Элдэв эрээн, мяраангүй энгийн хэрнээ, дэлгээд уншсан хүнд хачин сонирхолтой номтой би түүнийг зүйрлэдэг. Монголд тохиолдсон, томоохонд тооцогдох 560 гаруй уул уурхайн ослын дуудлагад ажилласан гэхээр салбарынхаа “нэвтэрхий толь” нь гэлтэй. Налайхын уурхайд малтагчаар ажлын гараагаа эхэлж, нүүрсний далд уурхайд анх орж үзэхдээ эрдэнэсийн агуйд орсон мэт гайхан биширч байсан тэрээр цахилгааны слесарь, уулын инженер, уурхайчин-аврагч болсон. Ер нь уурхайгаас огтхон ч хөндийрөөгүй билээ. Түүнийг Балжиннямын Баттогтох гэдэг.
Овгоос гадна, Монгол Улсын зөвлөх инженер, Техникийн ухааны доктор (Ph.D), далд уурхайн ашиглалтын технологи инженер, дэд хурандаа гээд түүний нэрийн өмнөх тодотгол урт. Гэвч Б.Баттогтох уурхайчин-аврагч нэрэндээ илүү дуртай. Тэр дэлхийн түүхэнд болон өөрийн улсад өмнө нь тохиолдсон осол, гамшгийн сургамжийг системтэй судлах шаардлагатай, аливаа юм заавал эхлэл, үргэлжлэл, төгсгөлтэй байдаг. Зөвхөн осол, гамшиг гэлтгүй өнгөрсөн сургамж дээр үндэслэн шинэ санаа, сайн туршлага, сайжруулсан технологи, хууль дүрэм журам гарч байдаг гэх байр суурьтай. Уул уурхайн технологи, аврах ажиллагаа гэх хүнд сэдвийг нээлттэй, хүртээмжтэй, ил тод, ойлгомжтой болгохын төлөө зорьж яваа энэ эрхмийг Nematimes буландаа урьж, ажил амьдралынх нь замналыг цухас боловч танилцуулахыг зорилоо.
-“Цэрэгт явна, эх орноо хамгаална” гэсэн дэврүүн бодолтой, хөөрүү хүү цэргийн комиссоор ороод 18 хүрээгүй гээд хасагдчихав. Цэргээс хасагдсан, насанд хүрээгүй тул ажилд авахгүй. Харин тэр үед нагац ах минь хөтөлж, миний уурхайчин болох замыг заасан юм. Уурхайд ороод онцолж сонссон үг “оккордны наряд”. Энэ нь тоног төхөөрөмжийн эд анги, мод материалыг уурхай дотор зөөдөг ажил. 3-4 м урттай бэхэлгээний нойтон мод, 100 м конвейрийн лент зэргийг зөөхөд чанга. Жинхэнэ эр хүний шандас шалгадаг ажил даа. Хүргэх газарт нь хүргэчихвэл харин ажлын цаг гэхгүйгээр тарж болдог учраас хэсгийн ах нар долоон цаг хийх ажлыг 2-3 цагт амжуулчихаад эрт явна. Намайг нас бага болохоор тэр үү, заримдаа хүлээж байгаад хоол ирэхээр аваад ороод ир гэдэг. Хоол аваад очиход миний нормыг хуваагаад зөөчихсөн байдаг сан. Ах нарт заримдаа эрхэлдэг байж дээ. Тэр цагаас хойш 40 жил өнгөрчээ.
