаагийн тасгийн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн.

Сүхбаатар аймаг, Халзан сум 3 дугаар багийн “40-ийн худаг” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 40 км, сумын төвөөс хойд зүгт 120 км/-т Сүхбаатар аймгийн төвөөс Онгон сумын чиглэлд зорчиж явсан 4 зорчигч /2 том хүн, 2 хүүхэд/-той суудлын автомашин шаварт суусан тухай дуудлагыг 08.19-ний өдрийн 20:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын  алба хаагчдыг очиход иргэн М-ын“Mitsubishi Pajero” загварын суудлын автомашин шаварт суусан байсныг  ажиллаж татан гаргасан.

Баян-Өлгий аймаг, Бугат сум Цагаан багийн “Цагаан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 20 км, сумын төвөөс зүүн урд зүгт 15 км/-т Бугат сумын төвөөс Өлгий сумын чиглэлд зорчиж явсан 2 зорчигчтой ачааны автомашин шаварт суусан тухай дуудлагыг 08.20-ны өдрийн 01:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн “Sinotruck ZD5190GYY” загварын шатахуун ачсан автомашин шаварт суусан байсныг  ажиллаж татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хөвсгөл нуураас татан гаргасан автомашин, техник хэрэгслийг орон нутагт хүлээлгэн өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлагаар 2021-2024 онуудад зохион байгуулагдсан Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах живсэн тээврийн хэрэгслийг эрэн хайх, илрүүлэх, татан гаргах ажиллагааг дуусгаж, татан гаргасан машин, техникийг орон орон нутагт хүлээлгэн өгөх ажиллагаа өнөөдөр боллоо.

Хөвсгөл нуурт живсэн 11 техникийг нуурын 33.1-171 метрийн гүнээс татан гаргалаа

Улмаар тэдгээрт агуулагдаж байсан 50 орчим тонн шатахуун, тос тосолгооны материал, аюултай хог хаягдлыг аюулгүй болгож бохирдуулах эрсдэлээс хамгаалаад байна.