ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн Эдийн засаг, нөөц, ар талын тэнхимийн эрхлэгч, доктор, дэслэгч Б.Одгэрэлтэй ярилцлаа.
-Энэ удаагийн ярилцлагаа АНУ-ын USDA буюу ХАА-н хэлтсээс санхүүжилттэй төслийн хүрээнд зохион байгуулсан “Гамшиг судлалын салбарт ухаалаг технологийн хэрэглээ” сэдэвт сургалтын талаар эхлэе?
-Энэ төсөл маань 2020-2023 онд амжилттай хэрэгжиж8 нийт 300 гаруй судлаач, багш нарт ухаалаг технологийн хэрэглээ, технологи дамжуулалтын талаар мэдээлэл хүргэсэн сургалт семинаруудыг хийсэн. Үүний нэг нь nх сургуулийн багш, албан хаагчдад 5 хоног “Гамшгийн салбарт ухаалаг технологийн хэрэглээ” нэртэйгээр сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтаар Гамшиг судлалын салбарт дронны хэрэглээ, боломж, тулгамдаж буй асуудал, орон зайн дүн шинжилгээ (qGIS жишээн дээр), үүлэн технологи, хиймэл оюун ухааны өнөөгийн байдал, хэрэглээ, зайн мэдрэгч ашигласан роботын хэрэглээ, ухаалаг технологи, аж үйлдвэрийн IV хувьсгал, Манлайлал: Бусдыг манлайлах, цаг төлөвлөлт, менежмент, судалгаа, ажил гүйцэтгэх арга зүй, статистик мэдээлэл боловсруулах программ хангамж тэдгээрийн онцлог зэрэг шинэ техник, технологийн ололт, амжилтыг ажил албандаа хөрвүүлэх, хувь хүнийг чадавхжуулах сургалтуудыг салбартаа тэргүүлэх эрдэмтэн багш нараар заалгаж амжилттай суралцагчдад гэрчилгээ гардуулсан. Сургалт их үр дүнтэй болсон.
-Та гамшиг судлалын салбарт дронны хэрэглээ, боломж, тулгамдсан асуудал сэдвийг хөндлөө. Энэ тухай тодруулвал?
-Аж үйлдвэрийн IV хувьсгал хүн төрөлхтний амьдралын хэв маягийг бүхэлд нь өөрчилж байна. Үүнтэй уялдаад хөгжиж байгаа орнуудад гамшиг судлалын салбарт нисгэгч төхөөрөмжийг эрэн хайх, аврах ажиллагаанд, газар хөдлөлтийн үед, ой хээрийн түймрийн үед, үер, усны давагдашгүй хүчин зүйлийн үед, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зэргээр бүхий л гамшиг, ослын үед ашиглаж байна. Дронн буюу нисгэгчгүй нисгэгч төхөөрөмж нь гамшиг, ослын үед олон нийтийн дунд аюулгүй байдлыг хурдан шуурхай бий болгох, яаралтай тусламжийг цаг алдалгүй хүргэх, нөхцөл байдалд тохирсон шийдвэрийг газар дээр нь гаргахад мэдээллийг бодит цаг хугацаанд өгөх давуу талыг бий болгодог хүний хөдөлмөр, цаг, хугацааг хэмнэсэн технологи юм.
Манай орны хувьд ухаалаг технологийн хэрэглээ нь шинэ түвшинд явж байгаа бол Хятад болон Энэтхэг улсын дронны хэрэглээ сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэж, Япон улс ухаалаг технологийг салбар бүртээ бүрэн нэвтрүүлээд байна.
-Та докторын зэргээ 2015 онд “Буудайн ган, давсанд тэсвэртэй генийн судалгаа, слекцид ашиглах боломж” сэдвээр хамгаалсан талаар дурдаж байсан. Энэхүү судалгааны үр дүнгийн талаар бидэнтэй хуваалцана уу?
