Г.Цогтсайхан: Он гарсаар дүүргийн хэмжээнд 58 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгдсэн

A- A A+

С.Отгонбаяр 

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Г.Цогтсайхантай ярилцлаа.

-Он гарсаар СХД-ийн хэмжээнд гал түймрийн хэдэн дуудлага, мэдээлэл бүртгэгдэв. Түүнээс үүссэн хохирол хэр гарсан бэ?

-Он гарсаар өчигдрийн байдлаар 58 удаагийн гал түймрийн дуудлага мэдээлэл ирсэн. Энэ нь нийслэлд гарсан гал түймрийн 30 орчим хувийг эзэлж байгаа. Хохирлын нарийвчилсан үнэлгээг тэр болгон тогтоох боломжгүй. Дүүргийн хэмжээнд гарсан гал түймрүүд дээр хүний амь нас эрсэдсэн, түлэгдсэн, гэмтсэн, утаажилтын бүсээс хүний амь нас аварсан зэрэг үнэлгээний тоон судалгаанууд гарч явдаг.

Манай дүүргийн хэмжээнд он гарсаар 58 удаагийн гал түймрийн аюулаас улбаалан нэг иргэн түлэгдсэн, нэг иргэн харамсалтайгаар амь насаа алдсан. Утаажилтын бүсээс 493 иргэнийг гаргаж ажилласан байгаа. 

-Жилийн аль үед гал түймрийн дуудлага мэдээлэл ихэсдэг вэ. Иргэд юун дээр хамгийн их алдаад, гал түймрийн аюул үүсээд байна вэ?

-Өвөл болон хаврын улиралд гал түймрийн дуудлага мэдээлэл ихэсдэг. Зуны улиралд үер усны дуудлага мэдээлэл их ирдэг. Онцгой байдлын алба жилийн дөрвөн улиралд давтамжтай циклээр гал түймрийн, гамшиг ослын дуудлага мэдээллээр явдаг. Өвөл галлагааны улирал эхэлнэ. Машин тэргээ халаахаас авахуулаад өвлийн улиралд гал түймрийн дуудлага ихэсдэг. Хавар дулаан орох үеэр мөн гал түймрийн дуудлага ихэсдэг. Яагаад гэхээр дийлэнх тохиолдолд иргэд нүүдэл суудал хийх, зусландаа очихдоо шар өвсөө шатаах, аялал зугаалгатай холбоотой гал түймрийн хохирлууд хамгийн ихэсдэг үе нь өвөл хаврийн улирал байдаг. Мөн намрын улиралд тодорхой хэмжээгээр гал түймэр ихэснэ. Ойн тухай хуулинд хавар гуравдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 10, намартаа есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 10-ны үеүдийг гал түймрийн аюултай үе гэж заасан. Эдгээр улиралд гал түймрийн аюул ихэснэ. Зундаа аялал зугаалгатай холбоотой үер усны дуудлага, өвлийн улиралд мөс цас цөмөрсөн, зориулалтын бус газраар тээврийн хэрэгсэл ачиж явсан гэх мэтээр дуудлага нэмэгдэнэ. Мөн цасан шуурганаар мал хуйдаа явснаар төөрч, сураггүй алба болсон гэх мэтээр тойрог хэлбэрээр Онцгой байдлын алба ажилладаг. 

-Дуудлага мэдээллийн тоо, судалгааг ямар байдлаар нэгтгэж гаргадаг вэ?

-Тоон мэдээллүүд Онцгой байдлын ерөнхий газарт нэгтгэгддэг. Нийслэлийн хэмжээнд НОБГ, Мэдээлэл шуурхай удирдлагын төв дээр тусдаа нийслэлийн гамшиг ослын дугаарыг авч явдаг. Цааш задарвал дүүрэг болгон дээр гал түймрийн улсын хяналтын байцаагч болон урьдчилан сэргийлэх мэргэжилтнүүд дүүргийн хэмжээнд гарсан гал түймрийн тоо судалгааг долоо хоног бүр гаргаж, дээд шатны удирдлага хэлтсийн дарга нартаа танилцуулж, үүнийхээ хүрээнд тэддүгээр хороонд хамгийн их гал гарч гэдэг мэдээллийг авснаар тэр хороо руу чиглэсэн арга хэмжээг авах юмуу, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллана. Ерөнхийдөө тоон мэдээлэл дээр байнга үндэслэж ажилладаг. 

-Иргэд юун дээр хамгийн их алдаад байна вэ?