-Дараа жил нь хүссэн эр цэргийн албандаа мордов. Албаа хааж ирээд дахиад уурхайдаа малтагчаар ажилд орсон. Сургуульд байхдаа физикийн хичээлд сонирхолтой байсан нь нөлөөлсөн үү, удалгүй цахилгааны слесарь болж дэвшиж, гүний уурхайн цахилгааны слесарийн IV, V зэрэг авлаа. Цаашлаад Эрхүүгийн политехникийн дээд сургуульд суралцан уул уурхайн ашиглалтын инженер мэргэжил эзэмшсэн. Улсын зардлаар суралцаж ирсэн, дээр нь “Би уурхайчин хүн” гэх омогшил төрөөд хотод төрийн байгууллагад ажиллах саналаас татгалзан, Шивээ-Овоогийн нүүрсний ил уурхайг зорив. Дараа нь нэг хэсэг хувиараа нүүрс олборлосон. Тэгж яваад 2000 онд Уул уурхайн аврах албаны босгыг алхсан түүхтэй.
-Уул уурхайн аврах алба 1951 онд байгуулагдсан. 1949 онд Налайхын уурхайд осол болж хоёр иргэн нурангид дарагдаж Төмөрийн Дамдин гэдэг механик орж нэгийг авраад, дараагийн хүнийг аврах гэж байгаад өөрөө амь насаа алдсан юм билээ. Тиймээс Уул уурхайн аврах алба байх ёстой гэж шийдвэр гаргаж байгуулсан. Харин ОБЕГ-ын харьяанд 2014 оноос шилжсэн юм. Намайг салбарын дүрэм журам боловсруулах ажилд туслаач, гурван сарын хугацаатай ОБЕГ-т ажиллах уу гэсэн. Гэтэл гурван сар биш, есөн жил Налайх-Улаанбаатарын хооронд явчихжээ.
-Харин олон улсад уул уурхайн аврах салбарын түүх 1812 оноос эхлэлтэй. Англи улсад гар аргаар ашигт малтмал олборлогчид, манайхны нэрлэдгээр “нинжа” нар ид хүчээ авч байсан цаг. Тэр үед нэг уурхайд тэсрэлт болж 92 хүн амиа алджээ. Үүний тал нь хүүхэд байсан гэдэг. Тэр цагаас эхлэн уурхайн гэрлийг сайжруулж, бүрхүүлтэй болгосон ба уурхайн доторх агаарыг шинжлэх болсон. Уурхайд хүчилтөрөгчийн хэмжээ 20 хувь байхад хэвийн гэж үздэг. Энэ хэмжээнээс багасвал аюултай, 12 хувьд хүрвэл хүн амь насаа алдах хэмжээнд хүрдэг юм. Тэр үед уурхайн агаарын найрлагыг хэмждэг багаж байгаагүй учраас хүчилтөрөгчийн хэмжээг маш сайн мэдэрдгээр нь шувуу авч ордог болсон. Хүчилтөрөгч багасвал шувуу жиргэж, дохио өгдөг байна. Тухайн үеийн индикатор юм даа. Одоо бол шинжлэх ухаан хурдацтай хөгжиж, маш нарийн багаж хэрэгслүүдийг уул уурхайн салбарт ашиглаж байна.
-Хүчилтөрөгчийн тухай сэдэв хөндсөн дээр сонирхуулж хэлэхэд, би далд уурхайн ашиглалтын технологийн инженер хүний хувьд, 2017 онд Улаанбаатарын агаарыг далд уурхайн агаартай харьцуулж судалгаа хийж үзсэн. Далд уурхайн агаарт байх нүүрсхүчлийн дутуу ислийн зөвшөөрөгдөх хэмжээ СО=0.0024% буюу 24 ppm, үүнээс дээш гарвал ажлыг зогсоож холбогдох арга хэмжээ авдаг юм. Гэтэл Улаанбаатарын гудамжинд СО=0.0089% буюу 89 ppm байсан. Нүүрсний уурхайн гүнээс гурав дахин өндөр угаарын хийд Улаанбаатарчууд амьдарч байна гэсэн үг. Үнэндээ эмгэнэл бөгөөд хамгийн их хохирогчид нь бага насны хүүхдүүд л юм даа. Мөн иргэд “Гадаа битүү угаар үнэртэж байна” гэдэг. Үнэндээ угаарын хий ямар ч үнэргүй, гэхдээ маш хортой байдаг юм шүү.
-Ер нь аюулгүй байдлын дүрмийг цусаар бичигдсэн дүрэм гэлцдэг. Миний хувьд, “Уурхай, уулын үйлдвэр, үйлдвэрлэлийн аюултай обьектод аврах ажиллагаа явуулах журам”, “Уул уурхайн аврах ангийн дүрэм” зэрэг уул уурхайн аюулгүй байдалтай холбогдолтой 10 гаруй дүрэм, журам боловсруулж батлуулсан. Одоо харин эдгээр дүрэм, журмыг уншиж судалж амьдралдаа хэрэгжүүлэх нь чухал. Аврах ажиллагаанд хамгийн чухал нь өөрийгөө хамгаалах, өөрөө эрсдэхгүй байх явдал юм. Иймээс салбарын холбогдолтой аюулгүй байдлын дүрэм журмыг сайтар судалж, мэддэг байж өөрийгөө хамгаална. Хэтэрхий хэлбэрт автсан, албархуу сүүлийн үед гараад байгаа зарим стандартыг өндөр хөгжилтэй орнууд халж аюулгүй байдлын дүрэмтэйгээ холбож энгийн амьдралд нийцэхүйц болгож эхэлсэн. Манайх ч тооцоо судалгаанд үндэслэж заримыг нь өөрчилж сайжруулаад явах нь зөв.
-Аливаа аюул, ослоос урьдчилан сэргийлэхийн тулд өмнө гарч байсан тохиолдлуудыг сайтар судалж, дүгнэн сургамж авч байх нь хамгийн чухал. АНУ 1839 оноос эхлэн өнөөдрийг хүртэл системтэй хийсэн байдаг. (Mining Disasters|NIOSH-gov.cdc.wwwn хаягаар орж үзэх боломжтой). Энэхүү датандаа үндэслээд сургамж авч, дүрэм журмаа өөрчилж сайжруулаад явж байна. Мөн томоохон осол дээр аврах ажиллагааг хэрхэн зохион байгуулсандаа дүн шинжилгээ хийж, олон улсын эрдэм шинжилгээний хурлуудыг байнга зохион байгуулдаг. Уг нь манайд ч хангалттай түүх, сургамж байгаа. Гэхдээ бид “тэнд тийм осол боллоо” гээд л орхичихдог. Бичиг баримт нь магадгүй архивт үлддэг байх. Түүнийг хэн ч ашиглахгүй, судлахгүй байгаа нь харамсалтай.
-“Ирээдүй илүү их ур чадвар эзэмшиж, түүнийгээ бүтээлч байдалтай хослуулсан хүмүүст зориулагдана” гэдэгт би итгэдэг. Энэ үгийг залууст байнга хэлмээр санагддаг. Ялангуяа уурхайчин-аврагч гэдэг амь сөрсөн ажил. Үзэгдэх орчин хязгаарлагдмал, бүлгээр ажиллах зай талбай бага, тухайн ослоос шалтгаалсан хоёрдогч, гуравдагч аюулын нөхцөл бүрдсэн нөхцөлд ажилладаг. Тиймээс зөвхөн онол судлах биш, практикт туршиж бүтээлч байдалтай хослуулбал ур чадвартай сайн мэргэжилтэн болно гэж зөвлөе.
2024/05/29Шинэ мэдээ
Энэ жилийн тэмцээнийг Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс зохион байгуулсан бөгөөд дартс, ширээний теннис, шатар, сагс, гар бөмбөг гэсэн таван төрлөөр аваргуудаа шалгаруулсан байна.
2024/05/29Шинэ мэдээ
Тус ээлжинд Онцгой байдлын байгууллагаас 11 алба хаагч үүрэг гүйцэтгээд ирсэн юм.
2024/05/29Шинэ мэдээ
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Б.Мягмардоржоор ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн Онгой комисс болон 11 алба, 24 мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулсан юм.