Б.ХАШ-ИЛД
-Энэ зун 17 хүн усанд амиа алдсанаас 90 хувь нь согтуурсан байсан-
Нийслэлийн засаг даргын 2024 оны Үер уснаас урьдчилан сэргийлэх, авах зарим арга хэмжээний талаар захирамжийн хүрээнд НОБГ, Нийслэлийн аврах анги, Нийслэлийн цагдаагиййн удирдах газар хөдөлгөөнт эргүүлийн үүргийг зургаадугаар сарын 15-наас эхлэн гүйцэтгэж байна.
Ингэхдээ Нийслэлийн аврах ангиас 10 алба хаагч үндсэн болон бэлтгэл бүлгийн зохион байгуулалттайгаар тус бүр хоёр техниктэй БЗД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрээс эхлэлтэй Туул голын эрэг дагуу нийт 50 км зайг хамран 24 цаг ажиллаж байна.
Үүний зэрэгцээ Нийслэлийн есөн дүүргийн Онцгой байдлын газраас тус бүр зургаан алба хаагч дээрх захирамжийн хүрээнд урьдчилан сэргийлэх, авран хамгаалах үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Бид энэ удаад НОБГ-ын Аврах ангийн бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч Б.Отгонбаяр ахлагчтай үндсэн бүлгийн хөдөлгөөнт эргүүлийн үйл ажиллагаанаас мэдээлэл бэлтгэлээ. Үдийн үед биднийг очиход тэдний баг үндсэн байршилдаа байсангүй. Ахлагчтай нь утсаар холбогдоход “Бид нар ойрхон урьдчилан сэргийлэх хэлтэстэйгээ хамтраад бичлэг хийж байна. Удахгүй дууслаа. Манай вагончигны ойролцоо байж байгаарай” гэв.
Энэ жил бороо ихтэй байгаа учраас тунгалаг Туул улаанаараа эргэжээ. Гэвч иргэдийн хөл хөдөлгөөн их байна. Өнөөдөр хэдийгээр сэрүүвтэр, үе үе бороо орсон өдөр ч голын эрэг дагуу автомашинтай, нялхас хүүхдээ дагуулсан гэр бүл, залуу хос, хэсэг бүлэг залуус зөндөө байв. Бидний зорилго бол өдөр алгасахгүй мэдээлэгдэх болсон усанд харамсалтайгаар эндэж амь насаа алдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдээлэл бэлтгэх. Аврах ангийн залуус ч яг л ийм утгаар бичлэг хийгээд иржээ.
-Б.Отгонбаяр: Усанд хөл алдчихвал биеэ сул тавих нь хамгийн зөв арга-
Залуус аврах ангийн машин дээрээ завиа ачиж, гурван аврагч, бүлгийн ахлагч, нохой сургагч, жолоочтойгоо нэг ээлжид тавуулаа ажилладаг юм байна. Мэдээж үүн дээр эрэлч, усч нохой бас нэмэгдэнэ. Бид НОБГ-ын Аврах ангийн бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч Б.Отгонбаяртай ярилцлаа.
-Танай бүлэг аль хэсгийг хариуцан ажилладаг вэ. Өмнөх жилүүдээс энэ жил дуудлага мэдээлэл хэр их байна?
-Бид 13 дахь жилдээ хөдөлгөөнт буюу завьт эргүүлд гарч байна. Бид БЗД-ийн 20 дугаар хорооноос ХУД-ийн 1 дүгээр хороо Маршалын гүүр хүртэлх 25 км зайд үүрэг гүйцэтгэдэг. Бэлтгэл бүлэг маань үүнээс цааш 30 км хариуцан ажилладаг. Завьт эргүүл эхэлснээс хойш усанд боогдсон, машинтайгаа баталгаагүй зам гармаар гараад суусан, осолдсон зэрэг дуудлагаар очиж 371 иргэний амь насыг авран хамгаалсан. Зургаадугаар сарын 15-наас хойш усанд осолдож амь насаа алдсан 17 дуудлага бүртгэгдснээс 14 нь том хүн, 3 нь хүүхэд байсан.
Очсон дуудлагын 90 хувь нь архи согтууруулах ундаа хэрэглэснээс үүдэлтэй, 10 хувь нь эцэг, эхийн хараа хяналтгүйгээс хүүхэд усанд эндэж байна. Нийслэлийн 9 дүүргийн алба хаагч болон холбогдох байгууллагууд өдөр бүр урьдчилан сэргийлэх материал тараадаг. Хэдийгээр энэ хэлж байгаа тоо тохиолдол өндөр сонсогдох ч завьт эргүүл ажиллаж эхэлснээс хойш энэ төрлийн дуудлага мэдээлэл харьцангуй буурч, харамсалтай тохиолдлын тоо буурсаар л байгаа.
-Мэргэжлийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өдөр бүр анхааруулсаар байтал харамсалтай тохиолдлууд гарсаар байна. Үүнийг хэрхэн тайлбарлах вэ?
-Иргэд болгоомжгүй, санамсаргүй, хайнга байдлаас болж их алддаг. Санамсар болгоомж хамгийн энгийн зүйлээс эхэлдэг ч хамгийн том аюулыг дагуулдаг. Манайхан маргааш гэж олон зүйлийг хойшлуулдаг хэрнээ хамгийн чухал зүйл дээр яаруу, хүлээцгүй байдлаас болоод гэнэдэж эрсдэлд орох нь нийтлэг. Зам товчлохгүй голыг зориулалтын гүүр, гарцаар нь гарах хэрэгтэй. Гэтэл унаж яваа машиндаа бардах, цаг хугацаа хожих, зам тойрч явснаас товчилчихъё гэдэг байдлаар ус руу ороод л амь насаа алддаг. Энэ жил усархаг бороо ойр ойрхон орж байгаа болохоор гол үерийн аюултай түвшинд байгаа. Иргэд үүнийг юман чинээ бодохгүй байгаа нь өөрийгөө, эд хөрөнгөө, гэр бүлээ эрсдэлд оруулахад хүргэж байна.