-Хэн ч би өмч хөрөнгөө шатаая, гал алдъя гэж алдахгүй. Энэ нь ямарваа нэгэн байдлаар хүний санамсар болгоомжгүй үйлдэлтэй холбоотой. Хүмүүс юун дээр хамгийн их алдаад байна гэхээр өдөр тутмын амьдралынхаа хэвшил болсон зан үйлээс ихэвчлэн үүдэлтэй байдаг. Мэддэг хэрнээ түүнийгээ засдаггүй ч гэдэг юмуу, иймэрхүү хайхрамжгүй, болгоомжгүй үйлдлээс болоод гал их гардаг. Жишээ нь, айл бүрд угаар мэдрэгч тараасан. Түүний дараагаар айл бүр пийшин зуухны битүүмжлэл, галын аюулгүй байдал, яндангийн галын аюулгүй байдлыг хангах үндэслэл үүссэн. Онцгой байдлын байгууллага болон бусад албаны байгууллага ч түүнийг жил бүр сануулаад, хүн бүр мэддэг болсон. Тэгсэн хэрнээ яндангийн цоорхойгоо нөхдөггүй, пийшин зуухны шавар нь гэмтээд хагараад, завсраар нь угаар алддагийг мэддэг ч гэсэн түүнийгээ засдаггүй. Зуухны эргэн тойрон төмөр байх ёстой. Аль болох шатахгүй материалаар ойр хавийг аюулгүй болгох ёстой ч түүнийгээ анхаардаггүйн улмаас цог унах гэх мэтээр бидний өдөр тутмын амьдралд мэддэг хэрнээ түүнийгээ засдаггүйгээс болоод гал түймэр гарсаар байна. Үүнийг бууруулах үүднээс бид урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, мэдээ мэдээлэл тараах, сургалт сурталчилгаа хийх зэргээр ажилласаар байгаа. Даатгалын компаниуд салбар салбартаа бүгд уялддаг боловч иргэд даатгалд хамрагдах нь бага. Мэдээж хүн байгаа газарт эрсдэл байна. Гал түймэр гарна. Гэхдээ үүнийгээ аль болох хохирол багатай даван туулах нь бидний үндсэн зорилго юм. 

-Гал түймрийн тоон мэдээлэл жил бүр өөрөөр гардаг байх. Гал түймрийн дуудлага багатай жил хэзээ байв? 

-Сүүлийн таван жилээр тоон мэдээллийг гаргаад танилцуулаад явдаг. Зөвхөн СХД-ийн галын бүртгэлийг гаргаад явдаг хүний хувьд хэлэхэд, 2018 онд 592, 2019 онд 693, 2020 онд 701 гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. 2021, 2022 онд гал түймрийн дуудлага буурч ирсэн. Үүний үндсэн шалтгаан нөхцөл нь иргэд Ковид цар тахалтай холбоотойгоор хөл хорионд орсон. Хүмүүс гэртээ байх нь ихэссэнээр гэр, орон сууц хараа хяналттай байх нь гал түймрийн аюул буурах үндсэн гол шалтгаан болсон. Мөн хэвлэл, мэдээлэл авах сувгууд хөгжиж байна. Иргэдийн ухамсар дээшилж байна. Манай дүүргийн хэмжээнд жилдээ 500-600 орчим гал гардаг байсан бол 2021 онд 349 болж буурсан. 2022 онд 423, 2023 онд 383 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Гал түймрийн дуудлага мэдээлэл буурахын хэрээр хохирол багасна. Үүнд урьдчилан сэргийлэх ажил нөлөөлж байна гэж нэг талаар үзэж болох юм.  

-СХД-т ирсэн дуудлага мэдээлэл нийслэлийн гал түймрийн 30-аад хувийг эзэлдэг гэлээ. Үүний гол шалтгаан нөхцлүүд нь юу байна вэ?

-Нийслэлд гарсан гал түймрийн шалтгаан нөхцлийг харьцуулахад 30 орчим хувь гэсэн үг. Түүнээс СХД дангаараа гал түймрийн дуудлагын 30 хувийг эзэлдэг гэж ойлгох нь ташаа. Үүнд нөлөөлж байгаа зүйл нь СХД нийслэлийн хамгийн том газар нутагтай дүүрэг. 330 мянга гаруй хүн амтай. Хүн их байгаагаас шалтгаалсан эрсдэл өндөр байна гэсэн үг. Мөн СХД гэр хороолол ихтэй. Нийт 43 хороотой. Үүнээс байшин хороолол нь 10, гэр хороолол нь 33. Тэгэхээр гэр хороолол их байх тусмаа айл өрхүүд галлагаа их хийнэ. Бусад шалтгаан нөхцлүүд ч их байгаа. Тиймээс гал их гардаг байх гэж боддог. 

-Жишээлбэл, сүүлийн долоон хоногт хэдэн дуудлага мэдээлэл ирэв?

Өнгөрсөн долоон хоногт манай дүүргийн хэмжээнд 14 гал түймрийн дуудлага ирсэн. Энэ бол долоо хоногтоо маш өндөр тоо. 

-Үүнээс гал гаргах эрсдэл үүссэн шалтгаанууд нь юу байв?

