Онцгой байдлын албатай амьдралаа холбон бусдын амь насыг авран хамгаалж, амьдрал бэлэглэхийн төлөө үүрэг гүйцэтгэж, амьдрал бэлэглэсэн хүнийхээ “Баярлалаа” гэх ганцхан үгэнд урамшиж, өөрийгөө хурцалж яваа нэгэн офицерыг та бүхэнтэй танилцуулж байна. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, ахмад Бямбацэрэнгийн Отгонбаяр хэмээх энэ залуу аврах ажиллагааны бүлгийн даргаар 11 жил ажиллаж байна. “Би ярихдаа муу. Үг эвлэдэггүй юм” гэсээр яриа өрнөсөн түүнийг бүлгийн залуус нь “Ярьж чаддаг байх албагүйэ. Яаж ажилладгаа л харуулчих” хэмээх цөөхөн үгээр тодорхойлсон юм.
Би эхнэр хоёр охины хамт амьдардаг. Эхнэр Ж.Пүрэвжав Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 18 дугаар ангид нярав. Гэр бүлээрээ албандаа зүтгэдэг гэдэг утгаараа хэн хэнийхээ ажил мэргэжлийг ойлгодог, хүсэл тэмүүлэл нэгтэй болохоор аз жаргалтайгаар амьдраад, ажиллаад л байна.
Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын 19 дүгээр дунд сургуулийг 2006 онд төгсөн. 2006-2010 онд Хилийн цэргийн дээд сургуулийг Хилийн албаны ажилтан мэргэжлээр төгсөөд Хилийн цэргийн 0306 дугаар ангийн Заставт сургалт эрхэлсэн офицероор ажиллаж байгаад ар гэрийн гачигдлаар тус албанаас өөрийн хүсэлтээр гарсан юм. Нэг өдөр гал сөнөөгч л болно гэсэн бодолтойгоор нийслэлийн Онцгой байдлын газарт очиж ажилд орох өргөдөл өглөө. Тэгсэн “Сургуулиа дэслэгч цолтойгоор төгсжээ. Манайд гал сөнөөгчөөр орвол цол буурна. Зүгээр үү” гэж байна. Тухайн үед манай сургуулийг 120 сонсогч төгсөж, үүний 70 нь офицер, 60 нь дэд ахлагч цолтой төгсөж байлаа. Эргэлт буцалтгүй “зүгээр ээ” гэж хэлээд гарсан. Хоёр сарын дараа утас дуугарав. Ингээд 2011 онд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 10 дугаар ангид гал сөнөөгчөөр ажилд орсон цагаас 13 дахь жилдээ албандаа ажиллаж байна. 2013 оноос нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангид бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагчаар одоог хүртэл ажиллаж байна. Бүлгийн даргаар 11 жил ажиллаж байна даа.
Би өөрийн мэргэжил болон Онцгой байдлын албаараа цаг ямагт бахархаж, талархаж явдаг юм. Томилгоот ээлж болон дуудлагаар ажиллах үедээ алба хаагчдынхаа аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьж, иргэнийг аюулгүй, эсэн мэнд аварч дараагийн шатны байгууллагад хүлээлгэн өгөх тэр мөчид бахархал, омогшил минь ёстой л нэг буцалдаг гэх үү дээ. Хамгийн гол нь хаа явсан газраа алба хаагчдынхаа аюулгүй байдлыг хангах, алдаа гаргах ёсгүй гэсэн бодол намайг хөтөлдөг. Өөрийн энэ албаар бахархахын хэрээр өдөр бүр суралцаад явж байна. Цаашид олон улсын эрэн хайх, аврах ажиллагааны багийг бүрдүүлж ажиллах өөрийн болон баг хамт олны мэргэжлийн ур чадварыг сайжруулахыг хүсдэг. Мөн шинээр төгсөж байгаа алба хаагч нараа үйлдвэрлэлийн дадлагад гарах хугацааг сунгаж практик дадлагыг сайн хийлгэж ур чадварыг нь сайжруулах юмсан гэсэн бодол тээж байна.
Өөрийн болгоомжгүй, санамсаргүй, хайнга байдлаас болж хүмүүс их алддаг. Санамсар болгоомж хамгийн энгийн зүйлээс эхэлдэг ч хамгийн том аюулыг дагуулдаг. Манай иргэд маргааш гэж олон зүйлийг хойшлуулдаг. Харин хамгийн чухал зүйл дээр яаруу, хүлээцгүй байдлаас болоод гэнэдэж эрсдэлд орох нь элбэг байх юм. Жишээ нь голыг зориулалтын гүүр, гарцаар нь гарч болох шүү дээ. Гэтэл унаж яваа машиндаа бардах, цаг хугацаа хожих, зам тойрч явснаас товчилчихъё гэдэг байдлаар ус руу ороод л амь насаа алдаж байна.
2015 онд бүлгээрээ завьт эргүүлээр үүрэг гүйцэтгэж явахад Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт 9 настай хоёр хүүхэд живж байна гэсэн дуудлагаар ажилласан. Хоёр хүүхдийг уснаас гаргаж, эрүүл мэндийн анхны тусламж үзүүлээд ар гэр болон эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч байсан мөч хамгийн мартагдашгүй дурсамж болсон. Учир нь одоо ч хүүхдүүдийн ар гэрийнхэн байнга холбоотой байдаг. Авран хамгаалсан хүүхдүүд маань өсөж том болоод хорвоотой танилцаж байгааг нь сонсоход сайхан байдаг. Яг үүнтэй адил аврах ажиллагааны дуудлагаар эрдэнэт хүний амь насыг авраад буцах үед “Баярлалаа” гэж хэлэх ганцхан үг ямар их урам зориг өгдөг гэж санана. Тиймдээ ч өдөр тутамдаа алба хаагч нартаа үлгэр жишээч манлайлагч байж, үлгэрлэн дуурайх тусгал буюу “толь” нь байхыг хичээдэг.
2024/07/31Шинэ мэдээ
Тус төслийн хамтарсан зохицуулах хорооны VI хуралдаан өнөөдөр болж, хурлын нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг, ЖАЙКА-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ нар оролцсон юм.
2024/07/31Хоногийн мэдээ
Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2024/07/31Шинэ мэдээ
Ажил, мэргэжилдээ эзэн байхын тулд өөрийн мэдлэг, ур чадвараа үргэлж сорьж, алдаа, оноогоо дэнслэн, цаашдын зорилго өөд тэмүүлдэг. Өөрөөр хэлбэл сонголт бүрийн өмнөх бэрхшээлийг амжилт болгон хувиргадаг олон залуусын төлөөлөл дэд хурандаа О.Мөнхбатыг энэ удаагийн “Nematimes” булангийн зочноор урилаа. Тэрбээр НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч албан тушаалыг хашиж байна.