-Та явганаар мөн тээврийн хэрэгсэлтэйгээ яваа иргэдэд анхааруулга мэдээлэл өгөөч?
-Голын эрэг дагуу битгий байрлаарай. Ядаж 100-150 метр зайтай байгаарай. Баталгаагүй зам гарцаар бүү яваач. Амарч зугаалж явахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн нь бол гол руу битгий зүглээрэй. Сая хэдхэн хоногийн өмнө гурван найз Туулын эрэг дээр нэг шил архи хувааж уугаад нэг нь усанд сэлий гээд босоход нөгөө хоёр нь юу ч хэлээгүй. Сэлдэг байсан юм чинь гээд тоохгүй, хорихгүй хаяад л найз нь эндчихэж байгаа юм. Архи согтууруулах ундаа уусан бол гол руу битгий зүглээрэй.
-Машинтай ус руу орчихлоо гэхэд хамгийн түрүүн ямар үйлдэл хийвэл зохистой вэ?
-Баталгаагүй зам, гарц, гармаар орохгүй байх нь л хамгийн түрүүн хийх үйлдэл. Гэнэт давхиад орчиход ямар ч барьцгүй. Тэнд юу байгааг таашгүй. Эрэгтэй ч газар бий, эрэггүй сул хайргатай цөмөрч орох хэсэг ч олон. Аюулгүй байдлаа бодоод зөвшөөрөгдсөн замаар явах нь хамгийн шилдэг үйлдэл.
-Харин иргэн усанд хөл алдчихвал хамгийн түрүүн яах ёстой вэ?
-Биеэ сул тавих хамгийн сайн арга. Тэгээд аль болох голынхоо эрэг дагуу хөл гараа хөдөлгөх хэрэгтэй. Гараа даллах хэрэгтэй. Сандарч болохгүй. Сандарвал хамаг биеэ чангарч, ус залгиад эрсдэлд ордог. Мөн иргэд бассейнд сэлдэг юм чинь гэж бардаж ус руу ордог. Гол бол урсгалтай, бассейн бол тогтоол устай. Огт өөр орчин учраас тэгж өөртөө бардах бас хэрэггүй.
Аврах багийн залуус дулааны улиралд 7 метр гүн тогтоол усанд өдөр бүр дадлага сургууль хийдэг бол өвөл ээлжээсээ буугаад бассейнд хоёр цаг бэлтгэл хийдэг байна. Харин энэ усч нохой Үндэсний аврах баг дээр сургалтад хамрагдаад саяхнаас ажилд оржээ.
-Амь насаа алдсан иргэдийн 26 хувь нь Туул голд эрсэджээ-
Усны ослын талаарх тоон мэдээллийг ОБЕГ-аас өнгөрсөн сард танилцуулсан билээ. Он гарсаар усны ослын 80 тохиолдол бүртгэгдэж, 65 хүн амь насаа алджээ. Үүний 52 нь том хүн, 13 нь хүүхэд. Усны ослыг 2023 оны мөн үетэй харьцуулахад тохиолдлын тоо 3.9 дахин өссөн байна.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд усны ослоор 1,044 хүн амь насаа алджээ. Усны ослоор нас барсан иргэдийн 14 хувь нь сэлж чаддаг байжээ.
Осолдсон иргэдийн хувьд
Сэлэхээр ороод 14 хувь
Автомашинтай зорчиж байгаад 14 хувь
Мотоциклтой гол гатлах 14 хувь
Хүүхэд хараа хяналтгүй 11 хувь
Согтууруулах ундаа хэрэглэсэн 7 хувь
Хүн аврахаар 4 хувь
Морьтой зорчиж байгаад 4 хувь
2017-2023 оны хугацаанд усны осолд өртөж амь насаа алдсан хүмүүсийн дийлэнх нь 10, 13, 17, 21 насны хүүхэд, залуус байжээ. Сүүлийн 10 жилд усны ослоор нас барсан хүмүүсийн 71.1 хувь нь том хүн, 28.9 хувь нь хүүхэд. Усны ослоор нас барсан том хүний 67.4 хувь нь эрэгтэйчүүд байна. Амь насаа алдсан иргэдийн 26 хувь нь Туул голд осолджээ.
Иргэд та бүхэн,
Хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх
Анхны тусламж үзүүлэх чадвартай байх
Аврах хантааз өмсөж хэвших
Зөвшөөрсөн зайд сэлэх
Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол нуурын усанд орохгүй байх
Өөрийн эрүүл мэндийн онцлогийг мэддэг байхыг ОБЕГ-аас зөвлөж байна.
Эх сурвалж: Eguur.mn 2024.08.15
2024/08/15Шинэ мэдээ
Энэ жилийн тэмцээнийг Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс зохион байгуулсан бөгөөд дартс, ширээний теннис, шатар, сагс, гар бөмбөг гэсэн таван төрлөөр аваргуудаа шалгаруулсан байна.
2024/08/15Шинэ мэдээ
Тус ээлжинд Онцгой байдлын байгууллагаас 11 алба хаагч үүрэг гүйцэтгээд ирсэн юм.
2024/08/15Шинэ мэдээ
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Б.Мягмардоржоор ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн Онгой комисс болон 11 алба, 24 мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулсан юм.