-Миний бие 2010 онд БНСУ-ын Корей их сургуульд докторантурт суралцахаар шалгалт өгч, гадаад оюутны 100 хувийн тэтгэлэгт тэнцсэн. Биотехнологийн сургуулийн “Crop molecular breeding labоrotary” буюу “Ургамлын молекул үржүүлгийн лаборатори”-д судалгааны ажлаа хийсэн. Судалгааны ажлын удирдагч профессор Yong Weon Seo нь чи эх орондоо хэрэгтэй сэдвээр судалгаа хийх хэрэгтэй гэж зөвлөсний дагуу Монголд байгаа багш нартайгаа ярилцаж, зөвлөлдөөд буудайг судалгааны обьектоороо сонгосон. Манай Улсын “Хүнсний тухай хууль”-д буудай нь стратегийн гол нэрийн таримал гэж заагдсан байдаг, монголчуудын өдөр тутмын хоолыг гурилгүйгээр төсөөлөх боломжгүй шүү дээ. Ийм чухал таримал болох буудай нь байгаль, цаг уурын тааламжгүй нөхцөл болох гангаас болж ургац алддаг. Тиймээс ган тэсвэрийг кодлодог генийг Монгол оронд нутагшсан буудайн сортуудад илрүүлэх судалгааны ажил хийсэн. Энэхүү судалгааны ажлын үр дүнгээрээ 2014 онд “Монголын залуу эрдэмтдийн холбоо”-оос жил бүр зохион байгуулдаг “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлж, Боловсролын сайдын нэрэмжит 4 сая төгрөгийн грантаар шагнуулж урам авч байлаа. Ингээд 2015 онд ХААИС-д докторын зэргээ амжилттай хамгаалсан. Улмаар 2017 онд Австри Улсын Засгийн газрын тэтгэлэгт тэнцэж, “Хэрэглээний шинжлэх ухааны их сургууль”-д докторын дараах судалгааны ажил (post doctor)-аа “Буудайн зэв өвчинд тэсвэрийг кодлогч маркер генийн судалгаа” сэдвийн хүрээнд амжилттай гүйцэтгэсэн. Мөн судалгааны үр дүнгээрээ 2018 онд ХААИС-ийн Захирлын нэрэмжит грантаар шагнуулж байсан. 2019 онд АНУ-ын Нобелийн шагналтан эрдэмтэн Норман Борлаугийн тэтгэлэгт тэнцэж, Небраска Линкен Их сургуульд зочин судлаачаар ажиллаад ирсэн. Энэхүү тэтгэлгийн хүрээнд эрдэмтдээ дээдэлдэг, эрдэм шинжилгээний ажлыг ойлгодог, дэмждэг улсын судлаачид өндөр түвшинд ажиллаж байгаатай танилцаж “eye opening” буюу их зүйлийг харж мэдсэн, шинэ мэдлэг мэдээлэл хуримтлуулсан.
Эрдэмтэн хүний хувьд сурсан мэдсэнээ эх орондоо хэрэгжүүлэх, шавь бэлтгэх зорилгоор Шинжлэх ухаан, технологийн сангаас зарлагдсан төслүүдэд баг бүрдүүлж өрсөлдсөн. Үүний үр дүнд гурван төслийг амжилттай хэрэгжүүлж, хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Мөн 2020 онд USDA-аас зарласан төслийн шалгаруулалтад Небраска Линкен Их сургуульд менторлож байсан профессорын хамтаар төсөл бичин өрсөлдөж, “Буудайн тариаланд ухаалаг технологийн хэрэглээ” сэдэвт төслөөр шалгарсан. Э
дгээр жилүүдэд “Web of Science, Scopus”-т бүртгэлтэй сэтгүүлд нийт дөрвөн өгүүлэл, хянан магадлагаа хийгддэг дотоод, гадаадын сэтгүүлд 20 гаруй эрдэм шинжилгээний өгүүллийг хэвлүүлсэн байна. Нэгээс мянга болтлоо үрждэг эх орныхоо хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн буудайг судалсан судалгааны ажлын үр дүнгээрээ 2019 онд БСШУ-ны сайдын нэрэмжит докторын дараах инновацын тэтгэлэг, ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит грантыг тус тус авч байсан. Мөн гадаадын гурван улсын Засгийн газрын тэтгэлэг авч байсан нь эргэн дурсахад бахархалтай санагдаж байна. Энэ бүхэн судалгааны ажил хийх урам зориийг өгдөг. Судлаач хүний хамгийн сайхан давуу тал үргэлж шинэ мэдлэг, мэдээлэл хуримтлуулж өөрөө болон судалгааны багийн гишүүдийн хамтаар өсөн дэвжиж байдаг онцлогтой.
Эх сурвалж: Дотоод хэргийн их сургууль
2023/12/24Шинэ мэдээ
Тэр үг дуу цөөтэй ч өөрийн гэсэн өвөрмөц үзэл бодолтой энгийн нэгэн алба хаагч юм. Ажилдаа чин үнэнч сэтгэлээр ханддаг түүний ярилцлагыг хүлээн авна уу.
2023/12/24Шинэ мэдээ
Энэ жилийн тэмцээнийг Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс зохион байгуулсан бөгөөд дартс, ширээний теннис, шатар, сагс, гар бөмбөг гэсэн таван төрлөөр аваргуудаа шалгаруулсан байна.
2023/12/24Шинэ мэдээ
Тус ээлжинд Онцгой байдлын байгууллагаас 11 алба хаагч үүрэг гүйцэтгээд ирсэн юм.