-Хүйтний улиралд хүмүүс үнс нурмаа ил тавьдаг. Пийшин зуухны битүүмжлэлийг хангах, бага насны хүүхдүүдээ хараа хяналтгүй орхих зэрэг эрсдэл өндөр байна. Мөн цахилгаан хэрэгсэл, техник төхөөрөмжөө салгахгүй гэрээ эзгүй орхих, нэг залгуурт хэт их ачаалал үүсгэх, цахилгаан холболт угсралт нь зөв байна уу гэх мэтээр олон шалтгаанууд нөлөөлдөг. 

-Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд юуг анхаарах ёстой вэ?

-Мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа заавар зөвлөмжийг дагах хэрэгтэй. Таны өмч хөрөнгийг та өөрөө л авран хамгаална. Мэргэжлийн байгууллагыг хараад суух биш гэртээ байгаа эд зүйлс юунаас гал гарах эрсдэлтэй вэ, ямар шалтгаан нөхцлөөс юу үүсч болох вэ гэдэг таны гэрийн эрсдэлт нөхцөл үүсч болох зүйлсийг хүн өөрөө л мэддэг учраас хувь хүн, иргэд ухамсраараа эрсдэлийг тооцоолж, өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангаарай гэж хэлмээр байна. 

-Нэгэнт гал түймэр гарсан тохиолдолд дуудлага мэдээллээр очиход хамгийн тулгамдаж байгаа асуудал бэрхшээлүүд юу байна вэ?

-Гал түймрийн дуудлагаар очиход гэр хороололд зарим зам гарц нь мухар, хаагуур орох нь тодорхойгүй. Галын машин овор хэмжээний хувьд том. Халтиргаа гулгаатай зэрэг шалтгаан нөхцлүүд байна. Иймд иргэд дуудлага мэдээлэл өгсөн бол аль болох төв зам дагуу, тодорхой байдлаар хаягаа заах, галын эрсдэлийг нэмэгдүүлэх зүйлсүүдээ салгах, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдээ авч бидний ажилд тусалж байгаарай. Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар сүүлийн үед их ухамсартай болсон. Байнга зам тавьж бидний ажилд тус дэм болдог. Гэвч цөөхөн хэдхэн тохиолдолд хөгжмөө чанга тавьдаг юмуу, утсаар ярьж байдаг юмуу, анхаарал нь алдагдсан үе нь таардаг уу замаа чөлөөлөхгүй байх үе гардаг. Үүн дээр бага зэрэг анхаараарай. Орон сууцны хорооллуудад том оврын буюу галын машин орж гарах зам талбай багатай. Дотор нь маневар хийх боломжгүй нөхцөл байдал үүсдэг. Автомашины зогсоолын хүрэлцээ муутайгаас машинаа бордюр давуулж тавих, зам хөндлөн маш ихээр байрлуулдаг. Энэ нь гал түймэр гарсан үед дуудлага мэдээллээр очиход, гал унтраахад тодорхой хэмжээгээр хүндрэл учруулдаг. Иймд нэгэнт галын эрсдэл үүссэн бол оршин суугчид, иргэд цаг алдалгүй замаа чөлөөлөх, машин тэргээ холдуулах зэргээр бидэнд тус болоорой. Мөн СӨХ-ны ажилчид гал гарсан тохиолдолд галын машинд саад болохоор байрлуулсан машины эзэд рүү яаралтай утасдан, замаа чөлөөлөх, иргэдэд мэдээлэл тарааж, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авбал энэ нь хамгийн үр дүнтэй арга шүү. Аль болох цаг хожиж, галын машин онцгой байдлыг очтол өөрсдөө аюулгүй байдлаа хэрхэн хангах вэ, машин тэргээ яаж холдуулах вэ, хаагуур галын машин саадгүй нэвтрэх мэдээллээ зөв өгөх зэргээр аюулаас хамгаалах боломжтой. Бидний ажил секундээр хэмжигддэг болохоор тэр чинээгээрээ иргэд томоохон хэмжээний дэмжлэг, туслалцаа үзүүлж байна гэж ойлгох хэрэгтэй. 

                                                                                                           Эх сурвалж:zugii.mn

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ч.Дэлэгпунцаг: Онцгой байдлын албанд жинхэнэ эрчүүд л тунаж үлддэг

Тэр үг дуу цөөтэй ч өөрийн гэсэн өвөрмөц үзэл бодолтой энгийн нэгэн алба хаагч юм. Ажилдаа чин үнэнч сэтгэлээр ханддаг түүний ярилцлагыг хүлээн авна уу.

Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн спортын тэмцээнд ажмилттай оролцлоо

Энэ жилийн тэмцээнийг Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс зохион байгуулсан бөгөөд дартс, ширээний теннис, шатар, сагс, гар бөмбөг гэсэн таван төрлөөр аваргуудаа шалгаруулсан байна.

БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Тус ээлжинд Онцгой байдлын байгууллагаас 11 алба хаагч үүрэг гүйцэтгээд ирсэн юм.