Өвөл-хаврын бэлчээрийн даац нийт нутгийн 70 орчим хувьд хүрэлцээтэй байна

A- A A+

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2024-2025 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ болон бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэлд үндэслэн багийн нутгаар тооцооллоо.

Зуншлагын байдал наймдугаар сарын 20-ны байдлаар Монгол орны 70 гаруй хувьд сайн, 20 гаруй хувьд дунд зэрэг, цөөн сумдын нутгаар муу гэж үнэлэгдсэн байна.

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:
47% - Бэлчээрийн нөөцтэй
20% - Бэлчээр хүрэлцээтэй
21% - Даац 1-3 дахин хэтэрсэн
 4% - Даац 3-5 дахин хэтэрсэн
 8% - Даац олон дахин хэтэрсэн байна.

Өөрөөр хэлбэл өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 70 орчим хувьд хүрэлцээтэй байхаар, харин 30 гаруй хувьд хэтэрч гарлаа. 

Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай аймгуудын зарим сум, багийн нутгаар даац хэтэрч гарсан. Бэлчээрийн даац олон дахин хэтэрч (улаан) гарсан сумдад Баян-Өлгийн Сагсай, Увсын Завхан, Ховдын Мөст, Мянгад, Буянт, Говь-Алтайн Алтай, Баянхонгорын Галуут, Баянговь, Баянлиг, Хөвсгөлийн Төмөрбулаг, Цагаан-Уул, Өвөрхангайн Нарийнтээл, Уянга, Гучин-Ус сумд хамрагдаж байна. 

Харин Баян-Өлгийн Ногооннуур, Цэнгэл, Баяннуур, Алтай, Увсын Зүүнхангай, Түргэн, Ховдын Чандмань, Манхан, Дөргөн, Говь-Алтайн Тайшир, Төгрөг, Цээл, Халиун, Есөнбулаг, Дэлгэр, Бигэр, Завханы Баянтэс, Баянхонгорын Баацагаан, Бөмбөгөр, Архангайн Цэцэрлэг, Ихтамир, Цэнхэр, Булган, Хөвсгөлийн Бүрэнтогтох, Галт, Тосонцэнгэл сумдын нутгаар 3-5 дахин хэтэрч (улбар шар) гарлаа. Мөн нутгийн 21 хувьд даац 1-3 дахин хэтэрч (шар) гарсан.

Бэлчээрийн даац нь тухайн газар нутгийн бэлчээрт бэлчээж болох эсвэл бэлчээрийн нөөцөөс хэтэрсэн малын тоог илтгэх бөгөөд энэ жилийн хувьд зуншлага харьцангуй сайн байсан бүс нутгаар бэлчээр хүрэлцээтэй, нөөцтэй гарсан. Гэвч хүйтний улиралд гэнэт хэт хүйтрэх, ахиу хэмжээний цасан бүрхүүл тогтоход цасан болон мөсөн зудын нөхцөл үүсч, мал бэлчээрлэх боломжгүй болдог. 

Иймд ирэх өвөл, хаврын бэлчээрийн даац хэтэрч гарсан аймаг, сумдын нутагт өвс хадлан, нэмэгдэл тэжээл олж нөөцлөх, отор нүүдэл хийх, малаа борлуулах, тоог бууруулах зэрэг арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлж, өвөлжилт хаваржилтанд бэлтгэх шаардлагатай байна.
 
Эх сурвалж: ЦУОШГ

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хөвсгөл нуураас татан гаргасан автомашин, техник хэрэгслийг орон нутагт хүлээлгэн өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлагаар 2021-2024 онуудад зохион байгуулагдсан Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах живсэн тээврийн хэрэгслийг эрэн хайх, илрүүлэх, татан гаргах ажиллагааг дуусгаж, татан гаргасан машин, техникийг орон орон нутагт хүлээлгэн өгөх ажиллагаа өнөөдөр боллоо.

Хөвсгөл нуурт живсэн 11 техникийг нуурын 33.1-171 метрийн гүнээс татан гаргалаа

Улмаар тэдгээрт агуулагдаж байсан 50 орчим тонн шатахуун, тос тосолгооны материал, аюултай хог хаягдлыг аюулгүй болгож бохирдуулах эрсдэлээс хамгаалаад байна.