Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар болон Архангай, Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар бороо орж, бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +16...+21 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +27...+32 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө +14...+16 градус, өдөртөө +18...+20 градус дулаан байна.

 Хүний үйл ажиллагаатай холбоотой осол. Төөрсөн сураггүй болсон: 

- Завхан аймаг, Тосонцэнгэл сум. Баян-Улаан багийн “Шивтэртийн доод хашаа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 155 км, сумын төвөөс баруун зүгт 25 км/-т жимс түүж явсан 9 хүнээс 5 хүн (үүнээс 4 нь хүүхэд) сураггүй алга болсон тухай дуудлагыг 07.31-ний өдрийн 21:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид 25 км зам туулан 08.01-ний өдрийн 00:05 цагт очиж иргэн Б/40 настай, эрэгтэй/, Б /11 настай, эрэгтэй/, Т/9 настай, эрэгтэй/, Э/6 настай, эмэгтэй/, Х/3 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, анх сураггүй болсон газраас баруун хойд зүгт 7 км зайд ой модон дотор байсныг мөн өдрийн 10:02 цагт эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

- Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум. Сансар 2 дугаар багийн Цагаан-Ус 3 дугаар гудамжинд иргэн Н нь 08.01-ний өдрийн 18:30 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 22:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид, аймгийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид Мэргэжлийн анги, ар гэрийнхэнтэй хамтран иргэн Н/16 настай, эмэгтэй/-г 23:11 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Шаварт суусан: 

-Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 14 дүгээр хороо “Түргэний гол”-д автомашин урсаж байна гэсэн дуудлагыг 08.01-ний өдрийн 16:09 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 45 км замыг туулан 17:10 цагт очиход эзэмшигч нь тодорхойгүй  “Subaru Forester” загварын суудлын автомашин голын усанд живсэн байдалтай байсныг 30 минут ажиллаж, татан гаргасан.

- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 14 дүгээр хороо, Төв аймгийн автозамын хяналтын цэгийн хажууд автомашинтай иргэд усанд боогдсон байна гэсэн дуудлагыг 08.01-ний өдрийн 17:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 14 км замыг туулан 17:30 цагт очиход “Toyota Prius Alpha” загварын 4 зорчигчтой суудлын автомашин усанд боогдсон байсныг 10 минут ажиллаж, татан гаргаж иргэдийн аюулгүй байдлыг хангасан. 

- Өвөрхангай аймаг, Тарагт сум. дугаар багийн “Арвайн тал” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 8 км, сумын төвөөс зүүн зүгт 30 км/-т суудлын автомашин шаварт суусан гэсэн дуудлагыг 08.01-ний өдрийн 18:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 8 км замыг туулан 18:40 цагт очиход Арвайхээр сумаас Баянгол сумын чиглэлд зорчиж явж байсан Б-ийн “Toyota Alphard” загварын 3 зорчигч /1 том хүн, 2 хүүхэд/-той суудлын автомашин шаварт суусан байсныг 1 цаг 10 минут ажиллаж, татан гаргаж иргэдийн аюулгүй байдлыг хангасан.

- Дундговь аймаг, Цагаандэлгэр сум. 3 дугаар багийн “Мушгиа зандан” гэдэг газар /Говьсүмбэр аймгийн төвөөс баруун зүгт 27 км/-т 3 автомашин шаварт суусан тухай дуудлагыг 08.01-ний өдрийн 20:40 цагт хүлээн авсан. Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 27 км замыг туулан 22:40 цагт очиход Говьсүмбэр аймгаас Дундговь аймгийн Говь-Угтаал сумын чиглэлд зорчиж явсан иргэн А-ийн  “Toyota Prius-20” загварын суудлын автомашин, иргэн Н-ын “Kia Bongo Frontier” загварын бага оврын ачааны автомашин, иргэн Э-ын  “Infiniti FX35” загварын суудлын автомашин, нийт 9 хүн /4 том хүн, 5 хүүхэд/, 3 автомашинтай шаварт суусан байсныг 2 цаг 39 минут ажиллаж, татан гаргаж зорчигчдын аюулгүй байдлыг ханган ажилласан.

Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл. Гол, мөрний усны үер: 

- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 3 дугаар хорооны “Туул” тосгоны 2/Б хэсэгт гэр, хашаа үерийн усанд автсан гэсэн дуудлагыг 08.01-ний өдрийн 19:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 0.5 км замыг туулан 20:00 цагт очиход гэр, хашаа “Туул” голын үерийн усанд автаж, цахилгааны дамжуулах тулгуур багана /380 вольт/ унасан байсныг “УБЦТС” ТӨХК-ийн Баруун түгээх төвийн ажилчдыг дуудан хүчдэлийг салгуулж, 30 минут ажиллаж гэрийг нүүлгэн аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн.

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 8 дугаар хорооны Эрдэнэтолгойн 5 дугаар гудамжинд гэр, хашаа үерийн усанд автсан, гэрт биеийн байдал муу хэвтрийн хүн байгааг зөөвөрлөж өгнө үү гэсэн дуудлагыг 08.01-ний өдрийн 15:06 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 16 км замыг туулан 15:41 цагт очиход гэр нь борооны усанд автаж тус тоотод түр оршин суугч хэвтэрт байдаг иргэн Г/70 настай, эмэгтэй/ нь гарах боломжгүй байсныг 9 минут ажиллаж аюулгүй газар гарган гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

- Өвөрхангай аймаг, Арвайхээр. 1, 2, 5, 9, 12, 13 дугаар баг 08.01-ний өдрийн 15:51 цагаас 16:30 цагийн хооронд үргэлжлэн орсон борооны улмаас гэр, байшин, орон сууцны B1 давхар усанд автсан нийт 13 дуудлагыг мөн өдрийн 16:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид,  Замын цагдаагийн тасгийн алба хаагч, сумын Мэргэжлийн ангийн ажилтанууд,“Өвөрхангай АЗЗА” ТӨХК-ийн ажилтанууд 16:08 цагаас эхлэн 6 өрхийн 18 хүн /5 том хүн, 13 хүүхэд/, 6 гэрийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж, 2 байшин, 5 орон сууцны B1 давхрын усыг соруулж, Арвайхээр-Баянхонгор чиглэлийн А0302 дугаартай улсын чанартай автозамын хөвөө эвдэрсэн зорчих хэсэгт анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байршуулсан.

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 28 дугаар хорооны 2 дугаар хэсгийн 18 дугаар гудамжинд байшин усанд автсан гэсэн дуудлагыг 08.01-ний өдрийн 15:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 16:40 очиход иргэн Ч-ын 10х15 метрийн хэмжээтэй байшингийн В1 давхар усанд автсан байсныг 2 цаг 30 минут ажиллаж, 8 тонн ус соруулсан.

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 8 дугаар хорооны Эрдэнэтолгойн 50 дугаар гудамжинд байшин, гэр усанд автсан гэсэн дуудлагыг 08.01-ний өдрийн 15:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 17:00 цагт очиход иргэн Т-ийн 6х10, 6х8 метрийн хэмжээтэй 2 байшин усанд байсныг 7 цаг ажиллаж, 40 тонн орчим ус соруулсан.

- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 14 дүгээр хорооны Уяачдын 1 дүгээр гудамжинд гэр, хашаа усанд автсан гэсэн дуудлагыг 08.01-ний өдрийн 17:07 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 17:52 цагт очиход тус тоотод оршин суугч, иргэн О/68 настай, эмэгтэй/, О/54 настай, эмэгтэй/, Э/47 настай, эрэгтэй/, Э/47 настай, эмэгтэй/, Б/24 настай, эрэгтэй/, М/ 17 настай, эмэгтэй/, А/16 настай, эмэгтэй/, Д/4 настай, эрэгтэй/, А/3 настай, эмэгтэй/ нарын нийт 9 иргэний гэр усанд автаж, боогдсон байсныг 25 минут ажиллаж, аюулгүй газарт гаргасан.

- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 13 дугаар хорооны Бөхөгийн гудамжинд гэр, хашаа, ферм усанд автсан гэсэн дуудлагыг 08.01-ний өдрийн 18:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 18:10 цагт очиход иргэн О-ын гэр, хашаа, ферм усанд автаж, 3 хүн /2 том хүн, 1 хүүхэд/ усанд боогдсон байсныг 1 цаг ажиллаж гэр болон иргэдийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн.

- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 14 дүгээр хорооны Ногоочдын 4 дүгээр гудамжинд байшин усанд автсан гэсэн дуудлагыг 08.01-ний өдрийн 18:22 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 19:21 цагт очиход иргэн М-ын гэр үерийн усанд автаж усанд боогдсон байсныг 10 минут ажиллаж тус тоотод оршин суугч, иргэн М/72 настай, эрэгтэй/-ыг аюулгүй газарт гаргасан.

- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 14 дүгээр хороо “Өлзийт” хорооллын автозамын урд талд үерийн усанд боогдсон гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 08.01-ний өдрийн 19:25 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 10 км замыг туулан 19:37 цагт очиход хашаа усанд автаж, иргэн Б/32 настай эрэгтэй/, Ч/56 настай, эмэгтэй/ нар нь үерийн усанд боогдсон байсныг 15 минут ажиллаж, аюулгүй газар гаргасан. 

- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 7 дугаар хорооны Баянхошууны 4 дүгээр гудамжинд байшин усанд автсан гэсэн дуудлагыг 08.01-ний өдрийн 18:44 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 19:45 цагт очиход хашаа, байшин үерийн усанд автсан байсныг 20 минут ажиллаж, 30 метр шуудуу татан, 10 метр далан босгосон.

- Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 27 дугаар хороо, “Улаанбаатар” төмөр замын өртөөний хойд талд автозамын уулзвар усанд автсан байна гэсэн дуудлагыг 08.01-ний өдрийн 19:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 13.5 км замыг туулан 20:11 цагт очиж 4 цаг ажиллан, 400 тонн орчим ус соруулсан.

- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 9 дүгээр хорооны Малчны 1 дүгээр гудамжинд гэр, хашаа усанд автсан гэсэн дуудлагыг 08.01-ний өдрийн 19:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 20:30 цагт очиход хашаа, гэр усанд автсан байсныг 15 минут ажиллаж, 10 метр шуудуу татан тухайн айлд заавар зөвлөмж өгч, хорооны Засаг даргад мэдэгдэж шороо асгахаар шийдвэрлэсэн.

- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 33 дугаар хороо Тахилтын нүхэн гарц усанд автаж, автомашин зорчих боломжгүй байна гэсэн дуудлагыг 08.01-ний өдрийн 20:30 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 11 км замыг туулан 22:20 цагт очиход тус нүхэн гарч усанд автсан байсныг 2 цаг ажиллаж, 150 тонн ус соруулсан.

- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 13 дугаар хороо “Түргэний гол”-ын үерийн усанд автомашинтайгаа орсон, гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 08.02-ны өдрийн 00:09 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 3 км замыг туулан 00:25 цагт очиход иргэн Б/29 настай, эрэгтэй/, Э/29 настай, эрэгтэй/ нар нь “Lexus LX470” загварын автомашинтай үерийн усанд сууж, өөрсдөө дээвэр дээр гарч зогссон байдалтай байсныг 5 цаг ажиллаж, татан гаргасан. Мөн үерийн усанд боогдсон байсан Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны 3 өрхийн 9 хүн /3 том хүн, 6 хүүхэд/-ийг аюулгүй газар хүргэж ажилласан.

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гэр хорооллын авто замын 10 хувь нь хаалттай, гал унтраах автомашин зорчих боломжгүй нөхцөлд байна

Машин очих боломжгүй, мухар гудамж, үерийн аманд буусан, үерт автах магадлалтай, өндөр хүчдэл дор буусан, машин эргэх боломжгүй, мухар, үерийн даланд байрласан, гудамж нарийсгасан, зам хааж сунгаж хашаа барьсан, өндөрлөг газарт буусан зэрэг 396 байршлыг тодорхойлон гаргасан байна. 

БНТУ-ын ойн түймрээс урьдчилан сэргийлэх дэвшилтэт арга технологийн туршлагыг нэвтрүүлэхээр тохиролцлоо

Мөн хөнөөлт шавж, ой, хээрийн түймэртэй тэмцэх шаардлагатай материал, техник хэрэгслээр хангаж, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэхээс гадна тус улсын ойн гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр шинжлэх ухаан, байгаль орчны судалгаанд тулгуурласан дэвшилтэт арга барилыг Монгол Улсад нэвтрүүлэхээр тохиролцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