Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +20...+25 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор +29...+34 градус, бусад нутгаар +24...+29 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, +25...+27 градус дулаан байна.
Гал түймэр:
- Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум. Индэрт багийн 3 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07.15-ны өдрийн 07:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 07:22 цагт очиход иргэн Б-ийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 26 минут ажиллаж унтраасан.
- Дорнод аймаг, Халхгол сум. Цогтсүмбэр багийн “Морьтны зам” гэдэг газар суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.15-ны өдрийн 14:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 15:01 цагт очиход иргэн З-ын “Тоёота-Альфард” загварын суудлын автомашин шатаж байсаныг 8 минут ажиллаж унтраасан.
- Дархан-Уул аймаг, Дархан сум. 13 дугаар багийн “Хүслийн хотхон” хороололд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 07.15-ны өдрийн 15:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 15:29 цагт очиход “Хүслийн хотхон” хорооллын 5 дугаар байрны гаднах хогийн цэгт хог шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан.
- Завхан аймаг, Эрдэнэхайрхан сум. Алтан багийн “Асгатын-Элс” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 110 км, сумын төвөөс хойд зүгт 70 км/ 07.15-ны өдрийн 17:00 цагийн орчим Улаанбаатар хотоос Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 18:17 цагт хүлээн авсан. “Ланд круйзер 200” загварын суудлын автомашин шатсан тухай мэдээллийг тухайн автомашины эзэмшигч аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 33 дугаар хороо, Тахилтын 12 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.15-ны өдрийн 18:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 18:38 цагт очиход иргэн Л-ийн 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 36 дугаар хороо, “Баянмонгол” хороололд тахиа худалддаг газарт гал гарч байна гэсэн дуудлагыг 07.15-ны өдрийн 20:14 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 20:22 цагт очиход иргэн Ц-ийн 10х20 метрийн хэмжээтэй тахиа худалдаалдаг газрын 2х4 метрийн хэмжээтэй гал тогооны өрөөнд тогоотой тос шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
- Сэлэнгэ аймаг, Баянгол сум. Гонир баг, Мандал сум руу явах уулзварын орчим, автозамын зорчих хэсэгт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.15-ны өдрийн 20:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид 31 км замыг туулан 20:49 цагт очиход иргэн С-ийн улсын дугаартай “Мазда СХ5” загварын суудлын автомашин шатаж байсныг 6 минут ажиллаж унтраасан.
- Архангай аймаг, Эрдэнэбулган. Цагдуулт багийн 100 дугаар байранд цахилгаан барааны дэлгүүрээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 07.15-ны өдрийн 22:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 22:38 цагт очиход иргэн Н-ийн цахилгаан барааны дэлгүүрт аккумулятор цэнэглэж орхисны улмаас цахилгаан барааны хэрэгсэл шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Ойн түймэр:
- Хөвсгөл аймаг, Улаан-Уул сум. Мунгараг багийн “Шар нуур" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 265 км, сумын төвөөс баруун хойд зүгт 160 км/ www.icc.mn сайтад 07.03-ны өдрийн 14:32 цагт ойн гал түймрийн цэг илэрсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн Улаан-Уул сум дахь 0298 дугаар салбарын алба хаагч, Улсын тусгай хамгаалалтай газрын байгаль хамгаалагчидтай хамтран ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Хээрийн түймэр:
- Дорнод аймаг, Халхгол сум. Ялалт багийн “Тамсаг булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 325 км, сумын төвөөс баруун урд зүгт 200 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагаар 07.14-ний өдрийн 23:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид 200 км замыг туулан 07.15-ны өдрийн 04:05 цагт очиж, хээрийн гал түймрийг мөн өдрийн 09:00 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 19250 га орчим талбай өртсөн.
- Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум. Хадын булан багийн "Уртын гол" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 300 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 09:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид 11:15 цагт очиж ажиллаад, хээрийн гал түймрийг мөн өдрийн 12:10 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 200 га орчим талбай өртсөн.
