Амжилт гэдэг богино үг асар их тэсвэр тэвчээр, хөлс хүч, хөдөлмөр, зүтгэлийн дараа ирдэг аз жаргалын үг шагнал юм. Онцгой албаныхан завгүй, цаг наргүй ажилладаг ч өөрийн хүсэл сонирхолын төлөө шаргуу хөдөлмөрлөж амжилтын ууланд өөрийн дарцгаа хатгаж чадсан залуус цөөнгүй. Тэр залуусийн нэг нь манай өнөөдрийн зочин юм. Гал унтраах техникийн олон төрөлт спортоор хичээллэн, чамгүй амжилт, рекордын эзэн болж, залуу үедээ үлгэр дуурайлал болж байгаа дэслэгч Отгонсамбуугийн Мөнхтунгалагийг энэ удаагийн “Nematimes” булан онцоллоо. Тэрбээр Булган аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн салааны захирагчаар ажилладаг. Аврагчаас ажлын гараагаа эхлүүлсэн түүний хувьд 17 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна.
Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрж, өссөн. Хүүхэд байхын л цэргийн хүн болно гэсэн мөрөөдөлтэй байсан болохоор ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд өөрийн хүсэлтээр Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангид 2007 онд аврагч-гал сөнөөгчөөр ажилд орсон.
Тус ангидаа долоон жил үүрэг гүйцэтгээд Булган аймагт ажиллах хүсэлт өгснөөр өнөөдрийг хүртэл энд ажиллаж, амьдарч байна. Ажиллах хугацаандаа ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн “Онцгой байдал -гамшгаас хамгаалах алба” анхны таван жилийн эчнээ ангид суралцан төгссөн. Манай аймгийн хувьд объектын болон ой, хээрийн түймэр, усны осол, төөрөх, сураггүй болох, мал, амьтны гоц халдварт өвчин гээд бүх төрлийн гамшиг, осол тохиолддог учраас бүхий л төрлийн дуудлагаар алба хаагчдынхаа хамтаар үүрэг гүйцэтгэж байна. Аврагч байхдаа удирдлагаас өгсөн үүргийн дагуу ажлаа хийгээд явдаг байсан бол салаа удирддаг болсноор хариуцлага нэмэгдсэн. Сэтгэлзүй, бие бялдраа хөгжүүлэх, суралцах гээд бүхий л зүйлд өөрийгөө сорьж байна даа.
Арван жилийн сурагч байхаасаа хөнгөн атлетикийн спортоор хичээллэсэн. 2005 онд зохион байгуулагдсан “Үсрэлт 21 дүгээр зуун” хөнгөн атлетикийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн нь миний анхны амжилт. Мөн сургуулийнхаа гар бөмбөгийн дугуйланд хамрагдан, аймаг, бүсийн тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцдог байсан маань намайг спортод шимтэн дурлахад “тусалсан”. Харин албанд орсон үеэсээ Гал унтраах техникийн олон төрөлт спортын тамирчин болоод 17 жил болж байна. Анхны багш спортын мастер, бэлтгэл дэд хурандаа Н.Бат-Эрдэнэ болон спортын мастер Ц.Алтансүх багшаасаа олон зүйлийг сурч, өөрийн гэсэн шавь нартай ч болсон. Өнөөдрийн байдлаар 10 гаруй алба хаагчийг энэ спортоор хичээллэх анхны “гүүр” нь болж, мэдлэгээсээ хуваалцаж байгаадаа баяртай байдаг. Шавь нараас маань спортын мастер-2, дэд мастер-3 төрөн гарч, улс, бүс, тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож байгааг харах хамгийн сайхан.
