Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 8-10 градус дулаан байна.

Төлөв байдал: 12,13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд зүүн аймгуудын нутгаар цас орж цасан болон шороон шуурга шуурна. Салхи 12-нд баруун болон төвийн нутгаар, 13,14-нд ихэнх нутгаар, 15-нд говь талын нутгаар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүснэ. Хугацааны эхээр дулаахан байх боловч 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 7-12 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн  байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12:47 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дгуаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 3,5 км замыг туулан 12:57 цагт очиж, 15 минут ажиллаж  унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02:02 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтайгаар 4 км замыг туулан 02:10 цагт хүрэлцэн очиж, 35 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн “Зүүн сүүж” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 50 км-т/ иргэн А-гийн “Шаланз” загварын автомашины чиргүүл дээр байсан 129 боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.10-ны өдрийн 20:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба  хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 20:30 цагт ангийн байрлалаас гарч 21:10 цагт очиж. 06 цаг 30 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР