А.Батдорж: Алба хаагчдын болон иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах, шуурхай тусламж үзүүлэхэд зориулж дулаан мэдрэгч дрон, робот зэрэг технологийн дэвшлийг ашиглах шаардлага бий

A- A A+

ОБЕГ-ын Санхүү, ар талын газрын төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн, ахмад А.Батдоржийг #Nematimes буландаа урьлаа. 

Агваанчимэдийн Батдорж. Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн. Программ хангамж, гааль олон улсын худалдааны мэргэжилтэй. Анх 2017 онд Баянхонгор аймгийн Онцгой байдлын албанд машин тоног төхөөрөмж, техник хэрэгсэл хариуцсан мэргэжилтнээр ажилд орж байв. Баянхонгорт ажиллаж байхдаа гал түймэр унтраах дуудлагын программ зохиосон. Хаягжилтын бүртгэл, байршлын координат мэдээлэл зэрэг мэдээллийг программд оруулснаар дуудлага авах зуураа тухайн байршил, аль замаар хэдэн минут зарцуулж очих зэрэг мэдээллийг тодорхой болгосон гэсэн үг. Харин Ерөнхий газарт ирснээс хойш худалдан авалт, эд хөрөнгийн, алба хаагчдын хувцасны хангалт, хүний нөөцийн программ хангамжийг бүтээж ашиглалтад оруулсан. Цаашид гамшгийн үеийн хариу арга хэмжээний хурдыг сайжруулахад мэдээллийн технологийг бүрэн ашигладаг болохыг зорин ажиллаж байна.

Солонгос, Япон, АНУ зэрэг улсад мэдээллийн технологийн салбар асар хурдтай хөгжиж байгаа ч БНХАУ-ын хөгжил бүр “тасарсан”. Хятад улс байгалийнхаа тогтоцыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгохоос эхлээд гамшиг ослын үед ажиллах зэрэгт мэдээллийн технологийг бүрэн утгаар нь ашиглаж чадаж байна. Хурдны галт тэрэг 340 км/ц явахад 5G сүлжээ тасрахгүйгээс гадна хүний биед ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй байна гэдэг инженерчлэл, физик, мэдээллийн технологийн асар том бүтээл. Зам, дугуй хоёр 340 к/ц хурдтайгаар шүргэлцвэл хайлж наалдана. Гэтэл хурдны галт тэрэг нь дугуйгүй, соронзон орныг ашиглан хөндий явж байна. Энэ мэтээр ид шид хэмээн боддог байсан зүйлс амьдрал дээр бодит болчихлоо. Хүн нь хөгжиж, бүгд чадамжтай болж байж улс хөгждөгийн жишээ юм даа.

Технологи хөгжихийн хэрээр хүний оролцоо багасч, хөдөлмөр хөнгөвчилж, цаг хэмнэж байгаа. Онцгой байдлын албаны аврах, гал унтраах ажиллаагаанд хүний оролцоог халах боломжгүй. Гэхдээ алба хаагчдын болон иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах, шуурхай тусламж үзүүлэхэд шаардлагатай робот ашиглан эрэн хайх, дулаан мэдрэгч дрон ашиглах зэргээр технологийн дэвшлийг ашиглах ёстой. Ер нь аливаа гамшиг ослыг хохирол багатай туулах нь хурдтай байхаас 100 хувь шалтгаалдаг болсон. Хурдтай байхын тулд алба хаагчид маань мэдээллийн технологийг "цусандаа шингэтэл" ашигладаг болох шаардлагатай.

Би 2003 оноос компьютертэй найзалж, мэдээллийн технологи миний хобби болсон. Сургуульд байхдаа хичээл огт хийдэггүй хүүхэд байв. Гэхдээ IT болох мөрөөдлөө биелүүлэх гэж математикийн дунд сургуулийн хөтөлбөрийг жил, физикийг ердөө хоёр сарын дотор судлаж элсэлтийн шалгалтдаа аймагтаа дээгүүр орж хүссэн мэргэжлээ сонгож байсан. Хачирхалтай нь би компьютер тоглоомноос бүр жигшсэн. Ангийнхантайгаа нийлж 2-3 хоног тоглоод дотор муухайрч бие эвгүйцээд дахиж тоглоогүй. Биеийн онцлогоос болсон байх, тоглоомын өндөр давтамжийг харж чадахаа больсон. Ер нь тоглоом маш өндөр давтамжтай дүрс байдаг юм. 144 Гц гэвэл нэг секундэд 144 зураг солигдож байгаа гэсэн үг. 50 Гц-ээс дээш донтуулдаг гэж үздэг учраас өргөн нэвтрүүлгийг үүнээс өндөр дэлгэцээр гаргадаггүй учиртай.

Аав минь холбооны мэргэжилтэй хүн байв. Их, дээд сургууль төгсөөгүй хэрнээ машин зохион бүтээсэн. Одоогийн “Дефендер” шиг хэлбэртэй машин хийж “Мон Тач”-92 гэдэг нэрээр бүртгүүлж улсын дугаар авсан. Загварын нэр нь Монгол-Тангадын Агваанчимэд гэдгийн товчлол, тэгээд ашиглалтад оруулсан оноо бичсэн хэрэг. Сүүлд онгоц хийх гэж оролдож хөнгөн цагаанаар арьсыг нь талд нь хүртэл цохисон байсан гэдэг. Ааваас уламжилсан ген надад байдаг болов уу гэж боддог.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Алба хаагчдад төрийн одон, медаль гардуулж, цол олголоо

“Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор нэг, “Цэргийн гавьяаны одон”-оор 8, “Алтан гадас” одонгоор хоёр, “Цэргийн хүндэт медаль”-аар 38, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар 3 буюу нийт 50 алба хаагч шагнагдсан юм.

Энхийг сахиулагчид сайн үйлсийн аяны хүрээнд нэг алба хаагчийг гэртэй болголоо

Тодруулбал, энхийг сахиулагч алба хаагчид ОБЕГ-ын харьяа 115 дугаар ангийн сантехникийн слесарь Д.Сумъяад өргөө цагаан таван хана гэрийг бэлэглэсэн юм.

Онцгой байдлын байгууллагын 2024 оны шилдэг анги, салбарууд

Онцгой байдлын байгууллагаас 2024 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг идэвх санаачилга, үр бүтээл гарган хамт олноо хошуучлан ажилласан тэргүүний газар, хэлтэс, анги, салбаруудыг нэрлэж байна.