Онцгой байдлын ерөнхий газар, Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Япон Улсын Цукүбагийн их сургууль, Японы “Сабо Фронтиэр” сантай хамтран Баянзүрх дүүргийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх, эрсдэлийг бууруулах, байгууллага хоорондын уялдаа холбоо, харилцан ажиллагааг сайжруулах зорилгоор гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдлага, алба хаагчдад зориулсан сургалтыг зохион байгууллаа.
Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг хэлсэн үгэндээ "Баянзүрх дүүрэгт 2021-2025 онд нийт 2452 аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн бөгөөд энэ нь жилд дунджаар 490, сард 40 удаагийн дуудлагатай байна. Мөн 2021 онд 405 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2025 онд 623 болж, таван жилийн хугацаанд 53.8 хувиар өссөн нь гамшгаас хамгаалах бэлэн байдлыг тасралтгүй сайжруулах шаардлагатайг харуулж байна. Түүнчлэн бүртгэгдсэн тохиолдлуудаас хүний үйл ажиллагаатай холбоотой осол 214, ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 40, биологийн гаралтай аюулт үзэгдэл 14 удаа бүртгэгдсэн нь гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг зөвхөн гал түймрээр хязгаарлах бус, үер, халдварт өвчин, аврах ажиллагаа, нүүлгэн шилжүүлэлт зэрэг олон чиглэлээр цогцоор нь хангах шаардлагатай байна" гэлээ.
Сургалтад Баянзүрх дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдлага, алба хаагчдын төлөөлөл бүхий 50 гаруй хүн оролцож, Япон Улсын гамшгийн эрсдэлийн удирдлага, урьдчилан сэргийлэлт, олон нийтийн оролцоо, сургалт дадлагын сайн туршлагаас суралцаж, түүнийг дүүргийн онцлог, эрсдэлийн бодит нөхцөл байдалтай уялдуулан хэрэгжүүлэх мэдлэг, ур чадвараа дээшлүүллээ.
Ингэснээр олон улсын сайн туршлагыг орон нутгийн түвшинд нутагшуулах, байгууллага бүрийн өдөр тутмын үйл ажиллагаанд нийцсэн дадал, зохион байгуулалтыг бий болгох, гамшиг, ослын үед алба, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагааг илүү үр дүнтэй болгох онцлоог ач холбогдолтой юм.
2026/07/07
Шинэ мэдээОн гарсаар эхний хагас жилийн байдлаар орон нутагт 2373, нийслэлд 3552 буюу нийт 5925 иргэн, хуулийн этгээдэд галын аюулгүй байдлын дүгнэлт олгохын зэрэгцээ нийслэлийн хэмжээнд Зөвшөөрлийн цахим системээр ирүүлсэн 1057 хүсэлтийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.
2026/07/07
Шинэ мэдээИнгэснээр олон улсын сайн туршлагыг орон нутгийн түвшинд нутагшуулах, байгууллага бүрийн өдөр тутмын үйл ажиллагаанд нийцсэн дадал, зохион байгуулалтыг бий болгох, гамшиг, ослын үед алба, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагааг илүү үр дүнтэй болгох онцлоог ач холбогдолтой юм.
2026/07/07
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