Миний хувьд энэ спортоор хичээллэх хугацаандаа бүсийн аварга шалгаруулах тэмцээнд 8 удаа, улсын аварга шалгаруулах тэмцээнд 7 удаа, клубуудын аварга шалгаруулах тэмцээнд хойд бүсээ төлөөлөн 3 удаа, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд улсаа төлөөлөн 6 удаа тасралтгүй оролцсон байна. Хойд бүсийн аварга шалгаруулах 2011 оны тэмцээний довтолгооны шатны төрөлд 14.65 секунд гүйсэн нь тухайн үеийн хамгийн дээд амжилт байсан бол 2014 оны улсын аварга шалгаруулах тэмцээний байлдааны тархалтын төрөлд “гайзер” шинэ төрлийн мотопомпоор 32.30 секундын амжилтаар рекордыг эвдэж, 2016 онд мөн байлдааны тархалтын төрөлд тус рекордыг 30.32 секундын амжилтаар шинэчлэн тогтоосон. Турк Улсын Измир хотноо 2017 онд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний байлдааны тархалтын төрөлд 27.08 секундын амжилтаар баг хамт олноороо хүрэл медалийг хүртэж, түүхэн амжилтыг үзүүлснээр 2018 онд ОУХМ цол хүртсэн. Гал унтраах техникийн олон төрөлт спорт манай улсад хөгжөөд 67 жилийн нүүр үзэж байгаа ч энэ хугацаан дахь хамгийн анхны медаль гэдгээрээ маш үнэ цэнэтэй. Энэ амжилтаа бататган, ахиулахын төлөө бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийж байгаа.
Өөрийгөө хөгжүүлэхийн тулд чөлөөт цагаараа дугуйн спорт, ширээний теннис, шагайн харваагаар тогтмол хичээллэдэг. Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй. Зөв талаас нь ойлгуулж, хэлж, зөвлөдөг. Бусадтай ярилцах дуртай, нээлттэй гэж хэлж болно. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг үгийг хэлэх дуртай. Манайх ам бүл тавуулаа. Эхнэр, гурван хүүгийн хамт амьдардаг. Миний ханийг Булганы Ууганчимэг гэдэг. Нягтлан мэргэжилтэй, мэргэжлээрээ ажилладаг. Үзэсгэлэнтэй, хөдөлмөрч дайчин гээд миний бүхий л ар талыг асуудалгүй дааж, номер нэг дэмжигч минь байдаг. Ханьдаа маш их баярлаж явдаг шүү.
Онцгой байдлын албанд ажиллаж байгаагаараа, мөн алба хаагч болгон хичээллээд байдаггүй, хичээллэсэн хүн болгон амжилт гаргаад байдаггүй Гал унтраах техникийн олон төрөлт спортоор хичээллэж, амжилт гаргасан минь хамгийн том бахархал. Цэргийн алба хаагч цаг барьдаг, хариуцлагатай, элдэв хорт зуршилгүй, зарчимтай байгаасай гэж хүсдэг. Үе, үеийн удирдлага, хамт олон, дүү нараасаа суралцаад, хамтдаа хөгжөөд, хамтдаа үүргээ амжилттай гүйцэтгээд л явж байна. Шударга, зөв шартай. Тийм ч учраас эхлүүлсэн зүйлээ дуусгаж байж л санаа амардаг.
Эрхэлсэн ажил, оноогдсон үүргээ алдаа дутагдалгүй гүйцэтгээд буцах хамгийн сайхан. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гамшиг, ослын дуудлагаар хэзээ л бол хэзээ, хэд хоногоор ч үүрэг гүйцэтгэдэг онцлогтой. Энэ бүхнийг ойлгодог, гэр бүлийнхэн минь давхар “тангарагтай” гэж боддог. Тиймээс хамтран нэгэн зорилгын төлөө үүрэг гүйцэтгэдэг алба хаагчдынхаа гэр бүл, үр хүүхдэд баярлалаа гэж хэлмээр байна.
2024/06/19Шинэ мэдээ
Энэ жилийн тэмцээнийг Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс зохион байгуулсан бөгөөд дартс, ширээний теннис, шатар, сагс, гар бөмбөг гэсэн таван төрлөөр аваргуудаа шалгаруулсан байна.
2024/06/19Шинэ мэдээ
Тус ээлжинд Онцгой байдлын байгууллагаас 11 алба хаагч үүрэг гүйцэтгээд ирсэн юм.
2024/06/19Шинэ мэдээ
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Б.Мягмардоржоор ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн Онгой комисс болон 11 алба, 24 мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулсан юм.