Аливаа зүйлийн хэм хэмжээг яг таг тааруулж амьдарна гэдэг хувь хүний төлөвшлөөс ихээхэн хамаардаг байх. Зарчимч хэрнээ зөөлөн, хариуцлагатай атлаа хамтач. Хэнтэй ч хязгаарын шугам давахгүйгээр харилцана. Нэг тийм халдаж боломгүй юм шиг хэрнээ, хамтран зүтгэгч бүрийнхээ хүндлэл хүлээсэн бүсгүй өмнө минь сууна. Түүнийг Лхагвадоржийн Золзаяа гэдэг.
-Би Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод төрсөн. Нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Нөхөр маань ахмад цолтой, цагдаад ажилладаг. Том хүү автын инженер мэргэжлээр солонгост суралцаад ирсэн. Бага хоёр охин дунд сургууль, цэцэрлэгт хүмүүжиж байна.
-Дунд сургуулиа төгсөөд анагаахын сургуульд орох гэтэл ердөө хоёр оноогоор ялагдсан. Ээж, дараа жил дахин өрсөлдөхийг зөвлөж, аав харин “Манайхаар дүүрэн эмч нар, санхүүч алга” гээд. Тэгээд би ШУТИС-ийг санхүүгийн удирдлагын мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсдөг жил Өвөрхангай аймгийн Онцгой байдлын хэлтэст дөрвөн эмэгтэй дуудлага хүлээн авагчийн ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаад, 15-уул өрсөлдөж би гуравт орж тэнцэв. Тухайн үед манай аймгийн Онцгойд эмэгтэй дуудлага хүлээн авагч байхгүй, дан эрчүүд ажилладаг байсан юм билээ. Тэгээд хэлтсийн дарга, хурандаа Т.Энхбаатар эмэгтэй алба хаагчийн орон тоо шинээр гаргасан нь тэр. Ингэж би 2006 онд Онцгой байдлын албатай хувь заяагаа холбосон юм.
-Улаанбаатарт 2014 онд шилжин ирж нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангид гал сөнөөгчөөр, дараа нь газрын даргын туслах, 26 дугаар ангид дуудлага хүлээн авагч, ерөнхий газар хүний нөөцийн хэрэг хөтлөгч зэрэг алба хашсан. 2020 онд бичиг хэргийн эрхлэгчээр томилогдоод дэслэгч цолоо авч байв. Эцэст нь, өөрөө хүсэлт гарган байж сургагч багш болоод хоёр дахь жилдээ ажиллаж байна. Цаашид ч сургагч багшаар ажиллана гэсэн бодолтой. Өмнө нь арын албанд чимээгүйхэн оршиж, бичгийн голдуу ажил хийдэг байсан бол энд ирээд олон хүний өмнө гарч ярьдаг болоход эхлээд хэцүү санагдаж, тэвдэн сандардаг байлаа. Тиймээс илүү их уншиж, судалж өөрийгөө боловсруулж эхэлсэн. Шинэ багш ганц л танхимд сургалт явуулдаг учраас таван танхимын алинд нь ч заадаг болохын тулд өөрийгөө дайчилсан хэрэг. Өөрийнхөө ярьж байгааг дүрс бичлэг хийж илүү хөдөлгөөн хаана хийж байгаагаа, ямар сул үг ашигладгаа харж засаж эхлэв. Харин одоо өөрийн үндсэн танхимаас гадна гурван танхимд сургалт явуулдаг болсон.
-Манай төв гал унтраах дадлагын, аюулгүй өрх, газар хөдлөлт, эмнэлгийн анхан шатны тусламжийн болон , утаат орчноос аврах ажиллагааны танхимтай. Мөн 3D кино заалтай. Бага насны хүүхдийн танхим гэж бас бий. Нийслэлийн хэмжээнд ганцхан байгаа Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төв. Хүн бүр тулсан цагт амиа хамгаалах мэдлэг, дадалтай болоосой гэж бодож явдаг. Тиймээс олон хүнд мэдлэг олгоход манайх шиг сургалтын төв дүүрэг болгонд нэг, аймаг сум бүр ядаж нэг танхимтай болох шаардлага бий. Хүүхдүүд 101, 102, 103, 105 гэх мэт тусгай дугаарыг сайн мэддэг. Томчууд харин үгүй. Хүүхдэдээ заах биш хүүхдээсээ суралцмаар насанд хүрэгсэд олон байна. Гэтэл гамшиг осол тулгарлаа гэхэд тусгай дугаараа мэддэг байх, тухайн орчноо үнэлээд, аюулгүй байдлаа хангах мэдлэг ойлголт чухал. Жишээ нь гал гарч, орц их хэмжээний утаатай боллоо гэхэд нойтон даавуугаар хаалганы зай завсрыг чигжээд цонхоо онгойлгоно. Гэтэл дүрэлзсэн гал гарч байгаа тохиолдолд ингэж болохгүй. Энэ бүхнийг бид яг орчинд нь дадлагад суурилж заадаг. Мөн манайд явуулын сургалтын машин байдаг. Машин дотор газар хөдлөлт болон утаат орчинг биеэр мэдрүүлж, аврах хоолойгоор буулгаж дадлага хийлгэдгээрээ давуу талтай. Тиймээс гамшгаас хамгаалах сургалтад заавал хамрагдаарай гэж иргэддээ уриалъя.
-Би гурван ах, нэг эгчтэй. Сахилгагүй, дураараа зантай охин байсан. Цэргийн тэсвэр тэвчээрт сургаж хатуужуулсан онцгой албаараа үргэлж бахархдаг. Саяхан дэлхийн эмч нарын өдрөөр, Өвөрхангай аймгийнхан “Удам дамжсан гэгээн үйлстнүүд” гэж онцолж ээжийн минь хөдөлмөрийн алдарыг тэмдэглэсэн. Манай ах, эгч, бэр эгч нар, дүү нар гээд манай гэр бүл маш олон эмч, эм зүйчтэй. Миний мөрөөдөл хэдийгээр эмч болох байсан хэдий ч Онцгой байдлын байгууллагад ажиллаж, иргэдийг өөрийгөө болон бусдыг авардаг арга ухаанд сургаж яваадаа үргэлж баярлаж явдаг. Түүнчлэн шинэ санаа, санаачилга бүрийг ажил хэрэг болтол дэмждэг хамт олон, удирдлагууддаа талархал илэрхийлье.
2024/04/03Шинэ мэдээ
Энэ жилийн тэмцээнийг Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс зохион байгуулсан бөгөөд дартс, ширээний теннис, шатар, сагс, гар бөмбөг гэсэн таван төрлөөр аваргуудаа шалгаруулсан байна.
2024/04/03Шинэ мэдээ
Тус ээлжинд Онцгой байдлын байгууллагаас 11 алба хаагч үүрэг гүйцэтгээд ирсэн юм.
2024/04/03Шинэ мэдээ
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Б.Мягмардоржоор ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн Онгой комисс болон 11 алба, 24 мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулсан юм.