Үргэлж гялалзаж, албаныхаа нэр хүндийг өндөрт өргөхийг хүсдэг

A- A A+

Мөрөөдөн  байж зүтгэсэн сургуульдаа орох элсэлтийн шалгалтдаа унав. Дараа жил дахиад тэнцсэнгүй. Гурав дахь удаад харин тэр чадсан. “Би чадахгүй нь” гэсэн 1100 орчим өдрийн шаналал арилж сэтгэл амарсан тэр мөчөө Б.Хулан дурсах дуртай. Тангарагийн баяр дээр ирсэн аав, ээж хоёроо харахдаа “Энэ миний байх газар мөн, би одоо л зөв явж байна” хэмээн өөрөөрөө бахархаж байв. Харин одоо даваа гараг бүрийн өглөө төрийн далдаагаа мандуулах, бөмбөрийн нижигнээнд парадад алхаж явах үеийн омогшил мэдрэмж нь тангаргын баяраар төрсөн бодлыг нь улам батжуулдаг аж. 
Зорьсон зорилгынхоо төлөө тууштай байж, хүсэл мөрөөдлөө биелүүлж яваа ийм нэгэн “гал сөнөөгч” бүсгүйг #Nematimes онцлов.

Намайг Баттөмөрийн Хулан гэдэг, Хөвсгөл аймагт төрсөн. Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 62 дугаар сургуулийг төгссөн. Айлын ганц охин. Нөхөр хүүхэд, эцэг эхийн хамт тавуул амьдардаг. Нөхөр маань Онцгой байдлын сургуулийн нэг ангийн сонсогч. Нэг охинтой, одоо дөрвөн нас хүрч байна. 

Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлыг сургуулийг онцгой байдал, гамшгаас хамгаалах мэргэжлээр 2019 онд төгсөөд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангид салааны захирагчийн туслахаар томилогдсон. Мөн салааны захирагчаар ажиллаж байгаад 2022 оноос нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн харьяа Үндэсний архивын газар дахь гал түймрийн улсын хяналтын байцаагчаар ажиллаж байна. Үндэсний архивын газар Монгол Улсын 500 жилийн түүхийг хадгалдаг онцгой обьект. Бүхэл бүтэн улсынхаа, нийт иргэдийнхээ бүхий л баримтыг цаасан хэлбэрээр хадгалж байгаа обьектийн галын аюулгүй байдлыг хангана гэдэг маш хариуцлагатай ажил. Мөн онцгой обьект гэдэг утгаараа Төрийн ордны Онцгой байдлын албанд харьяалагддаг. Эрчүүдтэй мөр зэрэгцэн улсынхаа онцгой чухал газруудын галын аюулгүй байдлыг хангуулах үүрэг гүйцэтгэж  яваадаа бахархалтай явдаг.  

Арван жилдээ “Дөл” цэргийн уралдаан тэмцээнд оролцдог байв. “Дөл”, “Өсвөрийн аврагч” зэрэг тэмцээнүүд хүүхдийг багаас нь цэрэг, онцгойгийн мэргэжилд дурлуулдаг ач холбогдолтой чухал уралдаан байдаг юм. Тэмцээнд оролцох бүртээ сургуулиа төгсөөд цэргийн хүн болно гэдэг мөрөөдөл минь улам оргилдог байлаа. Тэгээд ангийн найзтайгаа Онцгой байдлын сургуульд эмэгтэй сонсогч элсүүлдэг болж байгааг сонсоод хамт очиж шалгалт өгсөн юм. Гэтэл найз маань тэнцээд би  тэнцээгүй. МУИС-ийн хуваарь авсан ч заавал Онцгой байдлын сургуульд суралцах хүсэл тэмүүлэлтэй байсан учраас дараа жилийн шалгалтыг хүлээх шийдвэр гаргаж байв. Шалгалтад дахин бүдрээд ОХУ-ын Эрхүү хотод хуулийн сургуульд элсэж хэлний бэлтгэлд явсан. Уг нь хуулийн сургуульдаа тэнцвэл Путины нэрэмжит тэтгэлэг олгодог юм. Гэхдээ миний зүрх сэтгэл тэнд биш энд үлдчихсэн. Хүсэл, сонирхолгүй зүйлдээ хүн биеэ дайчилдаггүй юм билээ. Тэгээд сургуулиа орхиод буцаж ирсэн. 

Ажлын анхны гараагаа эхлүүлсэн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр, унтраах аврах 28 дугаар ангийн хамт олноос их зүйлийг суралцсан. Спорт, урлагийн гоц авьяасгүй ч урлагийн үзлэг, спортын уралдаан тэмцээн гэж явсаар  дуулбал дуулж, бүжиглэвэл бүжиглэдэг болж одоо ч төрөл бүрийн чадварт суралцсаар л явна.  Хэлтсийн дарга хурандаа Л.Чинбатаас жижиг гэлтгүй бүх зүйлд анхаарч, эцсийн гүйцэтгэл гаргадгийг нь сурч авсан. Гал түймэр унтраах, аврах 28 ангийн захирагч хошууч М.Мөнхбат болон бусад хамт олондоо үргэлж тусалж дэмжиж, урам зориг өгч дэмжиж ажилладаг байсанд талархаж явдгаа илэрхийлье. 

Дотоод хэргийн их сургууль төгссөн эмэгтэй сонсогч нараараа мөн бахархаж явдаг. Бусад эмэгтэйчүүдээс бид цэргийн дүрмийн хувьд ч, биеэ авч явах тал дээр ч ялгардаг байх ёстой. Ялгарч ч чадаж байгаа. Онцгой байдлын албаны “шигтгээ”, эд эс нь учраас  эмэгтэй алба хаагчийн хувьд эзэмшсэн мэргэжилдээ эзэн байж үргэлж гялалзаж албаныхаа нэр хүндийг өндөрт өргөхийг хүсдэг. Мөн аавынхаа нэрийг хазайлгаж болохгүй титэм мэт сэвтээхгүй авч явахын төлөө охин нь хичээж явна аа.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит шагналыг сургагч ахлагч Б.Ганбаатар хүртлээ

Хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит шагналыг энэ жил Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбарын ахлагч, сургагч ахлагч Б.Ганбаатар хүртсэн юм.

Сонгон шалгаруулалтын цахим бүртгэл тавдугаар сарын 27-оос эхэлнэ

БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын XIV ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний сонгон шалгаруулалтын цахим бүртгэл 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 06 дугаар сарын 03-ны өдрүүдэд явагдана.

Зориг нь мохоогүй зорилго өөд тэмүүлсэн “Аврагч”

Хүн бүрийг хэн бэ гэдгийг илтгэж байдаг сайхан зан чанар, үг, үйлдлүүд хараагүй байсан ч мэдрэгдэж байдаг. Тэр их мэдрэмжийг өөрийн мэдэлгүй бусдад өгч, амьдралын туршид “гарын авлага” болон түгээгдсээр байх нь ч бий. Энэ удаагийн “Онцлох ярилцлага”-ын зочноо тодорхойлох дээрх өгүүлбэрээс та бүхэн хэн бэ гэдгийг төсөөлөн таамаг дэвшүүлэн суугаа гэдэгт итгэлтэй байна. Түүнийг Д.Хадбаатар гэдэг. Тангараг өргөснөөс хойш 28 дахь жилдээ дэд ахлагчаас дэд хурандаа, гал сөнөөгчөөс ОБЕГ-т ахлах мэргэжилтэн хүртэлх албан тушаалыг хашиж явна.