Ой, хээрийн түймэр:
- Сэлэнгэ аймаг, Хүдэр сум. Баянцагаан багийн “Цагаан зүрийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км, сумын төвөөс урд зүгт 30 км/ ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 07.14-ний өдрийн 22:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид сумын Мэргэжлийн ангийн алба хаагчидтай хамтран ажиллаж, түймрийг 07.15-ны өдрийн 11:00 цагт цурамд оруулж, 22:21 цагт бүрэн унтрааж, сумын Байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар түймэрт 3 га орчим талбай өртсөн.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол. Голын усанд осолдсон:
- Сэлэнгэ аймаг, Шаамар сум. Дулаанхан багийн “Ерөө голын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 53 км/ гэр бүлийн хамт амарч байсан иргэн Ё нь “Ерөө” голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 12:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагч, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид, Цагдаагийн газрын 2 алба хаагчтай хамтран иргэн Ё /30 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 07.15-ны өдрийн 05:00 цагаас 21:35 цаг хүртэл “Ерөө голын гүүр” гэдэг газраас “Орхоны бэлчир” гэдэг газар хүртэл 30 км-т голын усаар завиар урсаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. 07.16-ны өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
- Сэлэнгэ аймаг, Шаамар сум. Дулаанхан багийн “Ерөө голын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 53 км/ гэр бүлийн хамт амарч байсан 15 настай хүүхэд “Ерөө” голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 12:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагч, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид, Цагдаагийн газрын 2 алба хаагчтай хамтран Ж/15 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 07.15-ны өдрийн 05:00 цагаас 21:35 цаг хүртэл “Ерөө голын гүүр” гэдэг газраас “Орхоны бэлчир” гэдэг газар хүртэл 30 км-т голын усаар завиар урсаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. 07.16-ны өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж, 06:57 цагт тухайн хүүхдийн цогцсыг осолдсон газраас 20 км-т “Элстэй” гэдэг газраас голын эрэгт хайргадаж тогтсон байсныг олж, гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
- Төв аймаг, Лүн сум. Өгөөмөр багийн “Хуучин модон гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 175 км, сумын төвөөс баруун зүгт 4 км/ гэр бүлийн хамт амарч байсан иргэн Б нь “Туул” голын усанд сэлж байгаад живсэн гэсэн дуудлагыг 07.14-ний өдрийн 15:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн Б /21 настай, эрэгтэй/-ийг 07.15-ний өдрийн 07:00 цагаас мөн өдрийн 22:00 цаг хүртэл "Хуучин модон гүүр" гэдэг газраас хойд зүгт "Жоогон" уул гэдэг газар хүртэл 7.5 км зайд 3 удаа, "Жоогон" уул гэдэг газраас хойд зүгт "Булган" уул гэдэг газар хүртэл 15.5 км-т, нийт 38 км-т "Туул" голын усаар завиар урсаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. 07.16-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.
- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 8 дугаар хороо, “Сонсголонгийн гүүр”-ийн орчим "Туул" голын усанд 2 хүн живж байна гэсэн дуудлагыг 07.15-ны өдрийн 16:51 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 7 км замыг туулан 17:12 цагт очиход иргэн Б, Э нар “Туул” голын усанд сэлж байгаад иргэн Э/38 настай, эрэгтэй/ живсэн байсан тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, осолдсон газраас 11 метрийн зайтай голын салаанд цогцос нь хайргадаж, тогтсон байсныг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн.
Нуурын усанд осолдсон:
- Баян-Өлгий аймаг, Улаанхус сум. 3 дугаар багийн “Шар нохойт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 150 км, сумын төвөөс баруун хойд зүгт 40 км/ “Ногоон” нуурын эрэг дээр 6 хүн амарч байснаас 5 хүн нь нуурын усанд живсэн гэсэн дуудлагыг 07.14-ний өдрийн 17:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 150 км замыг туулан 22:50 цагт очиход тус аймгийн гэр бүлийн 6 хүн “Ногоон” нуурын эрэгт амарч байсаас иргэн Б нь нуурын усанд сэлж байгаад живэхэд хамт байсан 4 хүн нь аврахаар ороод живсэн байсан тул уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 22:55 цагт иргэн А/43 настай, эмэгтэй/, Б/30 настай, эрэгтэй/ нарын цогцсыг, 07.15-ны өдрийн 05:56 цагт иргэн А/36 настай, эмэгтэй/, 06:02 цагт иргэн А/21 настай, эрэгтэй/, 14:25 цагт А/43 настай, эрэгтэй/ нарын цогцсыг тус тус олж гарган тус сум дахь Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн.
-Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 20 дугаар хороо, Гачууртын 85 дугаар сургуулиас урд чиглэлд “Туул” голын салаанд 2 хүүхэд усанд боогдоод гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 07.15-ны өдрийн 19:05 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 7 км замыг туулан 19:31 цагт очиход иргэн Б/15 настай, эрэгтэй/, Т/16 настай, эрэгтэй/ нар “Туул” голын салаа дотор байсныг аврах завь ашиглан 17 минут ажиллан аюулгүй газарт гаргаж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн.
Төөрсөн, сураггүй болсон:
- Хөвсгөл аймаг, Тариалан сум. Сэлэнгэ багийн "Намнангийн-Ар" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 170 км, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км/ Тус аймгийн Мөрөн сумын харьяат 13 хүн /4 том хүн, 9 хүүхэд/ 07.15-ны өдрийн 15:00 цагийн орчим “Намнан” ууланд жимс түүж явсанаас бага насны 1 хүүхэд сураггүй алга болсон тухай дуудлагыг мөн өдрийн 16:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид сумын Мэргэжлийн ангийн алба хаагчидтай хамтран Э/4 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 17:21 цагаас зохион байгуулах явцад иргэн О нь “Захын булаг“ гэдэг газар зорчиж яваад тухайн хүүхдийг автозамын дэргэд байхад нь олж, ойролцоох малчныд хүргэж өгсөн тухай мэдээллийг Цагдаагийн байгууллагаас 18:15 цагт мэдээлсэн. Мэдээллийн дагуу малчин Б-ынд 18:34 цагт очиж, тухайн хүүхдийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
-Өвөрхангай аймаг, Арвайхээр. 9 дүгээр багийн 50 дугаар гудамжны 1 хүн 07.14-ний өдрийн 08:00 цагийн орчимд гэрээсээ явганаар гараад сураггүй алга болсон тул хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 07.15-ны өдрийн 21:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагч, ар гэрийн хүмүүстэй хамтран Б /17 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Тус өдрийн 21:22 цагаас 07.16-ны өдрийн 00:45 цаг хүртэл “Ноён хайрхан” гэдэг газрын чиглэлд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 07.16-ны өдөр эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Ус, цагуурын гаралтай аюулт үзэгдэл. Үер:
- Өмнөговь аймаг, Цогтцэций сум. 1, 2, 3, 4 дүгээр багт 07.14-ний өдрийн 16:09 цагаас 07.15-ны өдрийн 04:02 цагийн хооронд орсон борооны улмаас тус сумын 1, 2, 3, 4 дүгээр багт байшин, гэр усанд автсан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 04:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид орон нутгийн ААН, байгууллагын ажилтнууд, Цогтцэций сумын мэргэжлийн ангийн ажилтануудтай хамтран усанд автсан 3 өрхийн 1 байшин, 2 гэр усанд автсаныг мотопомп ашиглан соруулж, аюулгүй болгосон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/07/16Шинэ мэдээ
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабт ажиллаж, 21 аймгийн Шуурхай штабтай цахимаар холбогдон мэдээлэл сонсож, үүрэг чиглэл өглөө.
2024/07/16Шинэ мэдээ
Мөн 14 аймгийн 29 гол, мөрөн, нуурын эрэг дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 400 орчим алба хаагч завьт эргүүл, морин эргүүл, явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа юм.
2024/07/16Шинэ мэдээ
Олон хоногийн амралт эхлэх дөхсөнтэй холбоотойгоор холбогдох албаныхан өдөр бүр шахуу шахуу сэрэмжлүүлэг гаргаж, ард иргэдээ усанд осолдохоос мянгантаа сэрэмжлүүлж байгаа ч тогтож харж, толгойдоо эргэцүүлж байгаа хүн ховор. Үнэн хэрэгтээ усны осол нь хувь хүний хариуцлагатай шууд холбоотой. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голд ороогүй бол, гол усны ойролцоо бяцхан үрсээ хараа хяналтгүй орхиогүй бол өнөөдөр хэдэн амь бидний дэргэд байх байсныг тааварлашгүй.