...Агуу уудам нутагтаа айл бүр бүтэн байг
Амгалан төрийн минь сүлд ашид өөдөө байг
Эгэл залуугийн гал халуун зүрхэнд
Эх орон минь та бүтнээрээ багтана...
Онцгой байдлын 20 жилийн ойд зориулсан “Бүтэн байг” нэртэй дууны клип цацагдаад удаагүй ч гол дүрийн аврагч залуу олны анхаарлыг ихэд татаад буй. Түүнийг мэргэжлийн жүжигчин гэж эндүүрэх хүн ч цөөнгүй. Тиймээс Нематаймс булан энэ удаагийн дугаартаа нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлагч Ж.Мөнхтулгыг танилцуулж байна.

Намайг Жанчивын Мөнхтулга гэдэг, Булган аймгийн Булган суманд төрсөн. Дунд сургуулиа 2017 онд дүүргээд Дотоод хэргийн их сургуульд аврагч-гал сөнөөгч мэргэжлээр суралцаж төгссөн. Төгсөх жилдээ буюу 2019 онд энэ ангидаа томилогдоод тав дахь жилдээ ажиллаж байна. Би гурав дахь үеийн гал сөнөөгч. Миний хоёр өвөө хоёулаа гал сөнөөгч байсан. Аав С.Жанчив гал сөнөөгч, гал унтраах автомашины жолооч. Харин ээж нь дуудлага хүлээн авагч, Эрэн хайх аврах салбарын эмнэлгийн зааварчлагч. Аав, ээж, аавын ах нар гээд эргэн тойронд маш олон гал сөнөөгч байдаг, хүүхэд байхаасаа тэднийхээ ажил дээр олон очдог. Гал унтраах машин, гоё хувцастай алба хаагчдыг харж өссөн учраас гал сөнөөгч болох багын мөрөөдөлтэй байв. Мөрөөдлөө биелүүлж хайртай хүмүүсийнхээ ажил мэргэжлийг өвлөн уламжлуулж яваадаа, албаараа үргэлж бахархаж явдаг.

“Онцгой байдлын алба амаргүй. Хэн хүний хийдэг ажил ч биш. Шантрахгүй, тууштай ажиллаж чадна гэвэл ор” гэж аав хэлдэг байв. “Чадна” гэж би орсон, гэхдээ шантарсан. Анх “25 дугаар эмийн сангийн хогийн цэг” шатсан дуудлагаар ажилд гарч байсан юм. Гэтэл дараалан гурван дуудлагад явсан. Тэр үед “Ямар ангид орчихов оо, яасан их ачаалалтай анги вэ” гэж гайхширч байлаа. Эхний нэг, хоёр сар мэддэг чаддаг зүйл дулимаг, учраа олохгүй ажил хэцүү санагдаж шантарсан. Гэхдээ Б.Буянбат багш маань бүгдийг зааж сургаж өдий хүртэл намайг ажлын байранд бойжуулсаар яваа. Багш нар болон хамт олон маань мэддэг бүхнээ зааж хажуугаар нь сэтгэл зүйгээр ч дэмждэг байв. Дэргэд байгаа хүмүүс дэмжиж урамшуулаад байхаар Монгол Улсынхаа хамгийн том гал командад ажиллаж байгаагаараа бахархаж, би чадах ёстой гэж сэтгэж хичээж эхэлдэг юм билээ. Одоо бол ажил маань миний хобби болжээ.
Чөлөөт цагаараа дуу хөгжим сонсож алхах, найзуудтайгаа хөгжилдөх, волейбол тоглох дуртай. Гал унтраах спортын олон төрөлт спортоор хичээллэж байна. Миний аав энэ спортоор залуугаасаа хичээллэсэн, спортын мастер цолтой. Багш маань ч мөн дэлхийн аварга, улс бүсийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцдог. Спорт ажил гээд бүх зүйлд хамт байдаг багшийнхаа урмыг хугалахгүйн төлөө улам хичээж хичээллэхийг хүсэж байна. Миний хувьд ч саяхан ажилд орж байсан бол одоо дүү нартаа зааж сургадаг болоод байгаа. Өөрөө мэддэг байж хүнд заана шүү дээ. Тиймээс байнга сурч боловсорч явах шаардлагатай болдог юм байна. Би бүхнийг мэддэг байх албагүй ч мөнхөд суралцаж явах ёстой гэдгийг ойлгосон.
Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жилийн ой энэ сард тохиож байна. Ойд зориулж “Бүтэн байг” нэртэй дуу гаргаж, дүрсжүүлэхэд би дүр бүтээсэн юм. Найруулагч, зураглаач нар гол дүрд тоглох хүн сонгох гэж манай ангид хэд хэд ирсэн. Намайг сонгосон гэдгийг мэдээгүй байсан. Гэхдээ нэг шинэ зүйлд өөрийгөө сорьж үзсэндээ баяртай байгаа. Зураг авалт 5-6 хоног үргэлжилсэн. Бас амаргүй ажил юм байна лээ. Олон талаас зураг авсан. Клипний бичлэг хийхэд иргэд янз бүрээр шүүмжилж байсан. Гэхдээ байгууллагынхаа 20 жилийн ойг тохиолдуулан алба хаагчдадаа урам зориг өгөх, тэднийхээ бахархам ажлыг харуулж өгсөн сайхан уран бүтээл болсонд баяртай байна.
Гал сөнөөгчийн ажилд би, миний гавьяа гэж байдаггүй. Бидний гэдэг ганц ойлголттой. Бид харин багаараа нэг хүн шиг ажиллаж, атгасан
гар мэт хамт олон болж чадсан. Энэ бүхэнд биднийг сургадаг багш, хамтран зүтгэгчдэдээ Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жилийн ойн мэндийг дэвшүүлье. Агуу уудам нутагтаа айл бүр бүтэн байг. Амгалан төрийн минь сүлд ашид өөдөө байг!!
2024/05/08
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2024/05/08
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2024/05/08
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.