Хуучин оноо үдэж, шинэ онтойгоо золгосон эхний өдөр. Сайхан бүхнээ дурсаж, түүнийгээ гэрэлтүүлэн түгээхийн төлөөх эхлэлийн цэг ч гэж хэлж байна. Энэ л сайхан өдрийн nematimes булангийн зочин бол Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Б.Жимсээ. Тэрээр өнгөрөгч 2024 оны Онцгой байдлын байгууллагын “Шилдэг холбоочин”-оор тодорсон юм.
-Юуны өмнө шинэ оны баярын мэндийг хүргэе. Өнгөрсөн 2024 онд Онцгой байдлын албатай ажил, мэргэжил, амьдралаа холбосон 17 жилийнхээ үр шимийг үнэлүүлж “Шилдэг холбоочин” болсон минь нэр төрийн хэрэг байлаа. Миний бие 2008 оноос хойш аймгийн хэмжээнд тохиолдсон гамшиг, ослын дуудлагыг хүлээн авч, дамжуулж, алба хаагчдаа голомтод хүргэх үүргийг гүйцэтгэж байна. Анх ээлжинд үүрэг гүйцэтгэхэд сандрал ихтэй, айдастай, түгшүүртэй, алдаа дутагдал гаргах үе ч байсан. Жил ирэх бүр дадлагажиж, туршлагажиж, удирдлага, хамт олноосоо суралцсаар өнөөг хүрч, өөрийн сурсан, дадсан зүйлсээ дүү нартаа заадаг, сургадаг болсон байна.
- Айлын том охин. Дархан-Уул аймгийн Шарын гол сумын II дунд сургуулийг төгсөж, аймгийн “Соёмбо” дээд сургуульд нягтлан бодогч мэргэжил эзэмшсэн. Удам дамжсан алба хаагчийн үргэлжлэл. Аав маань Дархан сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангид гал сөнөөгчөөс ангийн захирагч хүртэл 36 жил ажиллаж, гавьяаныхаа амралтад гарсан. Аавынхаа албыг өвлөж, бага насаа өнгөрүүлсэн тэр дурсамжит газартаа үүрэг гүйцэтгэж байгаадаа маш их баярладаг. Үүрэг гүйцэтгэснээс хойш 16 жилийн хугацаанд 600 гаруй удаагийн гамшиг осол, гал түймрийн дуудлагыг хүлээн авч, мэдээллийг шуурхай дамжуулж ажилласан байна.
Дархан-Уул аймаг нь зам, тээвэр, харилцаа холбоо, цахилгаан, дулааны эрчим хүч зэрэг дэд бүтцийн салбарууд сайн хөгжсөн үйлдвэрлэл, соёл боловсрол, шинжлэх ухааны томоохон төв учраас гал түймэр, үер, усны осол, зам тээврийн осол, уурхайн осол, мал, амьтны гоц халдварт өвчин гээд улсын хэмжээнд зонхилон тохиолддог бүхий л төрлийн дуудлага бүртгэгддэг. Дуудлага бүр онцлогтой, сургамжтай, бас айдастай байдаг. Тухайн өдрийн томилгоот ээлжийн бүрэлдэхүүнийг хаягийн дагуу гаргаж, мэдээллийг тухай бүрт хүлээн авч, дамжуулж, эцэст нь унтраах, аврах ажиллагаа дууссан цагт л санаа амардаг. Хүн эрсдээгүй байгаа, тархан дэлгэрээгүй байгаа, хүн нь эсэн мэнд байгаа гээд л сэтгэлзүйн хувьд маш том зовнил дагаж байдаг. Бүрэлдэхүүн үүргээ гүйцэтгэж дуусаад буцаж байна гэдэг үг л хамгийн сайхан.
-Манайх ам бүл зургуулаа. Хань маань бас Онцгой байдлын байгууллагад ажилладаг. Албанд ороод жилийн дараа буюу 2009 онд Сэлэнгэ аймагт болсон дуудлага хүлээн авагч нарын сургалтын үеэр нөхрийгөө харж байлаа. Удалгүй нэг салаанд үүрэг гүйцэтгэж эхэлснээр үерхэж, гэр бүл болсон. Гар бөмбөг тоглох дуртай. Мөн гэр бүлээрээ жижиг яст мэлхий, загасны төрлүүдээс бетта, өнгөт терниц, пецил, барбус тетра, алтан загас тэжээдэг.
-Шинэ жилийн баярын өдрүүдэд ээлжтэй таарах тохиолдол их. Хөгжилтэй түүхүүд ч тохиолдоно. Нэг удаа ээлжинд гарч байгаад радио станцаар “Цонхлон” гээд ОБЕГ-т мэдээлэл дамжуулж байтал албанд ороод удаагүй залуу цонхоор харсанаа юу ч л харагдахгүй байна гэж билээ. Энэ мэт хамт олонтойгоо өнгөрүүлсэн баярын өдрүүд, дуудлагагүй амгалан тайван байх үе байх ч утас тасралтгүй дуугарах өдөр ч бас байдаг. Сүүлийн жилүүдэд иргэдийн хувьд үүргээ ухамсарлаж, баяраа сайхан тэмдэглэдэг болсон байна. Хүн бүр өөрийнхөө болоод гэр бүлийнхээ төлөө урьдчилан сэргийлэгч байгаасай, түүнийг хэрэгжүүлдэг болоосой гэж л хүсэх байна даа.
-Цэвэрч байдал, эмх цэгц тухайн хүнийг илэрхийлдэг “толь” гэж ойлгодог. Нөгөө талаар цагийн юмыг цагт нь амжуулдаг, өөрийн гэсэн мэдлэг, чадвартай байхыг эрмэлздэг. Өнөөдөр бүтэлгүйтэж болох ч маргааш гэрэлтэж болдог шүү дээ. Цаг хугацаа бүхнийг гэрчилж, хичээсэн зүтгэл бүрээр нь шагнадаг юм байна. Мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байгаа Онцгой байдлын байгууллагын алба хаагчид, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын удирдлага, хамт олондоо маш их баярлалаа. Хамт олны дэмжлэг бол хамгийн том түшиг тулгуур амжилтын буухиаг түүчээлэх “бамбар” гэж хэлмээр байна.
2025/01/01Шинэ мэдээ
Тус тэмцээн мэргэжлийн, сонирхогчдын, тоглоомын, өөрөө угсрах гэсэн дөрвөн төрлөөр явагдана.
2025/01/01Шинэ мэдээ
Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтайн ихэнх, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Өвөрхангайн зарим, Булган, Сэлэнгэ, Дундговийн цөөн сумдын нутгаар нэн их болон их эрсдэлтэй.
2025/01/01Хоногийн мэдээ
Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